/2021.11.12/ УИХ-ын өнөөдрийн нэгдсэн чуулганаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийг эцэслэн баталлаа.
УИХ-ын дарга Г.Занданшатар, "Ирэх онд төрийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын ажлын ачааллыг нягтруулах, чиг үүргийг оновчтой хуваарилах зорилгоор тодорхой зохицуулалт хийнэ. Ялангуяа Тавантолгой, Эрдэнэт үйлдвэрийн үр бүтээмж, засаглалыг сайжруулах нь ирэх жилийн төсвийн хамгийн том зорилт юм.
Төрийн үйл ажиллагааг 100 хувь цахимжуулж, бүх шатны төрийн байгууллагын сургалт, семинар, хурал, зөвлөгөөн зохион байгуулах, албан хаагчийг мэргэшүүлэх арга хэмжээг цахимаар зохион байгуулахаар ирэх оны төсөвт тусгасан.
Зарим төрлийн зардлыг 50-100 хувь хязгаарлана. Төсвийн зарлагын чиглэлээр төр зардлаа хэмнэх, оновчтой байдлаар дахин хуваарилах зэргээр бүх шатны төсвийн байгууллагууд хэмнэлтийн горимд шилжиж ажиллахаар ирэх оны төсөвт тусгагдсан. Энэ жил Авлигатай тэмцэх газар 90 тэрбум төгрөгийг авлигын орлогоос хуримтлууллаа. Энэ нь төсвийн төсвийн үр ашгийг сайжруулах хичнээн хэмжээний нөөц боломж байгааг харуулж буй бодит жишээ юм" гэв.