/2021.12.06/ Өнөөдрийн байдлаар 40 орчим коин монголын крипто зах зээлд эргэлдэж байна гэх албан бус тоон мэдээ байна. Ойрын садан төрөл, найз нөхдөөсөө "баталгаатай, мөнгийг чинь өсгөнө өө" гэх үгийг сонсоод ИТГЭЛ дээрээ тулгуурлан хөрөнгө оруулалт хийдэг үү, эсвэл массаараа хөрөнгө оруулагчид болсон уу? Ямартай ч монголдоо бүртгэлтэй хэдэн биржээ "УЛАЙСТАЛ" нь шуурах нь тэр. Коин авах гэж байгаа бол төслийн багийг нь, вайтпэприйг нь сайтар судлаарай хэмээн энэ төрлийн зах зээлд туршлагажсан эрхмүүд анхааруулдаг.
КОИН ГАРГААД, ЦУГЛУУЛСАН МӨНГӨӨРӨӨ ТЭД ЮУ ХИЙХ ВЭ?
Манай улсад коин гэх ерөнхий тодотголоор арилжсан, арилжиж байгаа зарим коин, токены вайтпэприйг танилцуулъя.
1. Элф.коин токен
ГАРГАСАН ШАЛТГААН: Элф сургууль нь олон улсад салбартай болж, сургалтын төлбөрийн хэрэгслийг коиноор орлуулах юм. Ингэснээр элф коиныг хэрэглэгчдийн тоо ихэсч крипто зах зээлд өндөр үнэлгээтэй болно.
ЗАРЦУУЛАЛТ: Нийт 300 тэрбум ширхэг Elf.Coin байхаас олон нийтэд 50% буюу 150 тэрбум ширхэгийг нэгж үнэ 0.30₮-өөр худалдан авахыг санал болгосон.
Татан төвлөрүүлсэн хөрөнгийн 25%-ийг нь хөтөлбөр хөгжүүлэлтэд, 20% технологи хөгжүүлэлт, маркетинг, хүний нөөцийн тэлэлтэд тус бүр 15%, судалгаа, бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд тус бүр 10%, үндсэн дэд бүтцэд 6%-ийг зарцуулна.
БАГ, ХАМТ ОЛОН:
- Хамтран үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал Б. Нямаа: Сангийн яаманд ажиллах хугацаандаа “Самурай”, “Дим Сам”, “Мазаалай”, “Хуралдай”, “Гэрэгэ” бондуудыг гаргасан.
- Хамтран үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Б. Батжин: Tomujin Digital, Elf Hybrid Schools, Elf Nutrition, Elf Media байгууллагын захирал зэрэг удирдлагын баг нь таван захиралтай байна. Мөн Elf.Verse нэгдэлд нийт 210 гишүүд ажилладаг байна.
Дэлгэрэнгүй унших: ЭНД дарна уу
Сургууль бол байшин биш, хѳтѳлбѳр. Хосолсон хѳтѳлбѳр Монголын ѳнцѳг булан бүрд, хотын захаас орон нутгийн хүүхэд болгонд хүрэх аргачлал. Мѳн дэлхийн зах зээл рүү нэвтрэх тѳхѳѳрѳмж юм. 2022 онд бид Монголдоо, Ази номхон далайн орны сургуулиудад хѳтѳлбѳрѳѳ нэвтрүүлж сургуулиудын сүлжээгээ тэлнэ.
2. IZC коин
ГАРГАСАН ШАЛТГААН: Facebook, Instagram, Twitter, Google, Youtube, Wechat зэрэг бусад улс орны бүтээсэн олон нийтийн сүлжээ, платформуудыг ашигладаг учраас IZC токены хөрөнгө оруулалтаар Монголын анхны Нэгүн үндэсний олон нийтийн сүлжээ платформ төслийг төлөвлөн хэрэгжүүлнэ.
Нэгүн платформ дээрх хэсгүүдэд хувь хүн, албан байгууллага өөрсдийн мэдээлэл, бараа бүтээгдэхүүнээ төлбөр төлөн сурталчлах боломжтой бөгөөд тухайн төлбөрөөс оногдох цэвэр ашгийн тодорхой хувь нийт IZC эзэмшигч нарт ноогдол ашиг хэлбэрээр тараагддаг байна.
ЗАРЦУУЛАЛТ: "Нэгүн" үндэсний олон нийтийн сүлжээг бий болгох зорилготой хэмээн вайтпэпр дээрээ тусгасан байна. Фэйсбүүк, инстаграм гэх мэт цахим пларформтой зэрэгцэн гарч ирэх тухайн төсөл нь "Монгол Улсад үндэсний онцлог, тусгаар тогтносон, хараат бус байдлыг илэрхийлж, агуулсан олон нийтийн сүлжээ байхгүй байгаа ба бид бүхэн Facebook, Instagram, Twitter, Google, Youtube, Wechat зэрэг бусад улс орны бүтээсэн олон нийтийн сүлжээ, платформуудыг ашиглаж байна. Иймээс бид IZC-ийн хөрөнгө оруулалтаар Монголын анхны Нэгүн үндэсний олон нийтийн сүлжээ платформ төслийг төлөвлөн хэрэгжүүлнэ" гэжээ.
БАГ, ХАМТ ОЛОН:
- Миборни ХХК-ийн үүсгэн байгуулагч: Г.Ирээдүй /IZ/
- Миборни ХХК-ийн технологи хариуцсан захирал, ерөнхий нягтлан, ерөнхий менежер, график дизайнерийн баг, олон нийттэй харилцах албаны ажилчид,
- Хууль зүйн зөвлөгөө туслалцаа үзүүлсэн: Ц.Энхбадрал,
- "Аймар санаа" компаниас пи ар, медиа зөвлөх үйлчилгээ: Б.Амарсанаа
Дэлгэрэнгүй унших: ЭНД дарна уу.
3. ADMC
ГАРГАСАН ШАЛТГААН: Алтан дорнод Монгол компаниас гаргаж байгаа тус коины хөрөнгө оруулалтын нийт дүнгээр уул уурхай, үл хөдлөх хөрөнгө, хөдөө аж ахуйн төслүүдэд ашиглах юм.
ЗАРЦУУЛАЛТ: Дотоодын зах зээлд санал болгосон коины 85 хувийг нь зорилтот төсөл хөтөлбөрүүдэд зарцуулна. Үүнд: Хөдөө аж ахуйн салбарт хүнсний аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, худалдан авагч, бизнес эрхлэгчдийн хоорондын харилцаа, нууцлалыг нэмэгдүүлэх боломжоор хангаж иргэдэд эрүүл мэндийн шаардлагыг хангасан хүнсний бүтээгдэхүүн мөн эсэхийг блокчэйн технологи ашиглан бүрдүүлнэ. Түрээсийн бизнест: Smart contract ашиглан түрээслэгч, түрээслүүлэгчийн хооронд үүсэх харилцааг блокчэйн технологид суурилсан платформ хөгжүүлэх байдлаар шийдвэрлэнэ. Уул уурхайн салбарт хоёр төрлийн үйл ажиллагааг блокчэйнд суурилсан байдлаар хөгжүүлэхийг зорьж байгаа бөгөөд энэ нь цаасанд суурилсан уламжлалт арга барилыг бүхэлд нь өөрчлөх, уул уурхайн оролцогч талуудын хоорондын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, итгэлцэл үүсгэх боломжоор хангана.
БАГ ХАМТ ОЛОН:
- “Алтан Дорнод Монгол” ХХК -ийн Хувь нийлүүлэгч Т.Ганболд
- “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн · Гүйцэтгэх захирал Л.Өнөр
- Санхүүч, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан
- Эдийн засгийн ухааны доктор (Ph.D) профессор Ц.Даваадорж
- ADMC Блокчейн зөвлөх Ф.Габриэл
- Олон улсын хуульч (PJ.D) Ж.Оймандах
- Хуульч, эрх зүйч Т.Бат-Оргил
- ADMC төслийн медиа зөвлөх Г.Анархүү
- ADMC Төслийн байгаль орчин, ногоон хөгжлийн зөвлөх И.Бямбахүү
- ADMC төслийн технологийн багийн ахлах Г.Мөнх-Эрдэнэ
Дэлгэрэнгүй унших: ЭНД дарна уу.
4. SPC токен
ГАРГАСАН ШАЛТГААН: SPC нь Storepay үйлчилгээний үндсэн төлбөрийн хэрэгсэл бөгөөд 140,000 гаруй Storepay хэрэглэгчдийн, 1,000+ гаруй гэрээт байгууллагуудаас хийгдэж буй худалдан авалтад, мөн худалдан авалтын буцаан олголт, цоо шинэ үйлчилгээнүүд болох SPC wallet, SPC savings үйлчилгээнд ашиглагдана.
ЗАРЦУУЛАЛТ: IEO-ээс татан төвлөрүүлсэн нийт хөрөнгө нь Storepay үйлчилгээний Монгол дахь зах зээлийн өргөжин тэлэлтэд зарцуулагдах бөгөөд нийт татан төвлөрүүлэх хөрөнгийн 90% буюу 16.2 тэрбум төгрөг эргэлтийн хөрөнгө хэлбэрээр, 6% буюу 1.08 тэрбум төгрөг платформын шинэчлэлт хөгжүүлэлтэд, 4% буюу 0.7 тэрбум төгрөг маркетинг идэвхжүүлэлтэд төлөвлөгдсөн.
БАГ ХАМТ ОЛОН:
- Н.Хангал: Стор Пэй ХХК Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал
- Жийл Гурьер Де Думаст: Стор Пэй Холдинг Сингапур ТУЗ-ын гишүүн
- Алберт Момдиан: Стор Пэй Холдинг Сингапур ТУЗ-ын гишүүн
- П.Сэлэнгэ: Стор Пэй Холдинг Сингапур ТУЗ-ын гишүүн
- Д.Ачит-Эрдэнэ: Стор Пэй Холдинг Сингапур ТУЗ-ын гишүүн
- Сэсилиа Баррадас: Стор Пэй Холдинг Сингапур ТУЗ-ын нарийн бичгийн дарга
- Б.Даваажав: Стор Пэй ХХК Хуулийн зөвлөх, Өмгөөлөгч
Дэлгэрэнгүй унших: ЭНД дарна уу.
5. 9911coin
ГАРГАСАН ШАЛТГААН: Алтан Бумба санхүүгийн нэгдлийн шинэ цахим мөнгө юм. Монголчуудын хувьд үнэ цэнэтэй гэлцдэг 9999, 9911, 9910, 8888, 8810 зэрэг дугаарыг барьцаалан шуурхай зээл олгодог тухайн байгууллагын гаргаж буй уг коин нь дээрх дугаарын зах зээлийн үнэ цэнтэй шууд уялдаатай байна.
ЗАРЦУУЛАЛТ: Бүх төрлийн зээлийг дэмжих, үнэт зүйлсээ зарах дуудлага худалдааг зохион байгуулах, и-спорт болон мянган мод тарих зэрэг хөдөлгөөнийг дэмжин оролцоно.
БАГ ХАМТ ОЛОН: Вайтпэпр дээрээ баг хамт олны талаар дэлгэрэнгүй дурдаагүй байв. Алтан бумба санхүүгийн нэгдэл ХХК-иас гаргаж байгаа.
Дэлгэрэнгүй унших: ЭНД дарна уу
Эцэст нь, та бүхэн коин болон токен гэх нэршлийг олон сонссон байх. Энэ хоёр нь угтаа өөр зориулалттай эд юм. Коин токений ялгааг тайлбарлавал:
Коин /зоос/
Алткоин гэвэл коиныг яг үүнтэй адилаар коин гэвэл алткоины тухай ярьж байна гэж ойлгож болно. Ихэнхи алткоин нь Биткоины шинэ хувилбар /fork–сэрээ/ юм. Алткоин нь Биткоины нээлттэй, анхдагч протоколын зарим кодыг өөрчлөх замаар үүссэн Биткойноос өөр шинэ боломжууд бүхий коин. Жишээ нь: Namecoin, Peercoin, Litecoin, Dogecoin and Auroracoin г.м.
Тухайн программын протоколд өөрчлөлт хийх үед анхдагч блокчэйнд сэрээ буюу салбарлалт үүсдэг. Үүний үр дүнд шинэ коин буюу зоос бий болно.
Мөн Биткоины нээлттэй эх үүсвэр бүхий протоколоос салбарлан гараагүй өөр коинууд байдаг. Тэд өөрийн мөнгийг дэмжсэн ӨӨРСДИЙН гэсэн блокчэйн ба протоколтой.Жишээ нь: Ethereum, Ripple, Omni, Nxt, Waves гэх мэт.
Токен /жетон/
Token буюу жетон нь ямар нэгэн блокчэйн дээрх актив буюу хөрөнгийн илэрхийлэл юм. Токеноор ямар ч төрлийн харилцан солилцож болох үнэ цэнэ бүхий хөрөнгийг төлөөлүүлж болно. (Жетон гэдэг нь франц үг бөгөөд зоосон мөнгийг орлох дугуй хэлбэрийн металл эсвэл пластикийг нэрлэдэг.)
Шинэ токенийг бий болгохын тулд Ethereum эсвэл өөр аль нэгэн өөр блокчэйны загварыг ашиглаж болно. Ethereum блокчэйны ERC-20 стандарт загвар байдгаас одоогоор 40 гаруй токенийг гаргахад ашиглаад байна.
Токенийг тодорхой төслийг санхүүжүүлэх эх үүсвэрийг босгохын тулд ICO хийх замаар нийтэд санал болгож зардаг. Токенийг худалдаж авснаар тухайн этгээд уг төсөлд хөрөнгө оруулагч болно.
Эх сурвалж: Крипто Доогтэр