/2021.10.29/ Цахим орчинд автомашинтайгаа явган хүний гарцаар буцаж эргэх үйлдэл хийж буй жолооч нарын бичлэг цацагдсан. Цагдаагийн байгууллагаас дээрх зөрчилд хариуцлага тооцжээ.
Тодруулбал, зөрчил гаргасан жолооч нарыг тус бүр 20 мянган төгрөгөөр торгосон байна.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10. Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх бүлгийн 10.13. Дараах газруудад буцаж эргэхийг хориглоно гэж заасан байдаг.
а/ явган_хүний гарц дээр; гэсэн заалтыг зөрчиж явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулж буцаж эргэх үйлдлийг хийсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.7.28 "Жолооч замын хөдөлгөөний дүрэмд заасан хориглосон газарт буцаж эргэх, эсхүл ухрах үйлдлийг хийсэн бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заасны дагуу шийтгэл оногдууллаа.
Дээрх гаргасан үйлдэл нь ёс зүйгүй үйлдэл тул та бүхэн замын хөдөлгөөний дүрмийг мөрдөж, бусдын аюулгүй зорчих эрхэнд халдахгүй байх, бусад хөдөлгөөнд оролцогчдод хүндэтгэлтэй хандаж хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.
Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба