/2023.03.09/: Арктикийн дулааны температур нэмэгдэхийн хирээр тус нутгийн мөнх цэвдэгийг гэсгээснээр, хэдэн арван мянган жилийн турш унтаа байдалд байсан аюулт вирусуудыг сэрээж байна.
Бидний судлаж, мэдэж амжаагүй эрт үеийн вируснууд нь шинжлэх ухааны уран зөгнөлт кинонд гардаг шиг тахал өвчин гаргах боломж бага хэдий ч эрсдэлийг дутуу үнэлж болохгүйг эрдэмтэд анхааруулж байна. Хүйтэн дайны үеэс үүссэн, ан амьтдад хор хөнөөл учруулж, экосистемийг алдагдуулж болзошгүй химийн болон цацраг идэвхт хаягдал ч гэсэлтийн үеэр гарч болзошгүй аж.
НАСА-гийн тийрэлтэт хөдөлгүүрийн лабораторийн цаг уурын судлаач Кимберли Майнер хэлэхдээ "Цэвдэгийн хайлалттай холбоотой санаа зовоох зүйл маш их байгаа бөгөөд бид цэвдэгийг аль болох хайлуулалгүй тогтоох хэрэгтэй" гэв.
Мөнх цэвдэг нь хойд хагас бөмбөрцгийн тавны нэгийг эзэлдэг бөгөөд олон мянган жилийн турш Арктикийн тундр, Аляска, Канад, Орос зэрэг улсуудад оршсоор иржээ. Хайлалтын улмаас дан ганц эртний вирүс ч биш сүүлийн жилүүдэд эрдэмтдийн илрүүлж, судалж чадсан олон тооны устаж үгүй болсон амьтдын муммижуулсан үлдэгдлийг хадгалдаг нэгэн төрлийн цагийн капсул болж байна.
Мөнх цэвдэг нь аливаа зүйлсийг байгаагаар нь хадгалдаг шалтгаан нь зөвхөн хүйтэнд биш бөгөөд хүчилтөрөгчгүй, гэрэл нэвтэрдэггүй орчин байдгаас шалтгаалдаг аж. Гэвч одоогийн Арктикийн температур бусад хэсгээс дөрөв дахин хурдан дулаарч, бүс нутгийн мөнх цэвдгийн дээд давхаргыг сулруулж байна.
Францын Марсель хотын Экс-Марселийн их сургуулийн Анагаах ухааны сургуулийн Анагаах ухаан, геномикийн гавъяат профессор Жан-Мишель Клавери хөлдөөсөн вирүсийн эрсдэлийг илүү сайн ойлгохын тулд Сибирийн мөнх цэвдэгээс авсан газрын дээжийг шинжилж, вирусын тоосонцор байгаа эсэхийг шалгасан байна. Тэдгээрт агуулагдаж байгаа вируснууд нь халдварлах чадвартай хэвээр байсан аж. Тэрээр "зомби вирус" гэж тодорхойлсон зүйлээ хайж байгаа бөгөөд заримыг нь олж чаджээ.
Тэрээр амёбаар халдварладаг вирусууд удаан хугацааны дараа халдвартай хэвээр байгаа нь маш том асуудал үүсч болзошгүйг харуулж байна. Бид бусад олон вирусын ул мөрийг харж байна. Тиймээс бид судлагдаагүй вирусууд тэнд байгааг мэдэж байна. Тэднийг амьд байгаа эсэхийг сайн мэдэхгүй ч бидний үзэж байгаагаар амебын вирүс амьд хэвээр байвал бусад вирусууд амьд үлдэж, амьд биеийг халдварлуулна" гэжээ.
Хэрэв олон мянган жилийн өмнөх судлагдаагүй вирус идэвхижсэн тохиолдолд бидний дархлааны систем тэдгээр вирусыг эсэргүүцэх хангалттай хүчгүй байна гэж эрдэмтэд үзэж байна.
Эх сурвалж: CNN