Амралтын өдрийн мэнд. Өвлийн тэргүүн сар эхэлсэн цагт өнөөдөр өдөртөө -3, шөнөдөө -22 хэм байх аж. Ням гарагт гэртээ сууж байгаад нэг цуврал эхлүүлэх нь тийм ч муу санаа биш шүү дээ.
Кино, цуврал, нэвтрүүлгийг үзэх боломжтой хамгийн том платформ бол яалт ч үгүй Нетфликс. Олон зуун кино, нэвтрүүлэг дундаас сонгож үзэх нь аль ч түвшний киночдын хувьд хүнд сонголт байх авай. Ийнхүү таныг сонголтоо хийхгүй, эргэлзэж байгааг тань бага ч болов хөнгөвчилж My Name (Миний нэр) гэх найман ангитай цувралыг үзэхийг санал болгоё.
Хорвоогийн хамгийн завгүй хүн байсан ч хоббиндоо цаг зарцуулж сур хэмээн бичсэн Arigun's гэх хаягтай кино урлаг, дуу хөгжим, тоглоомын талаар сэтгэгдлээ бичдэг хүний тус киноны талаар бичсэн сэтгэгдлийг хуваалцъя.
Squid Game-ийнхээ шоокноос гарч амжаагүй байтал ахиад нэг тэсрэлт!
My Name (хурган review)
Солонгос кинонууд бүр яван чангарсаар эмэгтэй John Wick-ийг аваад ирдэг шүү. Ойрд иймэрхүү хар бараан хийцтэй, аллага, цус нөж дагнасан кино үзээгүй бас л галзуу мэдрэмж байлаа. Зүгээр л хэрчээд, огтолоод, дүрээд дүрээд явчихдаг аюултай атлаа үзэсгэлэнтэй эмэгтэй гэж байдым шүү, олдвол битгий алдаарай.
Киноны турш би энэ бүсгүйг инээхээрээ хэр хөөрхөн бол гэж хүлээн суулаа. Зовлонтой амьдралыг баясгалантай царай дагахгүй нь мэдээж л дээ хөөрхий. Эцгийгээ гэмт хэрэгтнүүдэд хэрцгийгээр алуулчихаад, өс хонзондоо шатаж яваа бүсгүйн аз жаргал гэж юу байхав. Өдрийн од шиг ховорхон инээх тул тэр үед нь өөр тийшээ харж байв даа!
Киноны хөгжим дээр сайн ажилласан бололтой. Яг дайралттай, аллагатай, шийдцэн хэсгүүд дээр хөгжмийн нюанс нь өсөөд дагаад миний нурууны үс босоод, огшоод байдаг шүү. Дэвсгэр ая тийм их анхаарал татахгүй ч тулааны хэсгүүд дээр хийгдсэн ая, хэмнэлүүд нь тулаанаа бүр илүү тодотгож чадсан байна. Миний харамссан нэг зүйл бол томхон шиг чихэвч, олигтойхон шиг чангалж зүүгээд энэ киног үзсэн бол бүр илүү мэдрэмж авах байжуу л гэж бодлоо. Миний алдааг битгий давтаарай хэхэ.
Киноны гол дүрийг бүтээсэн үзэсгэлэнтэй, аюултай бүсгүй бол Han So-hee хэмээх 1994 онд төрсөн, нохой жилтэй, загвар өмсөгч, жүжигчний мэргэжилтэй бүсгүй байна. Яг Солонгос киночид нь бол харж байсан байх. Би харин энэ киногоор л танилцлаа. Намтарыг нь сөхвөл дандаа эмо үүрд кинонд л тоглодог байсан бололтой. Энэ кинонд тоглосноороо өөрийгөө Солонгосын Angelina Jolie, Uma Thurman болголоо.
Эртхэн шиг үзэхгүй бол Squid Game шиг битүү спойлдуулаад улаан үснээс өөр зүйлгүй хоцроно шүү!
Хэрвээ таны сонирхлыг татсан бол яг одоо нетфликс рүү гээ ороод My Name гэж хайгаад үзэж эхлээрэй.
Мөн Arigun's-ийг фэйсбүүк хуудсаар нь дагаарай. Жич: Түүнээс зөвшөөрөл авч сэтгэгдлийг оруулсан болно.