/2023.04.20/: Шар шороон шуурганы талаарх хятадын талын судалгаа, байр суурийн талаар Монгол улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаас мэдээллээ.
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамнаас 2023 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр улсын хэмжээний байгалийн гамшгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийх үеэр 2023 оны эхний 3 сарын байдлаар нийт 6 удаа шороон шуурга болж, агаарын тоосжилтын хэмжээ эрс нэмэгдсэн тухай мэдэгдэв. Уг шороон шуурга ӨМӨЗО, Бээжин хот, Ганьсу, Ниншя, ШУӨЗО зэрэг 10 гаруй муж, хот, ӨЗО-ы нутаг дэвсгэрийг дайран өнгөрсөн байна.
Хятадын Ус цаг уурын үндэсний төвийн ахлах инженер Ли Вэй, судлаач Чао Чинчөний мэдээлснээр 4 дүгээр сарын 10-ны орой Бээжин хотод болсон хүчтэй шороон шуурганы улмаас агаар дахь РМ10 тоосонцрын агууламж 1 кубметр тутамд 1000 микрограмаас давж, бохирдлын ноцтой хэмжээнд хүрсэн байна.
Хятадын судлаачдын үзэж буйгаар энэ жил шар шороон шуурга дэгдэж, тоосжилт ихэссэн үндсэн хоёр шалтгаан байгаа аж. Энэ нь:
- Өнгөрсөн жил Монгол Улсад хур тунадас бага унаж, элсний эх үүсвэрийг дарах өвсний гарц муу байсан. Энэ хавраас эхлэн Монголын өмнөд болон баруун хэсгээр цаг агаарын нэн ховор дулаарлын үйл явц болж байна. Түүнчлэн хуурай цаг уураас шалтгаалан хөрсний өнгөн хэсэг суларч, улмаар тоосжилт ихээр бий болсон.
- Энэ жил Монголын нутагт хүйтэн агаарын нөлөөгөөр хүчтэй салхи шуурганы идэвхжил их байна. Хойд талаас ирж буй хүйтэн агаар зүүн, урд зүг рүү шилжиж улмаар хүчтэй салхи шуурга дэгдэн Монгол Улсын өмнөд хэсгийн говь цөлийн суларсан хөрс, элсний нөлөөгөөр шороон шуурга үүссэн хэмээн дүгнэж байна.
Энэ онд болсон шороон шуурганы 6 тохиолдол бүгд Монгол Улсаас эх үүсвэртэй хэмээн Хятадын судлаачид үзэж, үүний шалтгааныг дараах байдлаар тодорхойлж байна.
- ОУВС-ын мэдээлснээр тус улсын нийт газар нутгийн 90 орчим хувь нь цөлжилтөд өртөмтгий эмзэг хөрстэй.
- Монгол Улс 70 гаруй сая малтай, нийт бэлчээрийн талбайн 77 хувь нь даац хэтэрсэн.
- Уул уурхайн үйл ажиллагаанаас шалтгаалан хөрс, усны элэгдэл нэмэгдсэн.
- Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт Монгол Улсад хоёр дахин хурдацтай явагдаж байна. “Science” сэтгүүлийн энэ оны дугаарт “Монгол Улсын байгаль, цаг уурын өөрчлөлт эрчимтэй явагдаж дахин сэргэхгүй халуун хуурай агаартай болж байна” гэж бичсэн.
- Газрын гадаргын усны түвшин эрс багассан. Монгол Улс 1987 онд 785 нуур цөөрөм бүртгэж байсан бол 2010 онд 577 болж, ширгэж алга болсон нуур цөөрмийн тоо 208-д хүрсэн.
- Шар шороон шуурганы улмаас дараах сөрөг үр дагаврууд гарч байна хэмээн хятадын судлаачид үзэж байна.
Үүнд:
- Нисэх онгоцны хөөрөх, буух үеийн хөдөлгөөний аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй.
- Галт тэрэг, автомашины замын үзэгдэх орчныг бууруулснаар зорчих хөдөлгөөнд эрсдэл учруулж байна.
- Нарийн элс, шороо агаар мандалд тархсан үед янз бүрийн химийн хорт бодис, нянгууд түүгээр дамжин хүний амьсгалын системд нэвтэрч, эд эрхтэнд сөргөөр нөлөөлдөг.
- Хөрсөн дээрх органик бодисыг хийсгэж, улмаар үржил шимийг бууруулан хөрсний элэгдэл үүсдэг.
- Ургамлын навч элс, тоосоор бүрхэгдсэн үед ургацын хэмжээ буурдаг.
- Тоосжилт нь мал амьтныг амьсгалын замын болон ходоод гэдэсний өвчинд нэрвүүлж, хүндэрсэн тохиолдолд их хэмжээгээр үрэгдэх аюултай.
- Нарийн элс, тоосонцор нь хөдөө аж ахуйн байгууламжууд, айл өрхийн агаар сэлгэгч, нарийн бүтэцтэй бичил схем бүхий төхөөрөмжүүдийг эвдэх эрсдэлтэй.
- Шар шороон шуурганы үеэр ахуйн цахилгааны хэрэглээ нэмэгддэг, мөн орчны цэвэрлэгээний зардал их гардаг тул эдийн засгийн хувьд хохиролтой.
Шороон шуурганы асуудал нь Монгол, Хятадаар хязгаарлагдахгүй хөрш зэргэлдээ бусад улс орон, бүс нутгийн хэмжээнд нөлөөлж байгаа бөгөөд түүнтэй бодитоор, системтэйгээр тэмцэх хамгийн боломжит, прагматик хувилбар нь манай улс БНХАУ-тай хамтран ажиллах, туршлагыг нь хуулбарлан нэвтрүүлэх юм.