/2021.09.07/
Нийслэлийн хэмжээнд гэр хорооллын 10 мянган өрхөд сайжруулсан түлшний талаарх судалгаа явуулахад эерэг сэтгэгдэлтэй иргэдийн тоо 2019 оноос 44 хувиар өссөн дүн гарчээ. Иргэд сайжруулсан түлшийг сайн шийдэл гэсэн үнэлгээ өгч, нүүрс түлснээс сайжруулсан түлш түлэх нь илүү гэж үзсэн байна.
Өнгөрсөн онд цар тахлын дэгдэлтээс үүдэн 75 хувиар хөнгөлсөн сайжруулсан шахмал түлшний үнийг энэ жил мөн 50 хувиар хөнгөлж, шуудайг нь 1875 төгрөгөөр борлуулж байгаа юм. Судалгаагаар айл өрхүүд долоо хоногт дунджаар зургаан шуудай нүүрс түлдэг бөгөөд үүнийг хөнгөлөлттэй үнээр тооцвол 11.250 төгрөгийн түлш хэрэглэдэг гэсэн үг.
/Энэхүү тооцоог 150 ам метр хүртэлх талбайтай амины сууц, монгол гэрт амьдарч буй айлуудын долоо хоногийн хэрэглээнд тулгуурлан гаргасан/
Нийслэлийн хэмжээнд 2019-2020 оны галлагааны улиралд 446 мянган тонн сайжруулсан шахмал түлш түлсэн бол 2020-2021 оны галлагааны улиралд 708 мянган тонн болж нэмэгджээ.
Түүнчлэн энэ жилийн хувьд түлш борлуулах цэгийн тоо нэмэгдэж, 686 болсны сацуу түлш тээвэрлэх компанийн тоо 22 байсныг 35 болгосон. Есдүгээр сарын 2-ны байдлаар нийслэлийн хэмжээнд 29.180 тонн сайжруулсан түлш нөөцөлсөн байна. Нөөцийн хэмжээг есдүгээр сарын 15 гэхэд 53 мянган тонн, 20-ны дотор 60 мянган тонн болгох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж.
Нийслэлийн агаарын чанарын бүсэд зургаан дүүргийн орон тооны бус 4500 ажилтан ажилладаг. Тэдгээр ажилтнууд есдүгээр сарын 15-наас өмнө бүх айл өрхөөр орж, сайжруулсан түлшний хэрэглээ, галлагааны аюулгүй байдлын талаар мэдээлэх үүрэгтэй ажиллаж буй юм.
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн анхаарлыг татах үүднээс есдүгээр сарын 11, 12-нд Сүхбаатарын талбайд “Өнтэй өвөлжье” өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Өдөрлөгийн үеэр “Таван толгой түлш” ХХК-ийн түлшний гэрээ, “Сайн” карт, угаар мэдрэгчийг нөхөн авах, олгох зэрэг үйлчилгээ үзүүлнэ. Одоогийн байдлаар өдөрлөгт оролцох хүсэлтийг 20 гаруй аж ахуйн нэгж байгаа бөгөөд шинэ техник, технологи, агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн бизнесээ танилцуулах юм. Түүнчлэн Дэлхийн банкны “Цэвэр агаар” төсөл, НҮБ-ын Хүүхдийг ивээх сангаас хэрэгжүүлж буй төслийн талаарх танилцуулга, гэр дулаалах технологийг олон нийтэд сурталчилж, гэрэл зургийн үзэсгэлэн гаргахаар төлөвлөжээ.