/2021.09.21/ Монгол Улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой 2022 онд тохионо. Үүнтэй холбоотойгоор уурхайчдын яруу алдрыг мөнхлөх, хүүхэд залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх орчныг нэмэгдүүлэх зорилгоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Уурхайчдын нэрэмжит талбай”-г бий болгохоор шав тавилаа.
“Уурхайчдын нэрэмжит талбай”-г 1.28 га газрыг хамруулан тохижуулах юм. Ингэхдээ уурхайчдын нэрэмжит талбай, ил болон далд уурхайн хэсгээс бүрдсэн задгай театр, уул уурхайн машин механизмын үзүүлэнгийн хэсгийг хийх аж. Түүнчлэн хүүхдийн тоглоомын талбай, чийрэгжүүлэх хэсэг, дугуйн зам, явган хүний зам, ногоон байгууламжийг цогцоор нь хийхээр төлөвлөжээ. Тохижилт, ногоон байгууламжийн ажил ирэх оны наймдугаар сард дуусах юм.
“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулагдсанаас хойших 12 жилийн хугацаанд хамгийн том бүтээн байгуулалт, тохижилтыг хийхээр уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарынхан санаачлаад байна. Өнгөрсөн хугацаанд гадаад, дотоодын 30 гаруй төрийн болон төрийн бус байгууллага өөрсдийн нэрэмжит тохижилтын ажлыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хийж байсан. Энэ дундаас хамгийн том хэмжээний цогц бүтээн байгуулалт, тохижилтын ажлыг уул уурхайн салбарынхан хийх гэж байгаагаараа онцлог юм” хэмээв.
Шав тавих ёслолд Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр болон “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул нар оролцсон юм. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас санаачилсан уг бүтээн байгуулалтад НЗДТГ бодлогын дэмжлэг үзүүлэхээр хамтран ажиллаж байна.
Эх сурвалж: Улаанбаатар.мн