/2021.10.20/: Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулсан “Монгол, Оросын хамтын ажиллагаа 100 жилд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг Монгол Улсын Гадаад харилцааны яам, Шинжлэх ухааны академи, Монголбанк, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “УБТЗ” ХНН, Эрхүү хотын Байгалын улсын их сургууль төгсөгчдийн Монголын холбоо, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам зэрэг байгууллага хамтран аравдугаар сарын 19-ний өдөр ГХЯ-нд зохион байгууллаа.
Эрдэм шинжилгээний бага хурлын нээлтийн ажиллагаанд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар оролцож, үг хэлэв. Г.Занданшатар дарга хэлсэн үгэндээ өнгөрч буй зуун нь хоёр ард түмэн эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө хамтран тэмцэж, сорилт бэрхшээлүүдийг хамтдаа даван туулсан, хамтран хөдөлмөрлөж их бүтээн байгуулалтыг хийсэн, нийгмийн харилцааны бүхий л салбар дахь идэвхтэй хамтын ажиллагааны дүнд найрамдал, нөхөрлөлөө бэхжүүлсэн он жилүүд байсныг онцолж, харилцааны шинэ зууныг эдийн засгийн хамтын ажиллагааны эрчимтэй хөгжлийн зуун болгохын төлөө хамтран ажиллахыг уриалав.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэлсэн үгэндээ хоёр тал дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хамтарсан төлөвлөгөөний дагуу улс төр, батлан хамгаалах, шинжлэх ухаан, техник, боловсрол, соёл урлаг, хүмүүнлэгийн салбарт олон чухал арга хэмжээ хэрэгжүүлснийг тэмдэглэж, оны үлдсэн хугацаанд дээд, өндөр түвшний харилцан айлчлал зэрэг томоохон арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж буйг онцлов.
Хурлын нээлтийн үйл ажиллагаанд ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизов, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Шинжлэх ухааны академийн дэд Ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар нар үг хэлэв.
Эрдэм шинжилгээний хурлын үеэр Монгол, Оросын эрдэмтэн судлаач, албаны хүмүүс хоёр талын худалдаа, эдийн засаг, эрчим хүч, хүмүүнлэг, боловсрол зэрэг салбарын хамтын ажиллагаа, хоёр улсын түүхийн холбогдолтой 23 илтгэл тавьж ярилцав.
Эх сурвалж: ГХЯ