/2021.10.29/ Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тус яамны Судалгаа, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Бумдэлгэр "Монгол Улсын хувьд нийт хүн амынхаа 67 хувийг дархлаажуулалтын хоёр тунд хамруулсан. Вакцин үр дүнтэй байгаа нь нас баралт 0.5 хувиар буурснаас харагдаж байна. Мөн дельта хувилбарын давлагаа тогтворжсон, алсдаа буух хандлагатай байгаа. Манайх 100 мянган хүнд ногдох нас баралтын тоогоор 47 дугаарт жагсаж байна. Бусад орнуудтай харьцуулахад энэ нь бага тоо юм.
Франц, Англи, Испани зэрэг улс нийт хүн амын 68-69 хувийг дархлаажуулалтын хоёрдугаар тунд хамруулсан учир нас баралтын хувь бага байна. Харин нийт хүн амынхаа 20 гаруй хувийг дархлаажуулсан зарим улсад нас баралт өндөр буюу 4.5 хувьтай байгаа. Эндээс вакцины үр дүнг харж болно.
ОХУ хүн амныхаа 32 хувийг дархлаажуулалтад хамруулсан байна. Тус улсад өнгөрсөн долоо хоногоос халдварын тархалт эрс нэмэгдсэнийг мэдээлсэн. БНХАУ-ын 11 мужид дэгдэлт гарсныг зарлалаа" гэв.