/2021.10.06/ Юмжаагийн Цэдэнбал агсныг хэлмэгдсэнд тооцуулж, цагаатгуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх энэ оны аравдугаар сарын 5-ны өдөр хянан хэлэлцжээ.
Шүүх хуралд өргөдөл гаргагч түүхийн шинжлэх ухааны доктор профессор, Юмжаагийн Цэдэнбалын намтар судлаач Ц.Жамбалсүрэн, гавьяат хуульч, өмгөөлөгч С.Нарангэрэл, өмгөөлөгч Ж.Жавзандулам нар оролцсон байна.
Юмжаагийн Цэдэнбал гэж хэн бэ?
Юмжаагийн Цэдэнбал нь 1940 оноос 1984 он хүртэл БНМАУ-ыг удирдаж байв. Тэрээр амьдралынхаа туршид БНМАУ-ын төрийн тэргүүн, Ерөнхий сайд, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны гишүүнээр ажиллаж байв. БНМАУ-ын маршал, БНМАУ-ын баатар, хөдөлмөрийн баатар цолоор шагнагдаж байсан.
Улс төрийн амьдрал
1938 онд сургуулиа төгсөөд Улаанбаатар хотод ирж Санхүүгийн техникумд хичээлийн эрхлэгчээр ажиллаж байгаад 1939 оны 3 дугаар сараас Сангийн яамны дэд сайд, 7 дугаар сараас 1940 оны 4 дүгээр сар хүртэл Сангийн яамны сайдаар ажиллаж, энэ хугацаандаа Монголын худалдаа аж үйлдвэрийн банкны ерөнхий хорооны даргын ажлыг хавсран гүйцэтгэжээ. 1940 оны МАХН-ын Х их хурлаар МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга буюу намын даргаар сонгогдож 1984 оны 8 дугаар сар хүртэл 44 жил тасралтгүй ажиллажээ. Энэ 44 жилийн хугацаанд Улс төрийн товчооны гишүүн байв.
1945-1952 онд БНМАУ-ын Ерөнхий сайдын орлогч, Улсын төлөвлөгөөний хорооны дарга, 1952-1974 онд БНМАУ-ын Ерөнхий сайд, БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн дарга, 1974-1984 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга буюу БНМАУ-ын төрийн тэргүүнээр ажилласан юм.
Амьдралын сүүлийн жилүүд
1984 оны 8 сард хөгшрөлт, оюуны доройтол гэх зэрэг шалтагаар Цэдэнбалыг тэтгэвэрт гаргаж, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар Жамбалын Батмөнх сонгогдсон. Ю.Цэдэнбалыг Зөвлөлтийн Улсыг Аюулаас Хамгаалах Хороо /КГБ/ монголын удирдагчаар томилж байсан бол түүнийг албан тушаалаас нь зайлуулах ажиллагааг мөн л зөвлөлтийн КГБ зохион байгуулсан хэмээн зарим судлаачид үздэг. Ю.Цэдэнбал нас барах хүртлээ Москвад бараг гэрийн хорионд амьдарч байсан. Ю.Цэдэнбал Монголдоо очих талаар ЗХУКН-ын Төв Хороо, Москва дахь Монголын Элчин сайдын яаманд удаа дараа хүсэлт гаргаж байсан боловч хэн ч түүний хүсэлтийг хүлээж аваагүй юм. Ю.Цэдэнбал 1991 онд Москвад нас барахад шарилыг нь Улаанбаатарт авчирч, Алтан өлгийд оршуулжээ. Цэдэнбалын оршуулах ажиллагаанд түүний гэргий А.Филатова оролцохоор Москвагаас Улаанбаатарт ирээд байхад нь монголын прокурорын байгууллага түүнээс байцаалт авахыг оролдож байжээ.Энэ нь монголын хууль хяналтын байгууллага ёс зүй байхгүй, тухайн үед коммунист хандлагаасаа салаагүй байсан гэдгийг харуулж байгаа юм.
Эх сурвалж: СБД-ийн шүүх, Wikipedia