/2021.09.08/ Өнөөдөр шөнийн нэг цагийн үед ханын шүүгээ, гэрлийн бүрхүүл хүчтэй савалж, ор хөдөлж, таныг сэрээсэн үү?
Тэрхүү гайхал үзэгдэл ГАЗАР ХӨДЛӨЛТ байсныг ОБЕГ-аас мэдээллээ.
Албаны хүмүүс мэдэгдэхээс урьтаж фэйсбүүк, твиттер, инстаграм зэрэг цахим хуудсанд олны “ХЭЛ” дэгдэв.
Газар хөдөлсөн эсэхэд эргэлзсэн, сэрүүн байж байгаад мэдэрсэн зэрэг иргэд нийтээрээ л нэг асуулт “Сая газар хөдөлсөн үү?” хэмээн нийтэлсэн байлаа.
Бид Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн бүлгэмд хаана газар хөдлөлт мэдэрсэн талаар танадаж лавлатал:
-Тус дүүргийн 40, 1, 16, 22, 38 зэрэг хороод, 21 дүгээр хороололд мэдэрсэн хэмээн хариуллаа.
Тийм ээ, газар хөдөлсөн. Төв аймгийн Жаргалант сумаас зүүн хойд зүгт 18 км-ийн зайд 5.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт өнөөдөр буюу 8-ний 00:50 цагт боллоо. Газар хөдлөлтийн чичирхийлэл Төв Сэлэнгэ Дархан-Уул аймаг болон Улаанбаатар хотын иргэдэд мэдрэгдсэн байна.
5 магнитудын хүчтэй газар хөдлөлт тоглоом биш юм.
Дунд зэргийн газар хөдлөлт нь Рихтерийн шаталбараар 5 -аас 5.9 хооронд бүртгэгдэж, барилга байгууламж болон бусад барилга байгууламжид бага зэргийн гэмтэл учруулдаг. Дэлхий даяар жил бүр 500 орчим байдаг ийм хэмжээний газар хөдлөлт болдог.
Хүчтэй чичиргээ ихэнхдээ нэг минут орчим үргэлжилдэг.
Тэгвэл иргэн та газар хөдөлсөн үед цахим орчинд стори, нийтлэл оруулахаасаа өмнө юуг анхаарах хэрэгтэй вэ?
- Бат бөх ширээн доор орж толгойгоо хамгаалах,
- Цахилгаан хэрэгслээ /тухайлбал: цахилгаан болон хийн зуух/ салгах,
- Тайван байх: Орчин тойрноо ажиглаж тайван байх хэрэгтэй. Хэрвээ гадагш гарах гэж байгаа бол цахилгаан шат битгий ашиглаарай,
- Хаалгаа онгойлгох: Хаалган дор зогсох нь аюул багатайгаас гадна, гадагш шарахад тустай,
Хэрвээ гадаа байгаа бол:
- Барилгын мод, тоосго, шил, гэрэлтүүлгий болон зар сурталчилгааны самбар, багана зэрэг гэмтээж болох зүйлээс хол байж задгай талбай олж зогсох,
- Олон нийтийн газар хүмүүс цочролд автан, шуугиан үүсгэдэг. Тиймээс сандралгүйгээр тухайн байгууллагын ажилтны өгч буй зааврыг дагах,
- Машинаар явж байгаа бол нэн даруй зогсож, радиогоор өгч буй зөвлөмжийг дагах хэрэгтэй. Нүхэн гарцны доор, өндөр барилгын хажууд зогсож болохгүй,
- Гол устай ойрхон байдаг бол нэн яаралтай өндөрлөг газар очих,
- Шилжин байрлах үед: Аль болох бага эд зүйл авч явганаар шилжин байрлах. Автомашинаар явах нь замын түгжрэлд орохоос гадна, аврах ажиллагаанд саад болж болзошгүй,
- МЭДЭЭЛЭЛ ЗӨВ АВАХ: ГАМШГИЙН ҮЕД ХҮМҮҮС ЦУУ ЯРИАНД АВТАХ, ТӨӨРӨЛДӨХ ЯВДАЛ ИХ БАЙДАГ ТУЛ АЛБАНЫ ЭХ СУРВАЛЖААС ӨГЧ БУЙ БОДИТ МЭДЭЭНД АНХААРЛАА ХАНДУУЛАХ