/2021.10.06/ Төв аймгийн нутаг дэвсгэрт “Доргонт гэх газарт Туул голын усанд 5 хүн автомашинтай живсэн” гэх мэдээллийг цагдаагийн байгууллага өчигдөр буюу энэ сарын 5-ны 20 цаг 56 минутад авчээ.
Дуудлагын дагуу газар дээр нь очиход Prado маркын тээврийн хэрэгслээр 5 иргэн гол гатлах үйлдэл хийж байгаад автомашинтайгаа усанд живж, 3 иргэн голын уснаас гарсан байна.
Харин 49 настай иргэн Б, 53 настай иргэн О нар тус голын усанд урссан бөгөөд эрэн хайх ажиллагааны явцад иргэн Б-ийн цогцсийг олжээ. Үргэлжлүүлэн О-г эрэн хайх ажиллагааг холбогдох байгууллагуудтай хамтран явуулж байгаа аж.
Иймд иргэд та бүхэн өөрсдийн болон хамт яваа хүмүүсийн аюулгүй байдлыг хангаж, гол, ус гатлахдаа зориулалтын гүүр, гармыг сонгож зорчих, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.