/2021.11.29/ Монголын хөрсөнд тарьж ургуулсан будаа хэрэглэгчдийн гар дээр очиход бэлэн болжээ. "Монгол тутарга" цагаан будааг Баянхонгор аймгийн Баянлиг суманд тарьж ургуулсан байна. Арван жилийн судалгааны үндсэн дээр монголдоо будаа тарих зорилго тавьж энэ онд ургацаа хураасан нь энэ юм.
Жимекс компанийн ерөнхий захирал Ж.Ганбат:
Өнөөдөр бидний ургацын баяр болж байна. Нөгөө талаас, эрдэмтдийн үгийг сонсох, монголдоо будаа ургуулах боломжтой эсэх, хөгжүүлэлт, зах зээлээ хэрхэн бэлдэх, нийгэм, эдийн засаг, байгальд ямар үр нөлөөтэй зэрэг олон ЯАГААД асуултад хариулт өгөхийн тулд энэхүү арга хэмжээг зохион байгууллаа.
Арван жилийн хугацаанд хийсэн ажлынхаа үр шимийг хүртэж байгаадаа баяртай байна.
Цагаан будааны чанарын хувьд хэрвээ 1-10-ын хооронд үнэлдэг бол манай будаа эхний гуравт орохоор сайн чанартай. Монголд тарьж байгаа будааг атар газар тариалж байгаа тул энэ нь дээд зэрэглэлийн будаа гэж хэлж болно. Бид чанарыг эрхэмлэж ажиллаж байгаа.
2000 онд нэг Монгол хүний цагаан будааны хэрэглээ нэг сард 1кг байсан бол,
2020 онд нэг сарын хэрэглээ 2кг болсон. Энэхүү зах зээлийг хангахын тулд ойролцоогоор 20 мянган га газар будаа тариалах хэрэгтэй байна. "Монгол тутарга" цагаан будааг 2022 оноос худалдаанд гаргана гэв.