/2021.11.16/: “Монгол-Кубын найрамдлын нэрэмжит гольфын тэмцээн”-ийг 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Кубын Матанзас мужид орших Варадеро аялал жуулчлалын бүсэд амжилттай зохион байгуулав.
Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Элчин сайдын яамнаас санаачлан “Варадеро гольфын клуб”-тэй хамтран зохион байгуулсан тус арга хэмжээнд Куба, Аргентин, Боливи, Британи, Вьетнам, Гамби, Герман, Испани, Катар, Лаос, Малайз, Нигери, Нидерланд, Норвег, Өмнөд Солонгос, Уругвай, Франц, Энэтхэг зэрэг 19 орны 46 тамирчин онч мэргэн цохилтоороо өрсөлдөж, 28 орны дипломатууд оролцлоо.
Элчин сайд Ш.Батцэцэг тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ 61 жилийн түүхтэй Монгол, Кубын найрамдлыг бэлгэдсэн энэхүү арга хэмжээний үеэр олон орны тамирчид спортоор дамжуулан танилцаж, нөхөрлөхийн зэрэгцээ Монгол орноо сурталчлах томоохон үйл ажиллагаа болж байгааг тэмдэглэв.
ЭСЯ-наас нийт тамирчдад монгол үндэсний зоог барьж, Монгол орны талаар танилцуулга хийсэн нь тэмцээнд оролцогчдын талархлыг хүлээлээ.
Дэлхийн өнцөг булан бүрээс жил бүр 4 сая гаруй жуулчин зорин очдог Карибын тэнгисийн бүс нутагт орших байгалийн үзэсгэлэн бүрдсэн Варадеро аялал жуулчлалын бүс нь Куба улсын аялал жуулчлалын тулгуур болон хөгжиж буй газар юм.
Эх сурвалж: ГХЯ