/2021.10.18/: Шүүхийн ерөнхий зөвлөл, Унгар улсын Үндэсний шүүхийн газартай хамтран зохион байгуулж байгаа Монгол Улсын шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад зориулсан цахим сургалт өнөөдөр эхэллээ.
Сургалтад нийслэл дэх шүүхийн шүүгч, шүүхийн тамгын газрын дарга нар оролцож Унгар улсын шүүхийн тогтолцоо, цахимжуулалт, сургалтын онцлогоос туршлага судлах юм. Мөн цар тахлын үед тус улсын хэрэгжүүлж байгаа менежмент, Европын Хүний эрхийн шүүх цар тахлын үед ажиллаж буй туршлагын талаар Унгар улсын дүүргийн шүүх болон Европын Хүний эрхийн шүүхийн шүүгчид мэдээлэл өгнө.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр Монгол Улс, Унгар улсын шүүхийн шүүгч, ажилтнуудад амжилт хүсээд “Шүүхийн ерөнхий зөвлөл, Унгар улсын Шүүхийн үндэсний газар хооронд хамтын ажиллагааны Харилцан ойлголцлын Санамж бичгийг 2020 оны долдугаар сард байгуулсан. Санамж бичиг нь талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэн харилцан мэдээлэл, сайн туршлага солилцох, холбогдох олон улсын хурал, семинарт харилцан төлөөлөгч урьж оролцуулах, хамтарсан онол, практикийн бага хурал, лекц, семинар зохион байгуулах, судалгааны ажил хийх зорилготойгоор байгуулагдсан.
Коронавируст цар тахлын амаргүй нөхцөл байдлыг туулж байгаа ч хоёр орны шүүхийн байгууллагын хоорондын харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй үргэлжилж байгааг энэхүү цахим сургалт илтгэж байна” хэмээн онцоллоо.
Мөн Унгар улсын Үндэсний шүүхийн газрын дарга Георги Сеней Монгол Улсын шүүгч, ажилтнуудад ажлын амжилт хүсээд хамтын ажиллагаа өргөжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлсэн юм.
Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд хатагтай Обрушанскийн Борбала Анна цахим сургалтын нээлтэд оролцож хоёр улсын шүүхийн хамтын ажиллагаанд амжилт хүслээ.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газрын дарга Б.Биндэръяа, Унгар улсын Үндэсний шүүхийн газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Энико Сзилаги нар цахим сургалтыг удирдан зохион байгуулж байна.
Эх сурвалж: ШЕЗ