Нийслэлийн иргэдийн 27,3 хувь нь нэмэлт тунд хамрагджээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлийн иргэдийн 27,3 хувь нь нэмэлт тунд хамрагджээ

/2021.11.22/: Коронавирусийн вакцинжуулалтын явц хийгээд нэмэлт III тунгийн ач тус, дархлаажуулалтын цэгийн байршлын талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийг дэмжих төвийн Нийтийн эрүүл мэндийг дэмжих хэлтсийн дарга О.Энхзаяатай ярилцлаа.

-Нэмэлт III тунгийн вакцинжуулалтын явц нийслэлд хэдэн хувьтай байна вэ?

-Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын нэмэлт тун буюу III тунг наймдугаар сараас хийж эхэлсэн. Эхний ээлжид хариу арга хэмжээний баг буюу ОБЕГ, ЦЕГ-ын албан хаагчид болоод эрүүл мэндийн салбарт ажиллагсад маань нэмэлт тунд хамрагдсан. Харин иргэдийн хувьд эхэн үедээ хойрго хандаж байсан бол сүүлийн үед III тундаа идэвхтэй хамрагдаж байна. Өмнө нь өдөрт 2000 орчим хүн нэмэлт тун хийлгэж байсан бол одоо 4000 гаруй иргэн вакцинд хамрагдаж байгаа. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 293 мянга гаруй хүн нэмэлт тунд хамрагдсан. Энэ нь нийслэлийн хүн амын 27.3 хувь юм.

-Нэмэлт тунгийн вакцинжуулалтад 2-3 төрлийн вакцинаас сонгож хийлгэж байгаа. Бүрэн тундаа синофарм хийлгэсэн хүмүүс III тундаа файзер хийлгэх гэхчлэн солбиж хийлгэх нь зүгээр үү?

-Тухайн иргэн вакцины нэг, хоёрдугаар тунд ямар ч вакцин хийлгэсэн байсан III тундаа синофарм, файзер вакцины аль нэгийг сонгож хийлгэх боломжтой. Вакцин гэдэг бол хүний биед орж буй амьд зүйл гэдэг утгаараа хариу урвал илрэх нь бий. Товлолын вакцин хийлгэхэд хүүхдүүдэд хариу урвал илэрдэг. “Ковид-19”-ийн вакцины урвал ч яг адилхан. Эхний хоёр тунд хариу урвал илрээгүй ч III тунд илэрч болно.

-III тунгийн дархлаажуулалтад “Ковид-19”-өөр өвдсөн хүмүүс ч хамрагдах боломжтой. Тэдгээр хүмүүс өвдсөнөөсөө хойш хэдий хэр хугацааны дараа III тунг хийлгэвэл зохистой вэ?

-Эрүүл мэндийн сайдын тушаалд зааснаар “Ковид-19”-өөр өвдсөн хүмүүс эдгэрээд 21 хоногоос дээш хугацаа өнгөрсөн бол нэмэлт тунд хамрагдах боломжтой.

-Вакцины цэгүүд хаана, хаана ажиллаж байгаа вэ. Суурин болон түр цэгүүдийн цагийн хуваарийн талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Дүүрэг бүрд 2-5 суурин цэг, нийслэлд нийтдээ 31 суурин цэг тогтмол ажиллаж байгаа. Явуулын багийн тоо 40 орчим байгаа бөгөөд 70 болон түүнээс олон ажиллагсадтай байгууллага, аж ахуйн нэгжид очиж үйлчилж байна. 40-50 хүнтэй байсан ч захиалга өгвөл очиж дархлаажуулалт хийж байгаа. Дүүргүүд дэх суурин цэгүүд 09:00-20:00 цагийн хооронд байнга ажиллана.

Түүнчлэн өнгөрсөн долоо хоногоос эхлэн томоохон зах, худалдааны төвүүд, оюутны байруудад вакцин хийж эхэлсэн. Нийтдээ 24 түр цэгийг байгуулж, нэмэлт тунгийн дархлаажуулалт хийж байна. Тэдгээр цэгүүд тухайн зах, худалдааны төвийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Мөн их, дээд сургуулиуд дээр дархлаажуулалтын цэг ажиллуулж байгаа. МУИС, МЗХ дээр цэг ажиллуулж байсан бол ШУТИС, ХААИС-д вакцинжуулалтын цэг нээж байна.

-Хороо, дүүрэг хамаарахгүй вакцин хийлгэх боломжтой гэж ойлгож байгаа. Зөв үү?

-Зөв. Харьяалал хамаарахгүй өөрт ойр байршилдаа вакцинд хамрагдах бүрэн боломжтой. Оршин суугаа хаяг болон ажлын газрын хаяг хамаарахгүй, ойрхон газартаа очиж, дархлаажуулалтад хамрагдаарай гэж хүмүүст хэлье.

-Суурин болон түр цэгүүдэд биечлэн очих боломжгүй хүмүүст хэрхэн үйлчилж байна вэ?

-Ахмад настан, хэвтрийн хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэхчлэн гэрээс гарах боломжгүй хүмүүст явуулын багийнхан гэрт нь очиж үйлчилгээ үзүүлж байгаа.

-Жирэмсэн болон хөхүүл эхчүүд дархлаажуулалтад хэрхэн хамрагдах вэ?

-13-33 долоо хоногтой жирэмсэн эхчүүдийг дархлаажуулалтад хамруулж байгаа. Тэр хооронд эхний хоёр тунг хийлгэх боломжтой. Харин амаржсан эхчүүдийн хувьд төрснөөс хойш 32 долоо хоносны дараа нэмэлт тунд хамрагдах боломжтой. Нэг тун аваад дахин вакцин хийлгээгүй бол дахиад бүрэн тун хийлгэнэ гэсэн үг.

-Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын хүрэлцээ, хангамж хэр байна вэ?

-Эрүүл мэндийн сайд, Шадар сайдаас чиглэл өгсний дагуу вакцинаторын тоог нэмэгдүүлэн ажиллаж байна.

-Нэмэлт тунг хийлгэхийн ач холбогдол юу вэ?

-Коронавируст халдвар бол дэлхийн нийтийн хэмжээнд шинэ тутам тулгамдсан асуудал. Тиймээс ч хөгжингүй орнуудад байнгын судалгаа, шинжилгээ хийж байгаа. Эрдэмтэн, судлаачид нэгдүгээр тунг хийхэд ямар нөлөө үзүүлэх нь үү, хоёрдугаар тун хийлгэсэн хүмүүст хэдий хэр хугацаанд дархлал тогтож байна гэхчлэн судалсаар байгаа. Бүрэн тун буюу нэг, хоёрдугаар тунг хийлгэсний дараа 6-8 сарын хугацаанд дархлаа сайн байгаа ч түүнээс дээш хугацаанд дархлаа буурч байгааг тогтоосон. Тиймээс нэмэлт тун зайлшгүй шаардлагатай.

Сүүлийн өдрүүдэд коронавируст халдварын тохиолдол буурч байгаа. Энэ бол вакцинжуулалтад хамрагдсаны үр нөлөө юм. Тиймээс аль болох түргэн хугацаанд халдварын тархалтыг бууруулахыг зорьж байгаа учир иргэд маань вакцины нэмэлт тундаа идэвхтэй хамрагдаарай. Нөгөөтээгүүр тухайн иргэн нэгдүгээр тун хийлгэсэн ч хоёрдугаар тунд хамрагдахгүй гурван сар болчихсон бол огт вакцин хийлгээгүйтэй адил гэж үзэж байгаа. Эрүүл мэндийн сайдын тушаалд ч ийм тохиолдолд бүрэн тунд дахин хамруулахаар заасан байдаг. Тэгэхээр иргэд вакциндаа цаг хугацаанд нь идэвхтэй хамрагдаарай.

Эх сурвалж: НЗДТГ

Хүнсний дэмжлэг үзүүлэх үйлчилгээг цахимжуулснаар 4,8 тэрбум төгрөг хэмнэнэ
Хүнсний дэмжлэг үзүүлэх үйлчилгээг цахимжуулснаар 4,8 тэрбум төгрөг хэмнэнэ
 
Засгийн газрын хуралдаанаас гаргасан ШИЙДВЭР
Засгийн газрын хуралдаанаас гаргасан ШИЙДВЭР
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.