/2021.11.15/ Он гарсаар гол, нуурын мөс цөмөрсөн нийт 8 удаагийн дуудлага бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 8 иргэний амь насыг авран хамгааллаа.
Харин энэ сард Архангай аймгийн Түвшрүүлэх, Завхан аймгийн Яруу, Хөвсгөл аймгийн Арбулаг, Цагаануур сумын нутагт гол, нуурын мөс цөмөрсөн тохиолдлын улмаас 3 иргэн амь насаа алдсан байна.
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 11, 12 дугаар сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна.
Мөн жижгэвтэр голуудын дагууд нимгэн мөсөн бүрхүүл тогтож шингэн зайр гүйх үзэгдэл ажиглагдаж эхэлсэн ч бусад томоохон голууд хөлдөж эхлээгүй байна.
Олон жилийн дунджаас дулаан байгаатай холбоотойгоор гол, мөрөн, нууранд мөсөн бүрхүүл тогтох хугацаа оройтох, мөсний даац хүн, мал, машин, техник хэрэгслээр зорчиход аюулгүй хэмжээнд хүрч бэхжихээгүй байгааг анхааруулж байна.
Эх сурвалж: ОБЕГ