Гарчигт товчхон хариулахад “ҮГҮЙ”. Удамшлын бүтэц таны зан төлөвт нөлөөлдөг ч таны хүрээлэн буй орчин бас чухал үүрэг гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл хүрээлэн буй орчин генүүдийг бие махбодид хэрхэн ажиллахыг мөн зааж өгдөг гэсэн үг.
Энэхүү судалгааны төрлийг эпигенетик гэж нэрлэдэг бөгөөд хүрээлэн буй орчин бидний зан төлвийг хэрхэн бүрдүүлдэг болохыг судалдаг.
Үүнийг тайлбарлахын тулд ихрүүдийн жишээг авцгаая. Тэр тусмаа нэг эсийн ихрүүдийг онцолмоор байна. Нэг эсийн ихрүүд нь нэг өндгөн эсээс хуваагдаж үүсдэг учир үргэлж ижил хүйстэй байдаг бөгөөд ихрүүд маш төстэй.
Тэгэхээр үүнээс нэг асуулт гарч ирнэ. Ижил генетиктэй хүмүүс нь ижил замаар хөгжиж дэвшиж, ижил амьдралын хэв маягтай болж, ижил байдлаар асуудлыг шийддэг үү?
Энэ асуултад хоёр бодитой жишээ авч үзье.
Эхнийх нь “Хоёр Жим”-ийн нөхцөл байдал гэдгээрээ алдартай тохиолдлыг ярилцах нь зөв байх. Нэг эсийн ихрүүдийг дөнгөж нэг сартай байх үед нь өөр гэр бүлүүдэд үрчлүүлжээ.
Тэд 39 насандаа эргэн нэгдсэн бөгөөд Жеймс Спрингер, Жеймс Луис нар хоёулаа маш өөр орчинд өссөн ч гайхамшигтай нь тэдний амьдралын хэв маяг маш төстэй байсан гэжээ. Адилхан Линда гэж бүсгүйчүүдтэй гэрлээд салсныхаа дараа ахин Бэтти гэж бүсгүйчүүдтэй гэрлэцгээсэн.
Механик зураг болон мужааны ажилд хоёул дуртай бөгөөд ЕБС-ийн математикийн хичээлд дуртай харин англи хэлний зөв бичгийн дүрэмд хоёул маш дургүй. Хоёул тамхи татаж хааяа нэг амсдаг бөгөөд өдрийн яг ижил цагт ижил газруудад толгой нь өвддөг байсан аж.
Одоо харин хоёр дахь ихрүүдийн жишээг авъя. Оливерийн эгч дүүс нь мөн л нэг эсийн ихрүүд. Барбара Оливер болон Кристин Оливер нар бараг ижил хүн шиг төрж өссөн. Хувцас, үсний засалт гээд бүх зүйл нь ижилхэн байв.
Гэвч тэд өсвөр насандаа ирээд зам нь салцгаасан юм. Барбара нь илүү зоригтой, шийдэмгий байсан бол Кристин илүү өөрийгөө хянах чадвартай нь байв. Барбарагийн үгээр тэдний ялгаа нь:
“Би богино банзал өмсдөг бол Кристин урт даашинз, хүрэм өмсдөг. Кристин өөрийнхөө хийж байгаа зүйлдээ илүү ухамсартай ханддаг бол би хийж байгаа бүх зүйлдээ шийдэмгий, итгэлтэй байдаг байсан. Жил ирэх тусам бидний энэ ялгаа улам тодорч ойлгомжтой болсон” гэжээ.
Барбара, Кристин хоёр ижил ген, ижил орчинд өссөн боловч бие биенээсээ улам өөр болж байсан бол Жим Спрингер, Жим Льюис нар өөр өөр нөхцөлд байдалд өссөн ч маш адилхан болсон байсан.
Энэ хоёр жишээний цор ганц ижил зүйл нь эдгээр ихрүүд яг ижилхэн гентэй байсан бол ялгаатай зүйлс нь тэдний өссөн орчин өөр байсан. Тиймээс бид удамшилтай холбоотой ямар нэгэн асуултад хариулахаасаа өмнө заавал ч үгүй генетикийг гадаад орчинтой нь холбон авч үзэх хэрэгтэй болж буй юм.
Дараагийн дугаарт бид эпигенетик гэж юуг хэлдэг, хүрээлэн буй гадаад орчин ДНХ-д хэрхэн нөлөөлдөг талаар авч үзэх болно.
Эх сурвалж: www.scienceabc.com