/2021.11.15/: Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж:
-Нийслэлийн хэмжээнд 45 дахь долоо хоног буюу өнгөрсөн долоо хоногт халдварын тархалт буурч, өдөртөө 1191 батлагдсан тохиолдол бүртгэгдэж байна. Эмнэлэгт хэвтэгсэд болон гэрээр эмчлүүлэгсдийн тоо, хүнд болон хүндэвтэр хүмүүсийн тоо ч мөн буурч байгаа.
Орны эргэлтээс харахад эмнэлгээс гарч буй иргэдийн тоо хэвтэж буй иргэдээсээ олон болж байна. Өдөртөө 700 гаруй хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Өнөөдрийн байдлаар Баянголд 5, Баянзүрхэд 4, Сүхбаатарт 6, Чингэлтэйд 5, Сонгинохайрханд 10, Хан-Уул дүүрэгт 11 тандалт хариу арга хэмжээний баг 24 цагийн үйл ажиллагаа явуулж байна.
Нэмэлт тунд оюутан залуус болон соёл урлаг, хүнс үйлдвэрлэлийн байгууллагынхан идэвхтэй оролцож байна. Одоогоор 22 их дээд сургуулийн 2881 оюутан, 87 байгууллагын 8597 хүн хамрагдсан. Вакцинжуулалтын багийнхан гэрийн асаргааны 1139 хүнд дархлаажуулаад байна гэлээ.
Нийслэлийн нийт хүн амын 71.2 хувь нь бүрэн тунд хамрагдаж, нэмэлт буюу бүүстер тунд 262.284 хүн хамрагджээ. Тээврийн цагдаагийн албаны нийт алба хаагчдын 91 хувь, Онцгой байдлын албаны ажилтан, алба хаагчдын 84.5 хувь нь нэмэлт тунд хамрагдаад байгаа юм. Нэмэлт тунд хамрагдаж буй хүмүүсийн тоог нэмэх үүднээс МЗХ-ны байранд байнгын вакцинжуулалтын цэг нээсэн бөгөөд үндэсний үйлдвэрлэгч “Эхлэл” брэндийнхэн тэнд үйлчлүүлэгсдийн дунд сугалаа явуулж, гар утас бэлэглэж байгаа зэрэг идэвхжүүлэлт хийснийг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга тодотгосон. Гэвч нэмэлт тунгийн хамрагдалт хангалтгүй байгаа юм.
Нийслэлийн нийт хүн амын 50 болон түүнээс дээш хувь нь нэмэлт тунд хамрагдчихвал улбар шар түвшнээс шар түвшинд шилжиж, хэвийн амьдралд орох боломж нээгдэнэ гэдгийг Хотын дарга тодотголоо.
Тэрбээр “Сүүлийн хоёр жилийн турш ердийн амьдралын хэмнэл алдагдаж, тэр дундаа хөгшид буурлуудаа үндэсний баяраар баярлуулж чадалгүй, зарим нь хорвоогоос буцаж байгаа нь юутай харамсалтай. Залуучууд нэмэлт тунд хойрго хандаж байгаагаас улбар шар түвшнээс ахиж чадахгүй байгааг хойшид анхааръя. Дэлхийн улс орнуудад нэмэлт тунгүй олон орон бий. Бүрэн тундаа ч бүрэн хамрагдаагүй, вакцин мөрөөдөж суугаа сая сая хүмүүс байна. Гэтэл бид хэд хэдэн төрлийн вакцинаас сонгон тариулж байгаа. Давуу талаа давуу тал гэж хардаг болъё. Боломжоо ашиглаж, нийслэлээрээ шар бүс рүү тэмүүлцгээе” хэмээн уриаллаа.
Эх сурвалж: НЗДТГ