/2021.11.09/ УИХ-ын БСШУСБХ-ны дарга Г.Дамдинням, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан нар Боловсролын багц хууль болон боловсролын шинэлчлэлийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Мэдээллийн эхэнд БСШУСБХ-ны дарга Г.Дамдинням "Боловсролын салбар томоохон өөрчлөлт хийхгүй бол маш удаан хугацаанд хямралд өртчихсөн байна. Энэ жилийн төсвийн хамгийн чухал зүйл бол сургуулийн өмнөх боловсолын тогтолцооноос их дээд сургууль хүртэл бүх боловсролын институцид шинэчлэлт хийж байгаа явдал юм" гэлээ.
Түүнчлэн БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, "Боловсролын багц хуулийг бага үндсэн хууль гэж хэлж болно. Үндсэн хуулийн дараа орох маш том хуулийг батлах гэж байна. Тус хуульд маш олон хүний санал бодлыг тусгаж байгаа. Тэгж байж нийгмийн хүрэлцээ шаардлагад нийцнэ гэж харж байна. Улс орон, хүний хөгжлийн индексээр манайх дэлхийд доогуурт ордог. Үүний шалтгаан нь сүүлийн манай улс 30 жилийн хугацаанд боловсролын салбарыг хаясантай холбоотой. Ядуурал, ажилгүйдлын тоо буурахгүй байгаа бүгд боловсролын зөв тогтолцоо алдагдсанаас үүдэлтэй. Тиймээс сургуулийн өмнөх боловсрол, ЕБС, их дээд сургууль гээд боловсролын бүх шатны институцид шинэчлэлт хийх чухал, хариуцлагатай цаг үе бидэнд ирж байна. Шинэчлэлт гэдэгт цэцэглэг сургуулийн багш нарыг томилох асуудлаас эхлээд боловсролын чанар зэрэг бүх зүйл багтана. Боловролын байгууллага мэргэжлийн томилгоо хийдэг болно. Тэгэхгүй бол аймаг сумын засаг дарга нарын намын харьяаллаас шалтгаалж сургууль, цэцэрлэгийн захирлыг томилдог болоод байна. Сүүлийн 7 жилд боловсролын байгууллагуудын удирдлагын 70-80 хувь нь солигдож, мэргэжлийн бус улс төрийн томилгоо хийгдсэн байна. Үүний үр дүнг өнөөдөр бид харж байна.
Ковидын үеийн хоцрогдол гэхээс илүүтэйгээр үүнээс өмнө ч гэсэн сурагчид маш их хоцрогдолтой байсан. Тиймээс 3.2 сая иргэнд бүгдэд нь хамаатай боловсролын багц хуулийг энэ жил батлах гэж байна" гэв.