/2021.09.20/ Ардын жүжигчин Н.Сувд Г.К.Жуковын талбайн газрын маргааны талаар мэдээлэл хийлээ.
Н.Сувд "Саран ээж" нийгэмлэгт сүүлийн найман жилийн хугацаанд хүчин зүтгэж байгаагаа мэдэгдсэн юм.
1993 оноос эхлэн "Саран ээж" нийгэмлэг эмэгтэйчүүдийн төлөө, тэднийг сурталчлах санаачлага дор байгуулагдан 2004 онд албан ёсоор нийгэмлэг бүртгэгдэж байжээ. Тус нийгэмлэгийн удирдах зөвлөлд одоогоор 11 гишүүн бий.
Олон хүүхэд төрүүлсэн эхчүүдээ хүүхдүүд нь баярлуулах гэсэн чин сэтгэлийг нь бид сонсож удирдах зөвлөлөөр дамжуулан хэлэлцэж байж "Саран ээж" хэмээх албан ёсны эрхэм нэрийг өгдөг. Үүнийг бид ямар нэг ашиг харж хийдэггүй.
Хийсэн үйл ажиллагаагаа сурталчлах, зохион байгуулж байгаа ажлуудаа хэвлэлийнхэнд сурталчлахын тулд "Ээж" музей барих талаар ярьж эхэлсэн.
Зохиолч Л.Түдэв "Ээж" музейн төслийг бичиж, архитекторын зураг хүртэл гарч байжээ. Үүний дагуу тус нийгэмлэгийн удирдах зөвлөл нийслэлийн гүйцэтгэх захиргаанд газар олгох талаар хүсэлт тавьсан байна. Ийнхүү жуковын хөшөөний ар талбайг "Ээж" музейг бүтээн байгуулаарай хэмээн олгосон байна.
Энэ оны зургадугаар сарын 1-нд УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын эзэмшил Жуковын талбайн газрыг чөлөөлөх үүргийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хотын дарга Д.Сумъяабазарт үүрэг болгожээ.
Тодруулбал, Нийслэлийн Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороонд байрладаг талбайн ААН-үүдэд олгогдсон газар эзэмших эрхийн зөвшөөрлийг цуцалж, иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх нийтийн эдэлбэр газар болгон тохижуулахыг даалгасан.
Гэвч энэ газар одоо ч сулраагүй, эцэслэсэн шийд одоог хүртэл гараагүй учир өнгөрөгч Засгийн газрын хуралдаанаар уг газрын асуудлыг нягталж, дахин танилцуулах үүргийг хотын даргад өгсөн.
Н.Сувд:“Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороонд залуус, хүүхдүүд, ээжүүд чөлөөт цагаа өнгөрүүлэх газаргүй учир уг газарт ээж музей, спорт комплекс бүхий авто зогсоолтой ногоон байгууламж бүхий “Жангар цогцолбор” барихаар оршин суугчид болон холбогдох хүмүүсээс санал авахад 80 гаруй хувь дэмжсэн.
Ц.Анандбазар кино компанийн охин компанитай юм билээ. Түүнийг нь 2016 онд мэдсэн. Улмаар кино театр, ээж театр, ногоон байгууламж бүхий үйлчилгээний төв хамт баръя гэх санал тавьсан. Тухайн санал нь таалагдсан учир бид уг төслийг танилцуулсан. Төслөө хотод танилцуулахад амаар дэмжсэн.
Гэвч уг байгууламжийг яагаад эсэргүүцээд байгааг ойлгохгүй байгаа. Барилга барих үед тоос шороо босох, дуу чимээ гарах зэрэгт ойр хавийн оршин суугчдад мөнгө өгдөг журам байдаг юм билээ. Тэр журмаар л мөнгө өгсөн болов уу.”