Тансаг зэрэглэлийн орон сууцны мкв-ын үнэ дунджаар 5,5 сая төгрөг байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тансаг зэрэглэлийн орон сууцны мкв-ын үнэ дунджаар 5,5 сая төгрөг байна

/2021.10.19/: Шинээр баригдаж буй барилгын нэгдсэн тооллого, судалгааг Барилгын хөгжлийн төвөөс Барилга.мн-тэй хамтран хийсэн байна. Энэхүү судалгааны дүгнэлтийн талаар Барилгын хөгжлийн төвийн дэд захирал М.Ибрай:

Барилгын хөгжлийн төв, "Барилга.мн"-тэй хамтран хийсэн шинээр ашиглалтад орсон орон сууцны тооллого, судалгаа

Улаанбаатар хотод гэлтгүй Монгол Улсын зах зээлд байгаа орон сууц болон амины орон сууцны эрэлт нийлүүлэлтийг тодорхойлох, орон сууцны үнэ ханшийг судлах, мөн цар тахал барилгын салбарт, аж ахуйн нэгжүүдэд хэрхэн нөлөөлж байгааг үндэслэлтэй тогтоох, бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх боломжуудыг тодорхойлох зорилготой юм. Шинээр ашиглалтад орсон орон сууцны тооллого судалгааг 2021 оны гуравдугаар улиралд эцэслэн гаргаж, улмаар “Орон сууцны мэдээллийн сан”-г үүсгэж байгаа.

2021 онд Улаанбаатар хотод шинээр баригдаж буй орон сууц

Улаанбаатар хотын хэмжээнд баригдаж байгаа шинэ орон сууцны 240 төсөл, амины орон сууцны 118 төсөл буюу нийт 358 төсөл хэрэгжиж байгаагаас 13560 айлын орон сууц, 1997 айлын амины орон сууц ашиглалтад орсон байна.

Орон сууцны метр квадратын дундаж үнэ

Шинэ орон сууцны үнийн зэрэглэл бүрээр нь харьцуулж судалгаа авсан. Улаанбаатар хотод стандарт орон сууцны дундаж үнэ метр квадрат нь 2.1 сая төгрөг, дундаж зэрэглэлийн орон сууцны үнэ 2.6 сая төгрөг, бизнес зэрэглэлийн орон сууц 4,2 сая төгрөг, өндөр зэрэглэлийн орон сууц дунджаар 5.5 сая төгрөгийн үнэтэй байна.

Байршил, барилгын чанар, гаднах тохижилт зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан шинэ орон сууцны үнэ зэрэглэл бүрээр харилцан адилгүй байна.

Цар тахлын нөлөөгөөр барилгын компаниудад тулгамдаж буй асуудлууд

  • Цар тахал Монгол Улсад төдийгүй дэлхий дахинд нөлөөлж байна.
  • Барилгын материалын үнэ 10-90 хувь өссөн,
  • Ажиллах хүчний хомсдолд орсон,
  • Компаниуд эргэлтийн хөрөнгөгүй болсон,
  • Барилгын материалын нийлүүлэлтийн хомсдол,
  • Хил гаалийн гацалт,
  • Тээврийн үнэ өссөн гэх зэрэг олон хүндрэлүүд үүсэж байна.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй "Эдийн засгаа аврах 10 их наяд"-ын цогц төлөвлөгөөний хүрээнд 3 их наяд төгрөгийн санхүүжилтийг барилгын салбарыг дэмжихэд зарцуулж байгаа.

Энэ хүрээнд барилгын компаниудын борлуулалтыг дэмжих зорилгоор ипотекийн зээлийн хүүг зургаан хувь болгож бууруулснаас гадна ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлсэн. Одоогоор нийт борлогдож байгаа орон сууцны 70 хувь нь ипотекийн зээлд хамрагдсан байна. Шинэ орон сууцны судалгааг хийж байгаа бас нэг зорилго нь жилд хичнээн хэмжээний санхүүжилтийг импотекийн зээлд хэрэгтэй юм, хэр их орон сууц шинээр ашиглалтад орж байна, түүний хэдэн хувь нь ипотекийн зээлээр борлогдож байна гэдэг судалгааг нарийн тооцож гаргах зорилготой юм.

Орон сууцны хийцлэл болон гадна тохижилтын судалгаа

Барилгын хийцлэл, фасад, гадна тохижилтын судалгааг хийсэн.

Ашиглалтад орсон нийт төслийн:

-55 хувь нь бүрэн цутгамал,
-40 хувь нь төмөр бетонон арагт бүтээцийн хийцтэй
-4 хувь нь өрөгт бүтээц хийцтэй байна.

Фасадны хувьд,

54 хувь хөөсөн фасад,
25 хувь нь төмөр металл,
10 хувь нь чулуу,
3 хувь нь шилэн фасад хийцтэй байна.

Нийт төслийн 93 хувь нь гаднах талбайдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам хийсэн нь сайшаалтай байна.

Барилгын тухай хуульд нийт талбайн 30 хувьд гадна тохижилт хийнэ гэж заасан байдаг. Тэгвэл судалгаанд хамрагдсан нийт төслийн 91 хувь нь 30 хүртэлх хувийн гадна тохижилтыг хийсэн бол 30-аас дээш хувьд гадна тохижилт, ногоон байгууламж хийж, аюулгүй байдлаа хангасан орон сууцны хороолол нийт төслийн 9 хувь байна.

Эцэст нь дүгнэж хэлэхэд, барилгын салбар нь сүүлийн үед эрчимтэй хөгжиж, дэвшилтэт технологиудыг нэвтрүүлэн, дэлхийн стандартыг хангасан чанар хийцлэлтэй барилга, орон сууц барьж байгаа нь сайшаалтай байна.

Эх сурвалж: БХБЯ

Газрын тосны нийлүүлэлтийг нэмэгдүүлж үнийг тогтворжуулна
Газрын тосны нийлүүлэлтийг нэмэгдүүлж үнийг тогтворжуулна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.