/2023.04.13/: Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын дөрвөн гишүүн 2023 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн юм.
Хуулийн төслийг Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцооны суурь өөрчлөлт, хуулиар зохицуулах харилцааны эрх зүйн зохицуулалтыг нарийвчлах, боловсронгуй болгох хэрэгцээ шаардлагад үндэслэн Хууль тогтоомжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасны дагуу хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах бөгөөд хуулийн төсөлд дараах харилцааг зохицуулахаар тусгасан. Үүнд:
1. Монгол Улсын Их Хурлын 38 гишүүнийг хуульд заасны дагуу байгуулагдсан сонгуулийн тойргоос, 38 гишүүнийг энэ хуульд заасны дагуу сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийн нэр дэвшигчдийн жагсаалтаас тус тус сонгох сонгуулийн хосолсон тогтолцоотой байхаар тусгаж, үүнтэй холбоотойгоор нэр дэвшүүлэх, нэр дэвшигчийг бүртгэх, саналын хуудсыг хэвлүүлэх, сонгогч санал өгөх, түүнийг тоолох, дүн гаргах, суудал хуваарилах зэрэг харилцааг нарийвчилсан зохицуулалтуудыг тусгасан,
2. Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яам, Олон улсын байгууллагын дэргэд суугаа Монгол Улсын Байнгын Төлөөлөгчийн газар, Монгол Улсын Ерөнхий консулын газар, Консулын газар, Консулын төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэн сонгуульд оролцож, санал өгөх эрхтэй байхаар тусгаж, үүнтэй холбоотойгоор гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажиллагааг зохион байгуулах байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагын бүтэц, бүрэн эрх, ажиллах журам, гадаад улсад байгаа иргэдийн сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, санал авах, тоолох харилцааг нарийвчилсан зохицуулалтуудыг тусгасан,
3. Улс төрийн намын бүртгэл, өөрчлөлттэй холбоотойгоор нам сонгуульд оролцохоо илэрхийлэх, хүлээн авах, бүртгэх үйл ажиллагаатай холбоотойгоор гардаг хүндрэл, эрх зүйн тодорхойгүй байдлыг арилгах талаарх нарийвчилсан зохицуулалтуудыг тусгасан,
4. Сонгогчдийн нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах үйл ажиллагааны ил тод, нээлттэй, хяналттай байдлыг нэмэгдүүлэх, уг үйл ажиллагаанд төрийн байгууллага болон сонгуульд оролцогч талуудын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр зохицуулалтуудыг тусгасан,
5. Санал авах өдөр өөрийн харьяа хэсгийн хороонд саналаа өгөх боломжоор бүрэн хангагдаж чаддаггүй сонгогчид болох оюутан, ээлжийн ажил хийдэг зэрэг сонгогчдын сонгох эрхийг хангах шаардлагад үндэслэн урьдчилан санал авах ажиллагааны талаарх зохицуулалтыг тусгасан гэлээ.
Хууль, тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжлээ.
Дараа нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хуулийн төслүүдийг УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Д.Ганбат нар 2023 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн юм.
Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл танилцуулав.
Тэрбээр, Улсын Их Хурал дах Ардчилсан намын бүлгээс Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг бэлтгэн өргөн барьж байна. Бидний боловсруулсан уг хуулийн төслийн ерөнхий агуулга, ач холбогдлыг дараах байдлаар тоймлон илэрхийлж байна.
1. Монгол Улсын нэгдсэн бодлого гаргах, хөгжлийн бодлого төлөвлөлт нэгдсэн байх үндэс суурийг бүрдүүллээ.
2. Сонгуулийн санал хамгийн багаар гээгдэх пропорциональ элементийг оруулж өгөв.
3. Жендерийн тэгш байдлыг чухалчлан, хүйсийн квотыг үлэмж нэмэгдүүллээ.
4. Олон нам парламентад орох үүд хаалгыг нээж өгч байна.
5. Шударга сонгууль явагдах нөхцөлийг бүрдүүлэв.
6. Гадаадад буй Монголчууд саналаа өгөх эрхийг баталгаажуулж өгөв.
7. Сонгууль хийх, нэр дэвшин сонгогдох зардлыг бууруулах, эмэгтэйчүүд залуучууд их хуралд сонгогдох боломж бүрдлээ.
Өнгөрсөн 8 удаагийн Улсын Их Хурлын сонгуулийн дийлэнх олонх мажоритар системээр явагдсан. 2000 оны ээлжит сонгуулиар нийт сонгогчдын 51.5 хувийн саналыг авсан МАХН Улсын Их Хурлын 76 суудлын 95 хувь буюу 72 суудлыг авсан бол 24.1 буюу нийт сонгогчдын дөрөвний нэгийн саналыг авсан Ардчилсан нам 1 суудал авч байжээ. 2016 онд нийт сонгогчдын 46.5 хувийн саналыг авсан МАН УИХ-д 65 суудал буюу нийт суудлын 85.5 хувийг, харин 34.2 хувийн санал авсан Ардчилсан нам 9 буюу нийт суудлын 12 хувийг тус тус авч байв.
Энэ парламент бүрдсэн 2020 оны Улсын Их хурлын ээлжит сонгуульд сонгогчдын 45 хувийн санал авсан МАН нийт суудлын 82 хувийг авсан бол нийт сонгогчдын 24 хувь буюу дөрвөн сонгогч тутмын 1-ийн саналыг авсан АН 11 суудал авчээ. Энэ мэтээр сонгуулийн үр дүн савалж, иргэд сонгогчдын санал гээгддэг муу жишиг мажоритар тогтолцоонд ихээр агуулагдаж байна. Ийм учраас Ардчилсан намын бүлэг сонгуулийн тогтолцоонд пропорциональ элементийг оруулах шаардлагатай гэж үзэж уг нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгалаа.
Гэвч ард иргэдийн дунд очих нүүргүй, ирэх эрхгүй улс төрчид намын жагсаалтанд нуугдаж, үүдээр гаргасныг тооноор оруулж ирэх гэж байна гэсэн хардлага, эргэлзээ бий тул жагсаалтаар сонгогдох гишүүдийн тоог 28 байхаар зааж, тэдгээрийг нам хаалттай хүрээнд жагсаах бус иргэдийн саналаар нээлттэй эрэмбэлж өгөхөөр зааж өглөө. Ийнхүү 2012 оны Улсын Их хурлын сонгууль явагдсан жишгээр томсгосон тойргоос 48 гишүүн, намын жагсаалтаар ард иргэдээс эрэмбэлэгдсэн 28 гишүүн байхаар хуулийн төсөл өргөн барилаа.
Дан мажоритар тогтолцооны нэг сул тал нь сонгогдоход санал гээгдэх явдал байдаг бол сонгогдсны дараа тойргийнхоо асуудлыг шийдэх эрэлт, хэрэгцээний үүднээс улсын нэгдсэн хөгжлийн бодлого гаргах, мөрдүүлэхэд тодорхой хэмжээгээр саад тотгор бий болох явдал байгааг тодорхой хэмжээнд сааруулахад намын жагсаалт зохих нөлөө үзүүлнэ гэж харж байна.
Жендэрийн тэгш байдал бол зөвхөн аль нэгэн хүйс, хэн нэгэн хүмүүсийн тухай асуудал биш нийгмийн асуудал, хөгжлийн шалгуур үзүүлэлт, ардчиллыг тодорхойлгох хамгийн чухал үнэлэмжүүдийн нэг боллоо. Ийм учраас төлөөлөл нь хангагдахгүй байгаа бүлгийн эрхийг хангах, төлөөллийг нэмэгдүүлэх нь тогтвортой хөгжилд хүрэх боломж гэж дэлхий нийтээр үзэж байна. Олон Улсын Парламентын Холбооны нэгдсэн мэдээллээс үзэхэд 2021 оны байдлаар нийт улс орнуудын парламентад эмэгтэйчүүдийн эзлэх хувь нь дунджаар 25.8 хувьтай байхад Монгол Улс 17.1% байгаа нь Азийн бүс нутгийн дунджаас доогуур үзүүлэлтэй байна. Ардчилсан намын бүлгийн зүгээс хүйсийн квотыг зөвхөн эмэгтэйчүүдийг албан тушаалд дэмжих тухай асуудал гэж үзэлгүйгээр асуудлыг том зургаар харах цаг нь болсон гэж үзэж эмэгтэй квот 40 хувь байх, тэр тусмаа намын жагсаалтад 1:1 байхаар оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Өнгөрсөн 30 гаруй жилд 8 удаагийн сонгууль болж, 30 гаруй нам эвсэл сонгуульд орж байсан ч Улсын Их Хуралд суудал авсан намын тоо 5-аас хэтрэхгүй байсаар байна. Ийм учраас суудал хуваарилах босгыг намын хувьд 3, эвслийн хувьд 5 хувь байх саналыг хуулийн төсөлд орууллаа. Үүний үр нөлөөгөөр олон олон намууд парламентын босго алхан өөрсдийн дуу хоолойгоо хүргэх боломж бүрдэнэ гэж үзэж байна.
Сонгуулийн тогтолцоог зөв сонгохоос дутуугүй ач холбогдолтой нэгэн зүйл бол сонгуулийг шударгаар явуулах нөхцөлийг бүрдүүлэх юм. Ийм учраас сонгуулийн үеийн зөрчилд хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлж, Сонгогчдын нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны даргыг цөөнхийн бүлгийн гишүүдээс, хэрэв цөөнхийн бүлэг байгуулах гишүүдийн тоо хүрэхээргүй бол цөөнхийн гишүүдээс сонгохоор хуульчлан зааж өгөхөөр тусгалаа.
Жил бүр өсөн нэмэгдэж буй гадаадад сурч, суурьшин буй иргэдээ Монгол төрийн сонгуульдаа оролцох боломжийг бүрдүүлэн, тухайн улсынхаа Элчин сайдын яаманд очин намын жагсаалтанд дэвшсэн нэр дэвшигч болоод намд саналаа өгөх боломжийг бүрдүүллээ. Ингэснээр олон талын төлөөлөл Улсын Их Хуралд дэвших, сонгох боломж бодитоор бүрдэнэ. Энэ нь сонгуулийн зардлын өндөр босгыг буулган, олон бүлгийн төлөөлөл УИХ-д бодитоор сонгогдох замыг нээж өгч байна гэж бид үзэж байна хэмээн танилцуулав.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан бөгөөд сонгуулийн тогтолцоо, тойрог, үүнтэй холбоотой гарсан Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлэх квот, намаасаа нэр дэвшээгүй гишүүд өөр намаас нэр дэвших асуудал, сонгуулийн сурталчилгаатай холбоотой асуудлыг хуулийн төсөлд хэрхэн тусгасан талаар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ.
Мөн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцсэн.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсгийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг Үндсэн хуулийн цэц 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаар хянан хэлэлцжээ.
Уг хуралдаанаас гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан төлөөлөгчийг огцруулах тухай асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэж шийдвэрлэхээр хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.”, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. …” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэж дүгнэлт гаргасан талаар УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажилласан УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар танилцуулав.
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ