/2021.10.13/ Монголын Үндэсний Бөхийн холбооноос бөхчүүдэд хийлгэсэн допингийн шинжилгээний талаар мэдээлэл хийлээ.
/МҮБХ/-ноос 2021 оны наймдугаар сарын 17-ны өдөр Хүй долоон худагт зохион байгуулсан 512 бөхийн барилдаанд шөвгөрсөн бөхчүүд болон өөрсдийн саналаар өгсөн хоёр бөх, нийт 18 бөхийн допингийн шинжилгээг Монголын Допингийн Эсрэг Үндэсний Байгууллага /МДЭҮБ/ авч наймдугаар сарын 18-ны өдөр БНСУ-ын итгэмжлэгдсэн лаборатори руу явуулсан.
Эхний шинжилгээний хариу МДЭҮБ-д 2021 оны есдүгээр сарын 16-ны өдөр ирсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 17 бөхийн шинжилгээ ирээд байгаа юм. Үлдсэн нэг шинжилгээний хариуг яаралтай ирүүлэх талаар асууж тодруулсан албан бичгийг МДЭҮБ-аас БНСУ-ын итгэмжлэгдсэн лаборатори руу аравдугаар сарын 11 болон 13-нд тус тус илгээсэн байна.
Дэлхийн допингийн эсрэг байгууллага /WADA/-ын болон бусад холбогдох дүрэм журмын дагуу бүх шинжилгээ бүрэн ирэхээр МДЭҮБ-аас МҮБХ-д ирүүлнэ.
Ирсэн даруйд бид шинжилгээний талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй хүргэх болно.
Зарим сэтгүүлч, иргэдийн зүгээс гаргаж буй бөхчүүд болон монгол бөхийн нэр хүндийг сэвтээсэн хардлага, буруу мэдээлэлд автахгүй байхыг хүсье.
Эх сурвалж: Монголын Үндэсний Бөхийн холбоо