/2021.10.31/ Токиогийн цагдаа нар ням гарагийн орой метронд гал тавьж, арав гаруй хүнийг шархдуулсан этгээдийг газар дээр нь баривчилжээ.
Албаныхны мэдээлж буйгаар хэрэг үйлдсэн этгээд нь Жокерын хувцас өмссөн 24 настай эрэгтэй байжээ. Тэрбээр 20:00 цагийн орчимд Токиогийн баруун хэсэгт орших Чофу хотын Кокурёо буудлын ойролцоо Keio Line галт тэргэнд байсан зорчигчид руу халдсан байна.
Халдлага гарахаас өмнө метроны кондуктор галт тэргэнд хутгатай хүн явж байгааг харж, холбогдох хүмүүст мэдэгджээ. Үүний дагуу галт тэрэг зорчигчдыг яаралтай буулгахын тул Кокурёо буудалд зогсжээ.
Хэргийн улмаас 17 хүн шархдаж, 60 орчим насны нэг эрэгтэй хутгалуулж хүнд байдалтай ухаангүй байгаа аж.
Халдлага үйлдсэн этгээд "Дор хаяж хоёр хүний амийг хохироож, цаазын ял авах хүслээ биелүүлэх байсан" гэж мэдүүлэг өгсөн байна. Мөн тэрбээр өнгөрсөн наймдугаар сард Токиогийн Одакю лайн метронд хутгатай халдлага үйлдсэн гэмт хэрэгтнээс санаа авч, ийнхүү халдлага хийхээр болсон нэмж хэлжээ.
Зорчигчдын сандралдан гүйж байгаа болон метроны цонхоор зугатаж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагджээ.