/2021.11.03/ Коронавирүсийн тархалт манай улсад хурдацтай тархаж байна.
Өнөөдрийн байдлаар 603 мянга гаруй хүн ковидоор өвчилж, 1694 хүн нас баржээ.
Энэ өвчин нийгэм, эдийн засаг гээд олон салбарт хүндээр нөлөөлж байна. Үүний нэг илрэл нь, ковидын улмаас эмээ өвөө, ээж аав нь нас барж байгаа гэр бүлүүд юм.
Гэр бүл, хүүхэд залуучуудын газраас гаргасан мэдээллээр 2021 оны аравдугаар сарын 2-ны өдрийн байдлаар ковид цар тахлын улмаас эцэг эхээ алдаж өнчрөн хоцорсон хагас өнчин 50, бүтэн өнчин 13 хүүхэд байна. Энэ тоо өдөр ирэх тусам нэмэгдсээр байгаа билээ.
Өнчрөн үлдсэн хүүхдийн асран хамгаалагчийг тогтоох, ар гэрт нь сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, хүүхдүүдэд хүнсний болон хичээлийн хэрэгслийн дэмжлэг үзүүлж, халамжийн үйлчилгээнд хамруулан ажиллаж байгаа ажээ.
Улсын хэмжээнд 2020 оны байдлаар хагас өнчин 35016, бүтэн өнчин 2994 хүүхэд байгаа ажээ. Нийгмийн халамжийн тухай хуулийн дагуу 18 нас хүртэлх хагас, бүтэн өнчин хүүхдэд дараах байдлаар тэтгэмж олгодог. Үүнд:
Нийгмийн даатгал: Нас барсан даатгуулагчийн насанд хүрээгүй хүүхдэд нийгмийн даатгалын сангаас тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгоно. Энэ тохиолдолд нас барагч нь шимтгэл төлсөн байх ёстой. Нийгмийн даатгалын сангийн мэдээллээр 2020 онд 19,232 тэжээгчээ алдсан тэтгэвэр авагчид 77,5 тэрбум төгрөгийн тэтгэвэр олгожээ.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар 4 хүүхэд өнчрөн үлдсэн бол тэтгэврийн хэмжээ сарын 420 мянган төгрөгөөс багагүй байна. Харин 1-3 хүүхдийн хувьд тэтгэврийн доод хэмжээ нь бүрэн тэтгэврийн хувьд сарын 350 мянган төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн хувьд сарын 300 мянган төгрөг тус тус байна. 19 нас хүртэл олгоно.
Нийгмийн халамж: Нийгмийн халамжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д нийгмийн халамжийн тэтгэврийг нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасны дагуу бүрэн болон хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэвэр авах эрх үүсээгүй иргэнд сар бүр олгохоор заасан.
Ниймгийн халамжийн тухай хуулийн 12.1.4-д тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхдэд нийгмийн халамжийн тэтгэвэр олгодог. Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээ сард 188 мянган төгрөг.