/2023.1.27/ Иргэд, сошиал хэрэглэгчид УИХ, Засгийн газрын гишүүн Н.Учралын өргөн барьж, батлуулсан “Сошиал орчинд хүний эрхийг хамгаалах тухай” хуулийг эсэргүүцсэн ч тусыг эс олов.
Тиймээс эцсийн найдвар болгон Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг уг хуульд хориг тавьж өгөхийг хүсэн, гарын үсэг цуглуулсаар байгаа. Хуульд зааснаар дараах тохиолдолд Ерөнхийлөгч УИХ-аас баталсан хуульд хориг тавина. Үүнд:
1/Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг Улсын Их Хурлаар хэлэлцэж, чуулганд оролцсон нийт гишүүний гуравны хоёр нь хүлээж аваагүй бол уг хууль, шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ гэж заажээ.
“Н.Учралын хууль”-ийг УИХ-ын гишүүдийн 40 нь дэмжиж баталсан. Хэдийгээр энэ хууль нь хууль зөрчиж батлагдсан ч гэлээ УИХ-ын гишүүдийн олонх нь мөн түүн дотор УИХ-ын дарга Г.Занданшатар хүртэл энэхүү хуулийг баталсан байгаа юм.
Ингээд бодвол Ерөнхийлөгч хориг тавьсан ч УИХ-аар түүнийг нь дэмжихгүй байх үндэслэлтэй байна.
Мөн энэ хуулийг зөвхөн Н.Учрал л чуулганд өргөн барьсан болохоос хуулийн ард МАН-ын бодлого бүхэлдээ байх бүрэн боломжтой. Тиймээс хэдийгээр албан тушаалаа аваад намын харъяаллаасаа татгалзсан ч МАН-ын бодлогоо Ерөнхийлөгч дэмжих магадлалтай.
ЯМАР ХУУЛИУДЫГ ЗӨРЧСӨН БЭ?
УИХ-ын чуулганы дэгийн тухай хууль:
21 дүгээр зүйл.Улсын Их Хурлын чуулганаар төслийг нэн яаралтай хэлэлцүүлэх
21.1.Засгийн газрын хуралдааны шийдвэрийг үндэслэн Ерөнхий сайд үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангахтай холбогдуулан хууль, тогтоолын төслийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр Улсын Их Хуралд бичгээр хүсэлт тавьсан бол Улсын Их Хурлын дарга өмнө баталсан хэлэлцэх асуудлын тов, дараалалд өөрчлөлт оруулж, чуулганаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргана.
Дээрх Сошиал орчинд хүний эрхийг хамгаалах тухай хууль нь эдийн засгийн аюулгүй байдлыг хангахтай огт холбоогүй юм.
Мөн энэ хуулийн “Төслийн талаар олон нийтээс санал авч, хэлэлцэх журам” хэсгийг зөрчсөн буюу энэ хуулийг олон нийтээр огт хэлэлцүүлээгүй.
“Хууль тогтоомжийн хууль”-ийн дараах заалтуудыг зөрчсөн:
38 дугаар зүйл.Хууль тогтоомжийн төслийн хэлэлцүүлэг зохион байгуулах
38.1.Хуульд өөрөөр заагаагүй бол хууль санаачлагч хууль тогтоомжийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээс өмнө олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулж, холбогдох материалыг баримтжуулан хууль тогтоомжийн төслийн бүрдүүлбэрт хавсаргана.
38.2.Хууль санаачлагч албан ёсны цахим хуудсандаа хууль тогтоомжийн төсөл, түүний үзэл баримтлал, хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судалсан, эсхүл тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийсэн, хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлсэн, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоог хийсэн тайланг байршуулж, хууль тогтоомжийн төсөлд санал өгөх хугацааг тодорхой заана.
38.3.Хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 38.2-т заасан хугацаа 15-аас доошгүй хоног байна. Энэ хугацаанд иргэн, хуулийн этгээд саналаа бичгээр өгөх бөгөөд холбогдох этгээд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
38.4.Хууль санаачлагч энэ хуулийн 38.3-т заасны дагуу ирүүлсэн саналыг харгалзан үзнэ.
38.5.Олон нийтийн хэлэлцүүлгийг дараах хэлбэрээр явуулна:
38.5.1.бичгээр санал авах;
38.5.2.уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах;
38.5.3.санал асуулга явуулах;
38.5.4.олон нийтийн цахим сүлжээгээр хэлэлцүүлэг явуулах;
38.5.5.бусад хэлбэр.
38.6.Хууль санаачлагч олон нийтийн хэлэлцүүлгийн хугацаа дууссан өдрөөс хойш 30 хоногийн дотор хуулийн төсөлд тусгасан болон тусгаагүй саналын товъёгийг бэлтгэн албан ёсны цахим хуудсандаа байршуулна.
38.7.Хууль санаачлагчийн боловсруулж байгаа хууль тогтоомжийн төслийн үндэсний аюулгүй байдлын үүднээс хуулиар нууцад хамааруулсан асуудалтай холбоотой хэсгээр олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулахгүй.
Иргэд олон нийт сошиал орчинд ямар нэгэн зохицуулалт байх ёстой гэдгийг үгүйсгээгүй. Харин хуулийг хулгайн замаар батлуулахыг ихээр эсэргүүцэж, дургүйцэж байгаа юм.