/2021.09.21/
Баяртүшигийн Мөнхбаяр хүү нэг ой 8 сартай. Энэ насны хүүхдүүд хөдөлгөөнтэй, унаж л байдаг, гүйж л байдаг тул ээж, аав бид төдийлөн тооддоггүй.
Гэтэл Б.Мөнхбаяр хүү ердөө 30 см-ийн өдөртэй буйдангаас унасны улмаас өнөөдөр тун хүнд байдалтай эмнэлэгт ухаангүй хэвтэж байна. Та гайхаж магадгүй. Хүүгийн унасан буйдан энэ. Айл бүрт байдаг энэ буйдангаас, хүүхэд бүхний л адил унасан хүү яагаад ийнхүү хүндээр өвдөх болов?
Хүүгийн тархины төв артерийн судас тасарч, гавлын яс нь заадсаараа цуурсан гэсэн оноштойгоор эмнэлэгт 60 гаруй хоножээ. Эрүүл саруул төрүүлж, инээд хөөр бэлэглэн гэртээ гүйх бяцхан хүү нь ийнхүү эмнэлэгийн орон дээр хэвтэж байгаа нь хүүгийн аавд хязгааргүй харамсал төрүүлэх ч, монгол түмнийхээ сэтгэл санаа, эдийн засгийн тусламжинд найдан хүүг нь босгоод ирнэ дээ гэх итгэл тээн манай редакцид хандлаа.
Б.Баяртүшиг "Хүүд минь тусламж үзүүлээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Гэхдээ үүний зэрэгцээ ээж, аав нарт энэ ярилцлага маань хэрэг болоосой, сургамж болоосой гэж бас хүсэж байна" гэлээ.
Монголд эмчлэх ямар ч боломжгүй гэсэн хариу авсан түүний эцэг эх БНСУ-д хүүгээ эмчлүүлэхээр хандивын аян эхлүүлээд байгаа юм.
ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ЭМЧ "ТАРХИ НЬ Л ХӨДӨЛЧИХӨЖ, БАРИУЛЧИХ"
ГЭЭД ЯВААД ӨГСӨН
-Таны хүүгийн биеийн байдал одоо ямар байна вэ?
-Хүүгийн маань биеийн байдал муу байна. Заримдаа нүдээ нээдэг. Ээж нь ч юмуу эмч нар нь хажууд байхаар сонсоод байх шиг байдаг. Одоогоор өөрийгөө удирдах ухаангүй яг л ургамал шиг л хэвтэж байгаа. Мөн өдөр шөнөгүй зовуурьтай уйлагнаад байдаг.
Анх ГССҮТ-д хагалгаанд ороход 48 хувийн тархины үхжилттэй байсан бол одоо 75 хувь руу дөхөж байна гэсэн. Тэгэхээр цаг хугацаа алдахгүйгээр аль болох хурдан эмчилгээнд орох хэрэгтэй байгаа юм.
-Хүүхдийн тань биеийн байдал муу байгааг мэдээд тухайн үед түргэн шуурхай арга хэмжээ авч чадсан уу?
-Миний хүү тэр өдөр 11:30 минутын орчимд буйдангаас унасан. Тухайн үед би гэртээ байгаагүй. Эхнэр хоолоо хийж байхад хүү маань чанга чарлаж уйлаад гүйгээд очсон чинь дагзаараа дээшээ хараад хэвтэж байсан гэсэн.
Би яг гэрийнхээ ойролцоо явж байсан чинь эхнэр залгаад “Хүүхэд нэг л биш байна” гэсэн учраас 12:20 болж байхад түргэн дуудсан.
Түргэн нэлээд удаж байж 30 минутын дараа ирсэн. Эмч зүрхийг нь чагнаж үзлэг хийчихээд “Энэ зүгээр л уначихсан, толгой нь хөдөлчихсөн хүүхэд байна. Тархийг нь бариулчих” гэсэн. Гэхдээ “Манай хүүхэд бөөлжөөд байна” гэтэл 103-ын түргэний эмч дүүрэг дээрээ очоод бөөлжилтийн эсрэг тариа хийлгэчих гэсэн.
Түргэний эмчээс “Миний хүүхэд өмнө нь унаж л байсан. Гэхдээ ийм байдалтай болж байгаагүй. Та миний хүүг гэмтэл дээр аваачаад өгөөч” гэж гуйхад "Бид маш олон хүнд хүүхэдтэй байна" гээд уурлаад яваад өгсөн.
Тиймээс хүүхдээ аваад БЗД-ийн эмнэлэг дээр очсон. Үүдэнд байсан эмч нар нь ГССҮТ-рүү явуулах уу, тасагт аваачиж өгөх үү гээд ярьж байтал нэг мундаг эмч орж ирээд “Хүүе ээ наад хүүхэд чинь маш хүнд харвачихсан хүүхэд байна. Гялс түргэний машин гаргаад өгье. Цаг алдалгүй гэмтэл яв” гээд явуулсан.
Миний хүү ГССҮТ дээр хараа нь тэглэж, зүрх нь зогсчсон байдалтай очсон. Хоёрхон минутын дотор ГССҮТ-ийн мундаг хагалгааны багийнхан ирж миний хүүд хагалгаа хийсэн. Энэ хагалгаа амжилттай болсон ч маш их цаг алдсан байсан. Эмч нар хэлэхдээ "Хэрвээ тухайн үед цаг алдалгүй гэмтлийн эмнэлэгт очоод хагалгаанд орчихсон бол өдийд хүү чинь зүв зүгээр гүйж харайгаад явж байх байсан" гэсэн. Ингээд бодохоор үнэхээр гомдолтой, хэцүү санагддаг.
Хагалгааны дараа зүүн тархи нь ямар ч ажиллагаагүй болчихсон гэсэн оноштой гарсан.
МОНГОЛЧУУДДАА ҮНЭХЭЭР ИХ НАЙДАЖ БАЙНА
-Хүмүүс хандивын аянд хэр идэвхитэй хамрагдаж байна вэ? Одоогоор хэдэн төгрөг цугласан байгаа вэ?
-Манай найз нөхөд, гэр бүлийнхэн чадахаараа хандив цуглуулахыг хичээж байна. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчинд хандивын аян өрнүүлж байгаа. Зарим найз нөхөд маань “Нарантуул” худалдааны зах, “Да хүрээ” техникийн зах дээр хайрцаг бариад явж байна.
Одоогийн байдлаар 50 сая төгрөг цугларсан. Энэ нь нийт эмчилгээний зардлын 6 хувь гэсэн үг юм.
Хэрэв мөнгөний асуудлаа шийдчих юм бол шууд явчих гээд байна. Одоогийн байдлаар эмнэлэг рүү материалуудаа бүрдүүлээд явуулчихсан. Урьдчилсан байдлаар нэг өдрийн эмчилгээний зардал 20-30 сая төгрөг болно гэсэн хариу ирсэн. Ингээд бодохоор нэг сарын эмчилгээ нь 600-900 сая төгрөг шаардлагатай болоод байгаа юм. Үүнээс гадна БНСУ-д очоод тусгаарлагдах зардал болон МИАТ-аар тээвэрлэх зардал нэмэгдэнэ.
-БНСУ-д очвол 100 хувь эдгэрнэ гэсэн баталгаа байгаа юу?
-Солонгос улсаас 100 хувь баталгаа өгөхгүй ч гэсэн эмчилгээ хийж чадна. Монгол эмнэлгүүд бол ямар ч эмчилгээ хийх боломжгүй гэдгээ хэлчихсэн. Солонгост очвол яаралтай тархиных нь үхжилтийг зогсоох арга хэмжээ авна. Тархины хагалгаа амжилттай болсон тохиолдол байхгүй ч нялх хүүхдийн тархи төлжиж ургасан тохиолдол маш их байдаг юм билээ.
Тиймээс хүүгээ аврахын тулд хийж болох бүхий л зүйлээ хийж байна. Өнөөдрийн байдлаар надад бэлэн 800, 900 сая төгрөг байхгүй ч гэсэн монголчууд маань туслах байх гэж найдаж байна.
КОВИДТОЙ ХОЛБООТОЙ АГААРЫН ДУТАГДАЛД ОРСОН ХҮҮХДҮҮД
МАШ АМАРХАН ГЭМТДЭГ БОЛЖЭЭ
-Таны зүгээс бага насны хүүхдүүдтэй эцэг эхчүүдэд юу гэж зөвлөмөөр байна вэ?
-Миний хүү 2020 оны нэгдүгээр сарын 14-нд төрсөн. Ковид гээд төрснөөсөө хойш гэртээ дөрвөн хананы дунд хорионд байсан. Хүүхдээ аваад гарья гэсэн ч халдвар авахуулчихна гэж айгаад авч гардаггүй байсан.
Гэтэл хүчилтөрөгчийн дутагдалд орж хүүхдийн яс нь сийрэгжсэн байжээ. Тийм учраас л 30-хан см буйдангаас унахдаа гавлынх нь ясанд цууралт өгсөн байна. Бидэнд л харагдахгүй болохоос агаар салхинд хүүхдүүдээ гаргахгүй бол хүүхдийн яс сийрэгждэг юм байна.
Мөн судасны хана нь нарийсаад, нимгэрчихсэн байсан байна лээ. Төв артерийн судас уг нь маш зузаан судас байдаг гэнэ.
Эцэг эхчүүдэд гэж хэлэхэд хүүхэд унаж л байдаг гэж тоохгүй орхиж болохгүй. Цар тахалтай байгаа ч гэсэн боломж л байвал хүүхдээ салхилуулж байх хэрэгтэй гэж хэлмээр байна. Би гурван хүүхэдтэй. Бага хүү маань ийм болсноос хойш хоёр хүүхдээ агаар салхинд байг гээд Шар хаданд эцэг эх дээрээ аваачаад өгчихсөн байгаа.
Би хүүгээ сахиад эмнэлгийн гадаа машиндаа 65 хоносон. Энэ хугацаанд нэг ажигласан зүйл нь ГССҮТ дээр бүдэрч унаад л гар хөлөө хугалчихсан хүүхдүүд маш их ирдэг юм билээ. Шалтгаан нь ковидтой холбоотойгоор хүчилтөрөгчийн дутагдалд орж, ясны сийрэгжилттэй болсон гэнэ. Энэ зүйлийг ээж, аав нар маш сайн анхаараасай гэж хүсэж байна.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.
ЖИЧ: Та бүхэн Б.Мөнхбаяр хүүд дараах дансаар хандив өгөх боломжтой.
Хаан банк: 5005616268 /Аав Б.Баяртүшиг/
Худалдаа хөгжлийн банк: 450027194 /Аав Б.Баяртүшиг/