Шинэ Үндсэн хуулийг сурталчлах илтгэлийн уралдааны шилдгүүд тодорлоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ Үндсэн хуулийг сурталчлах илтгэлийн уралдааны шилдгүүд тодорлоо

/2023.03.17/: Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг сурталчлах илтгэлийн уралдааныг НИТХ, НЗДТГ-аас хоёр үе шаттайгаар зохион байгуулсан.

Тодруулбал, их, дээд сургуулийн оюутнууд “Хүний эрхийг хангах орон нутгийн байгууллагын үүрэг”, “Орон нутгийн бие даасан байдал, тулгамдаж буй асуудал” сэдвээр, ерөнхий боловсролын сурагчид “Хүний эрхийг хангахад төрийн болон хувийн хэвшлийн үүрэг оролцоо” сэдвээр энэхүү уралдаанд оролцсон юм.

Уралдааны нэгдүгээр шатанд 60 гаруй оюутан, сурагч бүтээлээ ирүүлснээс хоёрдугаар шатанд 37 нь шалгарчээ. Тэгвэл хоёрдугаар шатанд шалгарсан оюутан, сурагчид өнөөдөр илтгэлээ хэлэлцүүлж, шилдгүүдийг тодрууллаа. Шилдэг оролцогчдод Нийслэлийн Засаг даргын захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ шагнал гардуулсан юм.

Уралдааныг Удирдлагын академийн Удирдахуйн ухааны сургуулийн суурь судалгааны секторын эрхлэгч Я.Долгоржав, Үндсэн хуулийн цэцийн судалгааны төвийн захирал Р.Мухийт болон мэргэжлийн их сургуулиудын багш нар, холбогдох байгууллагуудын мэргэжилтнүүд шүүн явууллаа.

Уралдааны шүүгчид, оролцогчид сэтгэгдлээ хуваалцав.

Удирдлагын Академийн Удирдахуйн ухааны сургуулийн суурь судалгааны секторын эрхлэгч Я.Долгоржав:

- Эрдэм шинжилгээний ажил нь хоёр гол хүчин зүйлээр тодорхойлогдоно. Сэтгэлгээ талаасаа ярьж буй нь логик уялдаатай эсэх, мөн практик талаасаа баримт нотолгоо хэр цуглуулж, түүнийгээ хэрхэн танилцуулж байгаа нь чухал. Уралдаанд доод курсийн оюутнууд түлхүү оролцсон байна. Эрдэм шинжилгээний ажлыг эрт эхэлснээр аливааг илүү үндэслэлтэйгээр эргэцүүлж чаддаг болдог гэлээ.

Үндсэн хуулийн цэцийн судалгааны төвийн захирал Р.Мухийт:

- Агуулга, хэлбэр, илтгэх ур чадвар гэсэн үндсэн гурван бүлэг шалгуур, 10 гаруй дэд үзүүлэлтүүдээр илтгэлүүдийг дүгнэсэн. Оюутнууд олон шинэлэг санаа дэвшүүлж байна. Тухайлбал, сүүлийн үед тулгамдаж буй хүүхдийн эрхийн асуудлуудыг хөндсөн нь үнэлүүштэй хэрэг хэмээв.

“Хүний эрхийг хангах орон нутгийн байгууллагын үүрэг” сэдэвт илтгэлийн уралдааны тэргүүн байрын эзэн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутан Б.Туяа:

- Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хуулиар тусгайлан эрх олгосон бол нийтийн эрх ашгийг төлөөлөн захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргах талаар хуульчилсан. Энэ зохицуулалтын талаар дэлгэрүүлэн судлах тухай би илтгэлдээ онцоллоо. Уг сэдвээр өмнө нь хийсэн судалгаа байхгүй юм билээ. Тэргүүн байранд шалгарсандаа баяртай байна гэсэн юм.

“Хүний эрхийг хангахад төрийн болон хувийн хэвшлийн үүрэг оролцоо” сэдэвт илтгэлийн уралдааны тэргүүн байрын эзэн, Сэтгэмж цогцолбор сургуулийн 10б ангийн сурагч Э.Мөнхбаясгалан:

-Би өгөгдсөн сэдвийг нарийвчлан хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хангахад төрийн болон хувийн хэвшлийн үүрэг оролцооны талаар онцолсон. Манай ангид хөгжлийн бэрхшээлтэй хоёр хүүхэд байдаг. Тэднийг гэр рүү нь дөхүүлж өгөхөд ямар их саад тулгардгийг мэдсэн нь энэ сэдвийг сонгох шалтгаан болсон гэв.

“Хүний эрхийг хангах орон нутгийн байгууллагын үүрэг” сэдэвт илтгэлийн уралдааны шагналт байрын эзэд:

I байр: МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутан Б.Туяа

II байр: ДХИС-ийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны сургуулийн 521 дүгээр дамжааны дэд түрүүч М.Маралмаа

III байр: ИЗОУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутан Б.Өнөрзаяа

“Орон нутгийн бие даасан байдал, тулгамдаж буй асуудал” сэдэвт илтгэлийн уралдааны шагналт байрын эзэд:

I байр: МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн оюутан Н.Баасансамбуу

II байр: МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутан М.Амина, Г.Мягмарцэрэн

III байр: ХИС-ийн Мэдээлэл, харилцаа менежментийн сургуулийн оюутан Б.Марал

“Хүний эрхийг хангахад төрийн болон хувийн хэвшлийн үүрэг оролцоо” сэдэвт илтгэлийн уралдааны шагналт байрны эзэд:

I байр: Сэтгэмж цогцолбор сургуулийн сурагч Э.Мөнхбаясгалан

II байр: 49 дүгээр сургуулийн сурагч Т.Цэрэнпунцаг, Б.Эрдэнэдалай

III байр: 5 дугаар сургуулийн “Софи” клуб /С.Анхбаяр, А.Булган, Б.Номин-Эрдэнэ, Л.Энхрийлэн/

Тусгай байр: 23 дугаар сургуулийн сурагч Ө.Сэргэлэн

Эх сурвалж: НЗДТГ

Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардуулав
Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардуулав
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.