Эмнэлгийн орны зохицуулалт хийх түр журам гарлаа
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эмнэлгийн орны зохицуулалт хийх түр журам гарлаа

/2021.09.28/: Эрүүл мэндийн сайдын тушаал гарч, Коронавируст халдварын цар тахлын үеийн эмнэлгийн орны зохицуулалт хийх түр журам гаргасан байна.

Энэхүү журмын талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Чанарын удирдлага, аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Энхжаргал:

-Сайдын тушаалын дагуу түр журам гарч, журмыг хэрэгжүүлэх Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын удирдлагаас гадна Эрүүл мэндийн яам /ЭМЯ/, Эмийн хяналтыг зохицуулах газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /ЭМДЕГ/, дүүргүүдийн Эрүүл мэндийн төвийн төлөөллүүд орж байгаа.

Урьд нь эмнэлгүүдийн орыг боломжийн хэмжээнд зохицуулсаар ирсэн ч хэвтэн эмчлүүлэгсдэд хүлээлт үүсээд байсан. Тиймээс түр журам гаргаж, хэд хэдэн өөрчлөлт оруулсан.

  • Эмнэлгүүд өөрсдөө хэвтэн эмчлүүлэгсдээ авдаг байсан бол одоо ор зохицуулалтын баг хэвтэх хүмүүсийг эмнэлэг рүү илгээнэ. Өөрөөр хэлбэл, эмнэлгүүдээс сулрах орын тоон мэдээллийг урд орой нь авч, маргааш нь өвчтөнүүдийг хуваарилна гэсэн үг. Энгийн болоод эрчимт эмчилгээний, хүчилтөрөгчийн хэрэгцээт ор хэчнээн байгааг тус баг нэгтгэнэ гэж ойлгож болно. Баг 24 цагаар гурван ээлжээр тасралтгүй ажиллана. Энэ багийн бүрэлдэхүүнд ЭМЯ, ЭМДЕГ, дүүргийн Эрүүл мэндийн төвийн төлөөлөл багтах юм. Энэхүү багаар дамжаагүй иргэдийг эмнэлэг дураараа авч хэвтүүлбэл эрүүл мэндийн даатгал нь тухайн эмнэлэгт олгогдохгүй. Ингэж санхүүжилттэй холбож өгсөн.
  • Иргэд маань өөртөө шинжилгээ хийж, оношлохоо болих учиртай. Өрхийн эрүүл мэндийн төв болон бусад эмнэлэгт хандаагүй, өөрийгөө оношилсон иргэдийн мэдээлэл нэгдсэн мэдээнд багтдаггүй. Тиймээс иргэд зайлшгүй эмнэлэгт хандах нь чухал байна.

-Бид ор нэмж дэлгэх гэхээсээ илүү зохицуулалтаа нарийвчилж, хүндрэл чирэгдлийг багасгахад эхний ээлжид анхаарна. Ор дэлгээд л, нэмээд байх нь оновчтой биш. Ор дэлгээд ч дэглэмээ барихгүй бол өвчлөл буурахгүй байна. Мэдээж, шаардлагатай гэвэл ор дэлгэхийг үгүйсгэхгүй. Өвчтөнүүдээ маш хүнд, хүнд, хөнгөвтөр гэж ангилаад хэнийг хаана хэвтүүлэх вэ гэдгийг шийднэ. Түүнээс туссан болгоныг хэвтүүлнэ гэсэн үг бас биш.

-Өндөр настан, суурь өвчтэй, чихрийн шижинтэй, даралт өндөртэй, жин ихтэй хүмүүс гэнэт хүндрэх магадлал их. Тиймээс Өрхийн эрүүл мэндийн төвдөө заавал хянуулж, өвчний байдлаа тодорхойлох ёстой.

-Урьд нь эмнэлгүүд өвчтөнөө хэвтүүлж, мэдээллээ нэгтгэж өгдөг байсан. Гэхдээ хэвтсэнийх нь дараа. Харин одоо хэвтэхээс нь өмнө мэдээллээ нэгтгэнэ гэсэн үг. Огт байгаагүйг сэдсэн хэрэг биш, өмнөхийг илүү боловсронгуй болгосон гэж ойлгож болно. Бид хүндрэл чирэгдэлгүй үйлчлэхэд анхаарч байгаа.

Эх сурвалж: НЗДТГ

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нэгдүгээр сургуулийн өргөтгөлийн барилгын нээлт боллоо
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нэгдүгээр сургуулийн өргөтгөлийн барилгын нээлт боллоо
 
Анхдугаар Үндсэн хууль, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
Анхдугаар Үндсэн хууль, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.