/2021.11.15/: МҮХАҮТ-ын дэргэдэх "Бизнесийн ёс зүйн төв"-өөс Транспэрэнси Интернэшнл ТББ, Рио Тинто Монгол ХХК-тай хамтран хэрэгжүүлж буй "Бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх төсөл"-ийн хүрээнд "Ёс зүй-Тогтвортой бизнес" дижитал аяныг эхлүүллээ.
Аянаар бизнесийн ёс зүй, шударга байдлын тухай олон нийт болон бизнес эрхлэгчдийн ойлголтыг нэмэгдүүлэх, мэдлэгийг дээшлүүлэх, ёс зүй, шударга байдал нь бизнесийн урт хугацааны амжилт, ашигт ажиллагаа болон өрсөлдөх чадварыг хэрхэн дээшлүүлдэг тухай болон компаниуд дотоод үйл ажиллагаандаа хэвшүүлж болох сайн туршлагуудыг бүтээлч байдлаар таниулахыг зорьж байна.
2021 оны 11 дүгээр сарын 15-30-ны хооронд өрнөх дижитал аяны хүрээнд хэвлэл мэдээллийн байгууллагууд болон олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулан бизнесийн ёс зүйн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, ёс зүйтэй бизнес эрхлэгч болоход сэдэлжүүлэх контентуудыг хүргэх бөгөөд “Бизнесийн ёс зүйн төв”-ийн сошиал сувгуудаар мөн түгээх юм.
МҮХАҮТ-ын дэргэдэх "Бизнесийн ёс зүйн төв"-өөс "Бизнесийн ёс зүй, шударга байдлын сургалт, зөвлөх үйлчилгээний хэрэгцээг тодорхойлох судалгаа"-г нийт 100 гаруй аж ахуй нэгжийн дунд явуулсан бөгөөд судалгааны дүнгээс харахад бизнесийн ёс зүйн нэгдсэн ойлголт дутмаг, оролцогчдын 30-40 хувь нь ёс зүйн дүрэм болон гэрээнүүддээ авлигын эсрэг заалттай, шүгэл үлээх механизмтай боловч дийлэнх ААН-ийн үйл ажиллагаанд авлига, залилан, луйвар, хөрөнгө завших, ашиг сонирхлын зөрчил зэрэг асуудлууд тодорхой хэмжээнд нөлөөлж байна гэж хариулжээ.
Тиймээс урт хугацаанд
- Бизнесийн байгууллагын авлигаас урьдчилан сэргийлэх, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх дотоод хяналтыг сайжруулах
- Бизнесийн түншүүд, хамтрагчидтайгаа шударга, ил тод, харилцан ашигтай хамтран ажиллаж ёс зүй, шударга байдал, итгэлцэл, үнэт зүйлсэд тулгуурласан амжилттай, урт хугацааны тогтвортой бизнесүүд бий болгох талаар зөв ойлголт мэдээллийг түгээж, хариуцлагатай аж ахуйн нэгж, бизнесүүдийг бий болгох шаардлагатай байгаа учраас "Ёс зүй-Тогтвортой бизнес" аяныг өрнүүлж байна.
Эх сурвалж: МҮХАҮТ