Уур амьсгалын өөрчлөлт биднээс хол юм шиг ойлгогддог ч үнэндээ хамгийн ойр зүйл юм.
"Бодлогод залуусын хяналт" ТББ-аас Канад сангийн дэмжлэгтэйгээр сэтгүүлчдэд хүрээлэн буй орчин, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх шинжлэх ухаанч, баримт нотолгоонд тулгуурласан мэдлэг ойлголт, ур чадварыг бэхжүүлэх зорилгоор хэрэгжсэн “Уур амьсгалын өөрчлөлт ба залуу сэтгүүлчдийн манлайлал” цогц хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж дууслаа.
Энэ хүрээнд хөтөлбөрт оролцож буй залуусын суралцсан зүйл, онцлох мэдлэг, цаашид ажилдаа хэрхэн ашиглах талаар товч ярилцлаа.
Сэтгүүлч З.Энхбаяр:
Хөтөлбөрийн хамгийн онцлох мэдлэг ойлголт, хэсэг юу байсан бэ?
- Хөтөлбөрийн нэршлээсээ эхлээд бүх ойлголт нь миний хувьд цоо шинэ байсан. Наад зах нь уур амьсгалын өөрчлөлт болон цаг уур гэсэн хоёр ойлголтын ялгаатай байдлаас эхлээд хичээл бүрд гарч буй ойлголтуудтай шинээр танилцлаа. Мөн хөтөлбөрийн агуулгыг сэтгүүлчдэд ойлгомжтой байдлаар хүргэхийн тулд баримталсан дараалал нь онцлог санагдсан. Тухайлбал, дэлхий дахинд уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг ямар түвшинд ярьж буйгаас эхлээд хэрхэн шийдэхийг хичээж байгаа, ямар бодлого баримталж байгаа гээд өргөн ойлголтыг авч үзээд, тэгвэл Монголд нөхцөл байдал ямар байна, бид юу хийхийг хичээж байна гэх зэргийг үзлээ.
Хөтөлбөрийг товчхон дүгнэвэл:
- Багт хуваагдан бүтээл хийж байхад “Дахин боловсруулах бүтээгдэхүүн” гэдэг нэр томъёон дээр маш болгоомжтой байх ёстой гэдгийг ойлгож авлаа. Хог хаягдалтай тэмцэх гол арга бол “Дахин боловсруулах бус гарцыг бууруулах юм байна” гэдгийг мартахааргүйгээр ойлгосон.
Цаашид ажилдаа хэрхэн ашиглах вэ? Энэ чиглэлээр хийхээр төлөвлөсөн зүйл бий юу?
- Ажлын хувьд олон улсын төсөл хөтөлбөрт орох замаар өөрийн өсөлт хөгжилд илүү ашиглана гэж харж байна.
Сэтгүүлч О.Амаржаргал:
Хөтөлбөрийн хамгийн онцлох мэдлэг ойлголт, хэсэг юу байсан бэ?
- Өмнө нь уур амьсгалын өөрчлөлт гэж сонсож байснаас бүр илүү судалж байгаагүй учраас хөтөлбөрийн хүрээнд олж авсан мэдлэг, мэдээллүүд бүгд л сонин содон санагдсан. Гэхдээ Парисын хэлэлцээрийн талаар сонсоод нүүрсний асуудал шууд бодогдсон доо. Манай улсын экспортын голлох бүтээгдэхүүн нь нүүрс. Гэтэл дэлхийн улс орнуудын хандлага аль болох нүүрснээс татгалзах жишээтэй. Яагаад ч юм уур амьсгалын өөрчлөлтийн хүрээнд манай улс нэг тийм гацаанд орох юм шиг санагдсан.
Хөтөлбөрийг нэг өгүүлбэрээр дүгнэвэл
- Хүний эрхийн мэдрэмжтэйгээр оролцогчдодоо мэдлэг чадварыг олгодог. Яг энэ чиглэлээр дагнан бичдэг сэтгүүлчдийн клубт орохоор төлөвлөж байна.
Сэтгүүлч Б.Баярцэцэг:
Хөтөлбөрийн хамгийн онцлох мэдлэг ойлголт, хэсэг юу байсан бэ?
- Миний хувьд менторуудтай уулзаж, мэргэжлийн хүмүүсээс тодорхой ойлголтуудыг авсан нь хөтөлбөрийн хамгийн онцлох хэсэг байсан.
Хөтөлбөрийг нэг өгүүлбэрээр дүгнэвэл
- Олон сэтгүүлчдэд байгаль орчны талаарх чанартай сургалтыг олгож чадсан
Цаашид ажилдаа хэрхэн ашиглах вэ? Энэ чиглэлээр хийхээр төлөвлөсөн зүйл бий юу?
Өдөр тутмын мэдээ бэлтгэхэд ялангуяа уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны чиглэлийн эх сурвалжуудтай уулзаж, ярилцахад дөхөм болсон. Цаашид ярилцлага, мэдээ бэлтгэхдээ ашиглана гэж бодож байна.
Хүний эрхийн активист Э.Саруул-Эрдэнэ:
Хөтөлбөрийн хамгийн онцлох мэдлэг ойлголт, хэсэг юу байсан бэ?
- Гурван сарын турш үргэлжилсэн энэ хөтөлбөрт иргэний нийгмийн төлөөлөл болж оролцсондоо маш их баяртай байна. Хөтөлбөрийн тухайд онолын мэдлэгийг олгохын зэрэгцээ, практиктай хослуулсан сургалтын хөтөлбөртэй байсан нь ихээхэн давуу тал болсон гэж дүгнэж байна. Энэ нь сэтгүүлчид болоод иргэний нийгмийн төлөөлөл бүхий оролцогчдын хувьд сэдвийг илүү амархан ойлгоход чухал нөлөө үзүүлж байсан. Гурван сар гэдэг нэг талаас урт хугацаа мэт боловч нөгөө талаас уур амьсгалын өөрчлөлт, түүнтэй холбогдох бусад асуудлын талаар мэдлэг олж авахад богинохон хугацаа гэж хэлмээр байна
Хөтөлбөрийг нэг өгүүлбэрээр дүгнэвэл:
- Уг хөтөлбөрт хамрагдсанаар хамгийн энгийнээр бидний өдөр тутмын амьдралдаа анзааралгүй, хайнга хандаж гаргадаг жижигхэн үйлдэл бүр урт хугацаандаа ямар их хор хөнөөл авчрахыг илүү агуулга болон онолын хувьд гүнзгийрүүлэн судлах боломж бий болж, түүнийг хэрхэн шийдвэрлэх арга замыг олоход суралцсан
Цаашид ажилдаа хэрхэн ашиглах вэ? Энэ чиглэлээр хийхээр төлөвлөсөн зүйл бий юу?
- Цаашдаа хөтөлбөрөөс сурсан зүйлсээ хүний эрхийн чиглэлтэй холбож энэ асуудал өөрөө бид болоод бидний ирээдүй хойчийн эрхтэй хэрхэн холбогдож байгаа талаар гүнзгийрүүлэн судалж, нийгэмд тустай нөлөөллийн ажил, үйл ажиллагаа хийх бодолтой байгаагаа хэлэхэд таатай байна.
Хүний эрх хамгаалагч Ц.Бодьцэцэг:
Хөтөлбөрийн хамгийн онцлох мэдлэг ойлголт, хэсэг юу байсан бэ?
- Хөтөлбөрийн хамгийн онцлох мэдлэг нь бэлчээрийн талхлалт байсан. Монгол ахуйтай хамгийн ойр, амьжиргаагаа залгуулдаг нь мал аж ахуй боловч шинжлэх ухаанчаар ханддаггүй байжээ. Энэ хөтөлбөрөөс бэлчээр, мал аж ахуй орчин үе рүүгээ уусаж байгаа нь төдийлөн зөв зохицуулалт болж чадахгүйгээр уур амьсгалын өөрчлөлтөд асар их нөлөөлж байгааг ойлгосон. Жишээ нь: 4 улирлаар бэлчээрээ сэлгэхгүй байгаа байдал, малын ашиг шимийг ихэсгэх гэхээсээ илүү малын тоог өсгөх нь сайн зүйл мэтээр хүмүүс ойлгож байгаа нь уур амьсгалын өөрчлөлтийг эрчимжүүлж тал нутгаа алдсаар байгааг бэлчээрийн багийн бүтээлээс харлаа. Хөтөлбөрийн онцлох зүйл гэвэл аль болох байгальд ээлтэйгээр үйл ажиллагаагаа зохион байгуулсан нь байсан. Нэг удаагийн зүйлсээс татгалзаж бүгд шаазан аяга, халбагаа хөтөлбөрийн турш ашигласан. Дасгал ажлууд, сургалт дээр цаасны хэрэглээг маш бага байлгасан гэх мэт байдал нь онцлог байсан.
Хөтөлбөрийг нэг өгүүлбэрээр дүгнэвэл
- Дэлхий дахинд үргэлжлэн явагдаж буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар нийгэмд дуу хоолой болдог сэтгүүл зүйн салбарынханд системтэйгээр яам болоод судлаач, багш нараас сургалт, мэдээлэл өгсөн нь энэ сэдвийн нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх бат бэх суурь болох юм.
Цаашид ажилдаа хэрхэн ашиглах вэ? Энэ чиглэлээр хийхээр төлөвлөсөн зүйл бий юу?
- Анхааран ажиллах гол асуудлууд дээрээ уур амьсгалын асуудлаар хэрхэн холбогдож байгааг шууд толгойдоо зурагладаг болсон. Наанадаж хот төлөвлөлтийн чиглэл, орчны чиглэлээр ажиллахдаа байгальд яаж ээлтэй байлгах боломжтойг суурьтайгаар судлах боломжтой. Мөн сургалт хөтөлбөртөө цаас, нэг удаагийн зүйлсээс татгалзах, худалдан авалт бүртээ зөвийг сонгох мэдлэг олгосонд баяртай байна.