/2021.11.09/: Вьетнамын анхны хот суурин газрын төмөр зам болох БНХАУ-ын дэмжлэгтэй ойролцоогоор 900 сая долларын өртөгтэй төсөл нь аюулгүй байдлын шалгалт, шаардлагыг баталгаажуулахын тулд удаан хугацаагаар хойшлуулсны эцэст өнгөрсөн бямба гаригт Ханой хотод нээлтэй хийж, ажиллаж эхэлсэн байна.
2011 онд баригдаж эхэлсэн Ханой метроны 2А шугам нь Ханой хотын төв хэсэгт орших Кат Линх, Ен Нгиа хоёрын хооронд 13 км, 12 өртөө бүхий төмөр замын шугам юм. Вьетнам улс Хятадын хөгжлийн албан ёсны тусламжаар төслийн ихэнх зардлыг төлсөн байна.
Хятадын Төмөр замын группын охин компани болох China Railway Sixth Group нь уг шугамын инженерчлэл, худалдан авалт, барилгын ажлыг хариуцан ажиллажээ.
Галт тэргэнд сууж явсан 55 настай Ханой хотын нэгэн иргэн "Би энэ өдрийг удаан хүлээсэн. Хотоор явахад илүү тухтай болно гэж бодож байна" гэжээ.
Галт тэрэг бүр дөрвөн вагоноос бүрдэх ба 900 орчим зорчигч тээвэрлэх хүчин чадалтай. Галт тэрэгний хамгийн дээд хурд нь 80 км/цаг. Бүх шугамыг туулахад ойролцоогоор 23 минут зарцуулна.
Уг нь тус төмөр замыг 2015 онд арилжааны үйлчилгээнд оруулахаар төлөвлөж байсан юм. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, барилгын төлөвлөгөөг 12 удаа дахин үнэлж, бүх барилга байгууламж баригдаж дууссан ч аюулгүй байдлын шалгалт нь хоёр жил гаруй үргэлжилсэн байна.
Шугам дээр нэг удаагийн зорчих тасалбар нь 40-70 центийн үнэтэй байх ажээ. Ханой хотын захиргаа эхний 15 хоногт иргэдэд үнэ төлбөргүй үйлчилэхээр болжээ.
Вьетнам улс хотын төмөр замын бусад төслүүд дээр ажиллаж байна. Вьетнамын өмнөд худалдааны нийслэл Хо Ши Мин хотод Хитачи болон Японы бусад компаниуд төмөр зам барих ажилд тусалж байгаа бол Ханойд өөр нэг компани Франц болон Азийн хөгжлийн банкнаас санхүүгийн дэмжлэг авсан байна.
Эх сурвалж: asia.nikkei.com