/2023.1.27/ Шинэ Үндсэн хуулийн төслийг mpress.mn сайт олон нийтэд ил болгосон билээ. Энэ төсөлд олон сонирхолтой зүйл багтсан. Тухайлбал, Ерөнхийлөгчийн эрх үүрэг, үйл ажиллагааг хэрхэн тусгасан талаар оруулъя.
Эндээс нэг чухал заалт буюу “Монгол Улсын Ерөнхийлөгч, өмнө нь Ерөнхийлөгчийн албан тушаал хашиж байсан хүн өөрөө зөвшөөрвөл түүнийг зургаан жилийн хугацаатайгаар Улсын Их хурлын төлөөлөгчөөр томилно” гэж 35 дугаар зүйлийн 12-т заасан байна.
Шинэ Үндсэн хуулийн Гуравдугаар бүлэгт Ерөнхийлөгчийн талаар заажээ. Энэ бүлгийг одоогийн Үндсэн хуульд заасан заалтуудтай харьцуулан хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ
22 дугаар зүйл
1.Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, хүний эрх эрх чөлөөг хамгаалах үндэсний тогтолцооны манлайлагч мөн гэжээ. Одоо үйлчилж байгаа хуулиар Ерөнхийлөгчид “Хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцооны манлайлагч” гэх тодорхойлолт байхгүй.
Одоо байгаа хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч нь зургаан жилийн хугацаатайгаар зөвхөн нэг удаа сонгогдоно гэж байгаа бол төсөлд “Таван жилийн хугацаатайгаар нэг удаа сонгогдоно” гэжээ.
Одоо байгаа хуулиар Ерөнхийлөгчийн сонгууль хоёр шаттай байна гэж заасан боловч эхний шатанд бүх ард түмнээс Ерөнхийлөгч сонгогдоод, түүнийг нь УИХ-аас “Ерөнхийлөгчөөр сонгогдсон” гэж үзэж хууль баталсан тохиолдолд түүнийг Ерөнхийлөгчөөр сонгоно гэж заасан. Өөрөөр хэлбэл, УИХ-аас сонгуульд ялагчийг Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэхгүй, бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль батлахгүй байвал Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцохгүй байх магадлал одоогийн Үндсэн хуульд бий. Гэвч ийм тохиолдол гараагүй байна.
Харин шинэ Үндсэн хуулийн төсөлд дараах байдлаар тусгажээ.
“Монгол Улсын Ерөнхийлөгчид УИХ-ын ес ба түүнээс дээш тооны гишүүд хамтран, Улсын бага хурлын ес ба түүнээс дээш тооны гишүүд хамтран тус бүр нэг хүний нэр дэвшүүлж болно” гэж заажээ. Мөн Ерөнхийлөгчийг ард түмнээс биш харин УИХ болон Улсын бага хурлын гишүүдийн ердийн олонхийн саналаар сонгох юм байна.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭРХ МЭДЭЛ
Шинэ Үндсэн хуулийн төсөлд “Улсын Бага хурал баталж УИХ соёрхон баталсан хууль, бусад шийдвэрийг ёсчлох" гэж заажээ.
Одоо үйлчилж буй Үндсэн хуульд:
1/Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг Улсын Их Хурлаар хэлэлцэж, чуулганд оролцсон нийт гишүүний гуравны хоёр нь хүлээж аваагүй бол уг хууль, шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ гэж заасан байдаг.
Шинэ Үндсэн хуулийн төсөлд нэгэн шинэ эрх мэдлийг оруулсан нь дараах байдлаар тусгагджээ. Үүнийг “Хүний эрхийн дээд зөвлөлийг тэргүүлэх” гэж оруулжээ.
Одоогийн Үндсэн хуулиар Ерөнхийлөгчийн эрх мэдэлд “Засгийн газарт өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар чиглэл өгнө. Энэ чиглэлээр Ерөнхийлөгч зарлиг гаргавал түүнд Ерөнхий сайд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж заасан байдаг.
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын харилцаа мөн шинэ хуулийн төсөлд тусгаснаар нэлээд гүнзгий байгаагийн нэг хэлбэр нь хамтдаа Улсын Бага хурлыг тараах шийдвэрийг гаргах боломжтой байна. Үүнийг:
-Ерөнхий сайд Улсын Бага хурлын сонгуулийг шинээр явуулах нь зүйтэй гэж үзвэл тараах саналаа Ерөнхийлөгчид өргөн барьж, Ерөнхийлөгч шийдвэр гаргана. Тараах саналаас татгалзаж үл болно гэжээ.
Харин шинэ Үндсэн хуулийн төслөөр “Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх” эрхийг эдлэхээр заажээ. Мөн “Засгийн газрын санал болгосноор дайны байдал зарлах” эрх олгогдсон байна. Үүнийг одоо үйлчилж байгаа хуулиар “Нийтийн буюу хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарлах” гэж оруулсан байдаг. Үүнд УИХ-ын оролцоо нэлээд их байдаг бол шинэ төсөлд зааснаар Ерөнхийлөгч Засгийн газартай хамтран шийдэхээр заасан байна. Гэвч, Ерөнхий сайдыг Ерөнхийлөгчийн нэр дэвшүүлснээр сонгох болсон гэдгийг мартаж болохгүй юм.
Мөн Ерөнхийлөгчийн хуульд нийцээгүй зарлигийг одоогийн байдлаар Ерөнхийлөгч өөрөө болон УИХ хүчингүй болгох хуультай. Харин шинэ Үндсэн хуулиар Улсын Дээд шүүх хүчингүй болгохоор заажээ.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ОГЦРУУЛАХ
Одоо хэрэгжиж буй Үндсэн хуулиар Ерөнхийлөгчийг огцруулахыг дараах байдлаар заасан байдаг. Үүнд:
2.Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлаар хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхийн саналаар огцруулна.
Харин шинэ Үндсэн хуулийн төсөлд:
Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж, Үндсэн хуулийн утга, агуулга, зарчим, зүйл заалтыг зөрчсөн, эрх мэдлээ хэтрүүлсэн, албан тушаалаа урвуулан ашигласан тохиолдолд Засгийн газар эсхүл Улсын Бага хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүйн санал болгосноор Улсын Бага хурлаар хэлэлцэж шийдвэр гаргах бөгөөд огцруулах тухай шийдвэрийг ердийн олонхийн саналаар дэмжсэн тохиолдолд түүнийг Улсын Их хуралд өргөн мэдүүлнэ. УИХ уг шийдвэрийг хэлэлцэж ердийн олонхийн саналаар дэмжсэн тохиолдолд Ерөнхийлөгчийг огцорсонд тооцно.
ХАЛДАШГҮЙ БАЙДАЛ
Одоогийн Үндсэн хуулиас шинэ төслийн ялгаатай нь “Ерөнхийлөгчийн гэр бүл халдашгүй дархан байна” гэж оруулжээ. Харин одоогийнхоор бол зөвхөн Ерөнхийлөгчийн бие халдашгүй байна гэж заасан байдаг. Бусдаар унаа, өргөө, халдашгүй дархан байх нь хэвээр тусгагдсан байна.
ЖИЧ: Шинэ Үндсэн хуулийн төслийг унших бол ЭНД ДАРНА УУ.