/2021.09.14/: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас санаачлан айл өрхүүдэд зориулсан “Манай хороонд тавтай морил” гарын авлагын туршилтын хувилбарыг бэлтгэн гаргалаа.
Энэхүү гарын авлага нь гэр хороолол, орон сууцны айл өрхүүдийн өдөр тутмын амьдралд тулгарч байдаг олон асуудлуудыг өрхийн түвшинд хэрхэн шийдэж болох энгийн зөвлөмж, мэдээллийг багтаасан сэтгүүл бөгөөд нөгөө талаас ХОРОО, СӨХ, ӨРХ гурвын үүрэг, амлалтуудыг энгийнээр тодорхойлж оруулсан харилцан ойлголцлын санамж бичиг болох юм.
Тухайлбал тухайн хороонд ямар нэг иргэн шилжиж ирэхэд хорооны зүгээс энэхүү гарын авлагад бичигдсэн талуудын үүрэг амлалт, амьдарч буй байр, орчиндоо хэрхэн ямар дүрэм журмыг мөрдлөг болгох талаар танилцуулж, харилцан гарын үсэг зурж баталгаажуулснаар гарын авлагыг иргэнд хүлээлгэн өгөх юм.
• “Манай хороонд тавтай морил” өрхийн гарын авлага нь:
• Тухайн дүүрэг, хорооны статистик мэдээлэл, байр зүйн зураг,
• Хог хаягдлаа хэрхэн ангилж хаях,
• Гэр хашаагаа хэрхэн тохижуулах, нүхэн жорлонгийн шийдэл стандарт,
• Сайжруулсан шахмал түлшний зохистой хэрэглээ,
• Дулаан, цахилгаан тариф
• Эмнэлэг, цагдаа, онцгой байдлын анхны түргэн тусламжийг хэрхэн авах,
• Буяны ажил болоход хэрхэн хаашаа хандах
• Төрөөс иргэдэд цахимаар үзүүлж байгаа төрийн үйлчилгээний мэдээлэл
зэрэг олон хэрэгцээтэй мэдээллийг нэг дор энгийн үг, зурагт тайлбартайгаар оруулсан сэтгүүл юм.
Энэхүү гарын авлагыг Швейцарын хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж байгаа “Улаанбаатар хотын ахуйн хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн менежмент төсөл”-өөс дэмжлэг үзүүлж, Сонгинохайрхан дүүргийн 2,3, Чингэлтэй дүүргийн 7,12 дугаар хороодын иргэдэд туршилтаар тарааж ашиглахаар 2000 ширхэгийг хэвлүүлээд байна.
Цаашид гарын авлагыг сайжруулж, мэдээллийг баяжуулан нийслэлийн бүх хороодын иргэдэд цахим болон хэвлэмэл хэлбэрэр хүргэж, өрх бүрийн ширээний сэтгүүл болгохоор зорьж байна.
Эх сурвалж: НЗДТГ