Иргэн Ч.Зоригт: Хөхөө өвлийн хүйтэнд ач зээгээ чирээд БИ ХААЧИХ ЮМ БЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Иргэн Ч.Зоригт: Хөхөө өвлийн хүйтэнд ач зээгээ чирээд БИ ХААЧИХ ЮМ БЭ

Сонгинохайрхан дүүргийн 16-р хорооны оршин суугч Ч.Зоригт

Д.Буянгэрэл гэх эмэгтэй нь Сонгинохайрхан дүүргийн 16-р хороонд байрлах 33 дугаар байрны 114 тоотод оршин суугч Ч.Зоригтын байрны ордерыг залилан авч, банк бус санхүүгийн байгууллагаас 50 сая төгрөгийн зээл авчээ. Өнөөдөр Ч.Зоригт болон түүний хөгшин Баадай нар хөхөө өвлийн хүйтэнд байрнаасаа хөөгдөх дээрээ тулаад байна. Бид энэ талаар гэрийн эзэн Ч.Зоригтоос тодрууллаа.

-Энэ хэрэг яагаад гарчихав аа. Та энэ талаар эхнээс нь тайлбарлахгүй юу?

-Манай хөгшин Р.Байдаа бид хоёр 1975 онд гэр бүл болсон. Хөгшин маань "Хотын барилга трест"-д насаараа ажилласан хүн байдаг. Тус газраас энэ байрыг өгч өнөөдрийг хүртэл амьдарч байна.

2014 онд Буянгэрэл гэдэг эмэгтэй манай хөгшин дээр ирээд байрыг чинь 6 сарын хугацаатай банканд барьцаалж зээл авчхаад буцаагаад аваад өгье гэж хэлээд 50 сая төгрөгийн зээл авсан. Үүнийг нь би 2 жилийн дараа мэдсэн л дээ. Учир нь тэр эмэгтэй тухайн үед зээлийн хүүгээ төлж байсан юм байна лээ. Харин дараа нь зээлээ ч төлөхгүй алга болсон гэхэд нь надад хэлсэн.

Урт цагааны ойролцоо байдаг Банк бус санхүүгийн байгууллагын ажилтан Туул гэдэг хүн Буянгэрэлд “нэг байрны ордер аваад ир. Тэгвэл би чамд зээл гаргаад өгье” гэж хэлсэн юм шиг байна лээ. Тэр хоёр хоорондоо найз гэсэн.

-Танай хөгшин Буянгэрэл гэдэг хүнийг яаж таньдаг байсан юм бэ?

-Тэдний манай хоёр гэр бүл өмнө нь нэг газар амьдардаг байсан эртний танилууд. Буянгэрэлийг сургуульд явдаг жаахан хүүхэд байхаас нь мэднэ.

-Танай хөгшинд яг юу гэж хэлж байрны ордерийг тань авсан бэ?

-“Урдаас нэг тоног төхөөрөмж авах гэж байгаа юм. Мөнгө дутаад байна. Танай байрыг барьцаалж зээл авчхаад буцаагаад төлөөд өгье” гэж хэлсэн. Манай хөгшин итгээд байрны ордероо өгчихсөн. Авсан 50 сая төгрөгийн зээл нь одоо хүүтэйгээ нийлээд 75 сая төгрөг болчихсон байгаа. Банк бус санхүүгийн байгууллагынхан Буянгэрэлийг “олдохоосоо өнгөрсөн. Та нар одоо байраа суллаж өг” гээд байгаа юм.

Ч.Зоригт гуайн хөгшин Р.Баадай

-Буянгэрэл гэдэг хүний аав ээжтэй холбогдсон уу? Тэд нар юу гэж байх юм бэ?

-Холбогдолгүй яах вэ. Сүүлдээ намайг бүр гэртээ оруулахаач байсан. Уг нь бид нар их гайгүй найзууд байсан юм. Охиныхоо хаана байгааг мэдэхгүй гээд байгаа. Үгүй шүү дээ. Хамгийн сайн мэдэх хүмүүс нь тэд нар. Нуугаад огт хэлэхгүй байгаа. Буянгэрэлийн аав ээж, ах дүү нар манай байрны 7 давхарт амьдардаг. Бүгдээрээ л 4,5 өрөө байртай. Манайхыг бодвол хөрөнгөтэй айл. Гэтэл миний энэ муу жижигхэн байрыг хурааж авна гээд дайраад байна.

Ах дүү нараас нь асуухаар “Танайхыг юу гэж байргүй болгох вэ дээ ах минь. Буянгэрэл нэг юм бодож яваа байх” гэдэг.

-Та төрийн байгууллагуудад хандаж энэ тал дээр туслалцаа хүсэж үзэв үү?

-Надад хандаагүй газар гэж байхгүй. Хөлөө хүрэх газар хүртлээ явна гэдэг чинь л энэ байх. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг хөхөө өвлийн хүйтэнд талбай дээр жагсаж байхад би тэнд явж л байсан. Энэ намар УИХ-ийн гишүүн асан С.Жавхлан талбай дээр жагсаал хийхэд хүртэл очиж учир байдлаа тайлбарласан.

Дээд шүүх, Ерөнхий сайд, хүний эрхийн байгууллагад бүгдэд нь хандсан ч та хэвлэл мэдээллийн байгууллагад хандаад хандив тусламж цуглуулах гээд үз гэсэн. Суулт хийе гэхээр намайг хөгжлийн бэрхшээлтэй хүн гээд зөвшөөрдөггүй. Яах учраа олохгүй арга мухардчихаад байна.

-Тухайн иргэнд залилуулсан талаар цагдаагийн байгууллагад хандсан уу?

-Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт Буянгэрэлийг дагуулаад очсон чинь маргааш нь явуулчихсан байсан. Яагаад гэсэн чинь “Наад эмэгтэй чинь өрөө төлнө гэж байна” гэж хэлсэн.

Улсаас хоёр удаа өмгөөлөгч өгсөн ч эхний өмгөөлөгч болох Ганзориг гэх хүн “Энэ хэргийг яаж ч болохгүй юм байна. Хэчнээн хөөцөлдсөн ч цаанаа том хүмүүстэй, би дийлэхгүй юм байна” гэж хэлээд больсон. Дараа нь Өнөрбаяр гэдэг өмгөөлөгчийг гаргаж өгсөн ч мөн л “Би таныг нэг л удаа өмгөөлж өгнө” гээд бас больчихсон.

Байрнаасаа гарахгүй байх бүхий л аргыг хайж 6, 7 жил энэ асуудлаар хөөцөлдөж байна. Хэрэв “байрыг чинь хурааж авна” гээд хүрээд ирэх юм бол би шууд амь насаараа дэнчин тавина.

-Хэрвээ Буянгэрэл гэх эмэгтэй зээлээ төлөхгүй бол та нарт ямар эрсдэл бий болоод байна вэ?

-Манай хөгшин бид хоёр тэтгэвэр гэж тус тус 350 мянган төгрөг авдаг. Асаргаа эмчилгээний мөнгө гэж 60 мянган төгрөг авдаг. Үүнээс өөр орлого байхгүй. 50 сая байтугай 5 сая ч үгүй хүн яаж тэр хүний авсан зээлийг дарж чадах вэ дээ. Байраа авч үлдэхийн тулд амь насаараа дэнчин тавихаас өөр ямар ч аргагүй болчхоод байна. 50 гаруй жил энэ байранд амьдарсан. Байгаа ганц хөрөнгө маань энэ. Цагдаа сэргийлэхээс ирээд энэ байрыг хураана гэхэд манай хөгшин хоёр удаа харвасан. Үүний улмаас толгойдоо төмөр суулгуулсан. Би нугас нурууны гэмтэл аваад 20-иод жил болж байна. Цагаан нугас тасарсан учраас 4 мөч мэдээгүй байдаг.

“50 сая төгрөг байхгүй бол та байраа суллаж өг. Дуудлага худалдаагаар зарж мөнгөө олж авна” гээд байгаа юм.

Би 4 хүүхэдтэй ч том хүү маань өнгөрсөн жил нас барчихсан. Хүүгийн минь хүүхдүүд бид хоёр дээр байдаг юм. Хөхөө өвлийн хүйтэнд 6 ач зээгээ чирээд би хаачих юм бэ.

Нийслэл хотод шилжин суурьшигчдын дийлэнх нь залуучууд байна
Нийслэл хотод шилжин суурьшигчдын дийлэнх нь залуучууд байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.