Монгол дахь үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний эрх зүйн орчны үнэлгээний үр дүнг өчигдөр танилцууллаа. Үүнтэй холбоотойгоор хуульч Д.Оросоотой ярилцлаа.
-Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө монголд ямар байна вэ?
-Үндсэн хуулиар хүн өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Чөлөөтэй гэдэг бол өөрөө маш том зарчмыг агуулдаг. Ямар нэг албадлага, зөвшөөрөл, дарамтгүйгээр өөрийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлнэ гэсэн санаа юм. Гэвч манайд энэ эрх чөлөө маш хязгаарлагдмал байна. Тайван жагсаал цуглаан хийнэ гэдэг үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг зөрчихгүйгээр тайван замаар үзэл бодлоо илэрхийлнэ гэсэн үг.
Энэ утгаараа тайван замаар загсаж, цуглахын тулд зөвшөөрөл авна гэсэн асуудал байх ёсгүй. Мөн үүнийг нийгмийн хэв журам зөрчиж буй хэрэг гэж харах ёсгүй. Түүнчлэн жагсаалд оролцож буй иргэдийг дуудаж, гэрчийн мэдүүлэг авч, “Ямар зорилготой юм, яах гэж байгаа юм” гэж байцаах шаардлагагүй. Учир нь энэ бол тайван жагсаал. Үндсэн хуульд ч заагаад өгчихсөн байгаа. Олон улсад ч ийм байдаг. Гэтэл Монголд тайван замаар үзэл бодлоо илэрхийлж буй жагсагчийг нийгэм, олон нийтийн аюулгүй байдлыг алдагдуулах шинжтэй үйлдэл гаргасан гэж дуудаж, шалгаад байна. Энэ нь өөрөө Үндсэн хуулийг зөрчиж байгаа асуудал.
Хоёрдугаарт, иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Энэ бол шууд хэрэгжих зарчим. Үүнийг нарийвчилсан хуулиар зохицуулах шаардлагагүй. Учир нь хүний өөрийн итгэл үнэмшил, үзэл бодол халдлагад өртөж байгаа бол үүнийгээ чөлөөтэй илэрхийл гээд Үндсэн хуульд заачихсан байгаа. Чөлөөтэй хэлэх нь чөлөөтэй зарчим. Энэ эрх чөлөөнд ямар нэг байдлаар халдах ёсгүй. Гэвч манай улсад үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө сул байгаа. Тайван замаар жагсах эрх хэрэгжихгүй байна. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө бол ардчилсан институтийн хамгийн чухал элемент. Хэрэв энэ байхгүй бол ардчилсан нийгмийн гол шинж чанар байхгүй болно.
Магадгүй бид 1990 оноос өмнөх үе рүүгээ буцаж байж болзошгүй. Учир нь эрх чөлөөний хэв шинж, төлөв байдлаар нь авч үзвэл 1990 оноос өмнөх үе рүүгээ ухарч байгаа харагдаж байна. Тухайн үед тайван жагсаал цуглаан хийхийн тулд заавал зөвшөөрөл авдаг байсан. Үүнийг эрх чөлөөтэй байна гэж үзэх аргагүй. Олон улсын шалгуур, түвшинтэй харьцуулахад ч Монгол Улс ухарч байна. Өөрөөр хэлбэл ардчилсан нийгмийнхээ шинж чанарыг алдаж байгаагийн шинж юм.
-Үүнд нөлөөлж буй хүчин зүйл, шалтгаан нь юу вэ?
-Шийдвэр гаргагчид буюу улс төрчид, Засгийн газрын эрх бүхий байгууллагууд олон нийтийн дуу хоолой, шүүмжлэлд тэвчээртэй хандаж чадахгүй байгаа нь гол шалгаан болж байна. Тэд олон нийтээр шүүмжлүүлэхээс татгалзаж байна. Тиймээс иргэдийг үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө эдлэхэд ямар нэг байдлаар саад хийх зохицуулалтуудыг бий болгож байгаа юм. Үндсэн хуульд зааснаар төрийн эрх ард түмний гарт бий. Ард түмний саналаар шийдвэр гаргагч, эрх баригчид сонгогддог. Харин сонгуулийн бус үед иргэн төрийн хэрэгт оролцох гол арга зам нь жагсаал цуглаан хийх, үзэл бодлоо илэрхийлэх байдаг. Шийдвэр гаргагчтай шууд харьцах арга хэрэгсэл нь энэ юм.
Ард түмний шүүмжлэлийг хүлээж авахгүй, хүндэтгэхгүй байна гэдэг ардчиллын чухал механизм ажиллахаа больж байгаагийн илрэл. Тиймээс үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг нь хязгаарлаад эхэлбэл ард түмний бухимдал төрнө, дургүй нь хүрнэ. Хүний итгэл үнэмшил гэдэг өөрөө жам ёсны зүйл. Сонгосон төлөөлөгч нь буруу зүйл хийгээд байхаар ард түмэн бухимдах нь зүй ёсны хэрэг. Бухимдлаа тайлж, асуудлыг нэг талд нь гаргаж байж нийгэм тогтвортой болно.
-Үндсэн хуульд тусгасан эрх чөлөөг хангахын тулд яах ёстой вэ?
-Шийдвэр гаргагч нар ард түмэнтэйгээ зөвшилцөж сурах хэрэгтэй байна. Зугтаагаад яваад байвал юу ч шийдэгдэхгүй. Үүний оронд үзэл бодлоо илэрхийлж байгаа иргэд, жагсагчдын шаардлагыг хүлээж ав, уулз, зөвшилц. Зарим тохиолдолд буулт хий. Ардчилсан нийгэм ингэж л оршин тогтнодог. Ард түмний зүгээс эрх баригчдаас хариуцлагатай байхыг шаардаж байна. Өндөр албан тушаалтнуудыг алдаа гаргасан бол огцордог байхыг хүсэж байна.
Ардчиллын хамгийн гол зүйл нь хамтын шийдвэр гаргах эрх чөлөө юм. Жагсаж, үзэл бодлоо илэрхийлж байгаа нь хэн нэгнийг огцруулах гээд байгаа зүйл огтоос биш. Эрх баригч нарыг сонгож, эрх мэдлийг нь өгөөд шийдвэр гарга гэсэн. Нөгөө хүн оновчтой шийдвэр гаргаж чадахгүй байгаа учраас иргэд хамтын шийдвэр гаргая гээд жагсаж байна. Тиймээс манай шийдвэр гаргагчид үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө гэдэг зүйлийнхээ агуулгыг ойлгох хэрэгтэй. Жагсаал бол улс төрийн зорилготой эрх чөлөө биш. Таныг сонгосон хүн тантай хамтын шийдвэр гаргая гэж ирж байна гэсэн үг. Үүнийг нийгмийн, олон нийтийн, үндэсний аюулгүй байдал ярьж битгий мушгин гуйвуулаач гэж хэлмээр байна.
-Олон улсад жагсаал цуглаан хийхэд тусгай зөвшөөрөл авдаг уу. Яг ямар зохицуулалттай байдаг юм бол?
-Улс орон бүрт жагсаал цуглаан хийх хууль, зохицуулалтууд өөр өөр байдаг. Тухайн орны онцлогоос хамаарна. Манай улсын тухайд 1994 онд жагсаал цуглаан хийх журмын тухай хууль баталж, улмаар тухайн орон нутаг, нийслэлийн засаг даргаас зөвшөөрөл авдаг болсон. Гэхдээ зөвшөөрөл авч жагсаал цуглаан хийх нь буруу юм байна гэж үзээд мэдэгддэг байхаар зохицуулсан. Гэвч Зөрчлийн тухай хуулиар бүртгэлгүй буюу мэдэгдэхгүй жагсаал цуглаан хийвэл хариуцлага хүлээлгэх заалттай. Ингэхээр мэдэгдэнэ, бүртгүүлнэ гэсэн зохицуулалт нь зөвшөөрөл авч жагсаал хийнэ гэснээс ялгаагүй болчхож байгаа юм. Зөвшөөрлийн шинжтэй байгаа учраас жагсаал цуглаан хийгээд маргааш нь торгуулдаг дүр зураг нийтлэг байна. Уг нь зөвшөөрөл авах тогтолцоог аль эрт халчихсан. Гэтэл жагсаал хийх мэдэгдлээ улс төрчид хүргүүлж байж үзэл бодлоо илэрхийлэх гажуудал бий болчхоод байна.
Ингээд харвал мэдэгдэх субъект нь хүртэл буруу хүн. Улс төрийн албан тушаалтанд “Би чиний эсрэг жагсъя” гэж мэдэгдэл өгөөд, бүртгээд өгөөч гэх нь өөрөө ашиг сонирхлын зөрчил үүсэх шалтгаан болж байна. Тиймээс бид юун түрүүнд мэдэгдэл хүлээж авдаг субъектээ өөрчлөх хэрэгтэй.
-Залуусын төлөөлөл сар гаруй талбай дээр жагсаж байна. Эхний хэд хоног жагсаал маш эрчимтэй үргэлжилж байгаад одоо бага зэрэг суларчихсан байдалтай байна. Одоо тэдний зүгээс яаг юу хийх хэрэгтэй вэ?
-Залуучууд маань тодорхой хэмжээнд үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж байгаа. Тэдний зүгээс санал бодлоо хэлж, өргөх бичиг өгсөн. Иргэдийн жагсаал тодорхой хэмжээнд үр дүнд хүрч чадсан. Олон жил ярьж байсан Эрүүгийн хууль, Авлига албан тушаалын хуулийн зохицуулалтыг маш тодорхой болголоо. Зарим авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг шалгах, хариуцлага тооцох асуудалд шахалт үзүүлж чадлаа.
Харин одоо бол жагсаал цуглаан хийх журмын тухай хуульдаа өөрчлөлт оруулах хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах хууль тогтоомжоо шинэчлэх шаардлагатай байгаа юм. Яагаад гэвэл залуус төрийн байгууллагад өргөдөл гомдол гаргаж байгаа. Тиймээс жагсагчдын өгч байгаа санал гомдлыг хүлээн авч тодорхой, үр дүнтэй шийдэх хэрэгтэй байна. Одоогоор энэ асуудал маш их орхигдож байгаа. Жагсагчдын хэлж буй асуудлыг ажлын хэсэг байгуулах юм уу, зөвшилцөх хэлбэрээр шийдэж болно.
Түүнчлэн тэдний тавьсан шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн талаар иргэд олон нийтэд мэдээлэл өгдөг байх хэрэгтэй. Энэ талын хууль эрх зүйн орчныг маш тодорхой болгох шаардлагатай байна. Тэгэхгүй бол эрх баригч нар жагсагчдыг хүлээж авсан эсэх нь тодорхой биш. Уулзаж, зөвшилцөлд хүрсэн эсэх нь ч тодорхойгүй байгаад байна. Мэдээж хүлээн авч уулзаж байгаа байх. Хамгийн гол нь эдгээр нь нээлттэй байх ёстой.
Жагсаал цуглаан хийнэ гэдэг талбай дээр 10 хүн ирээд хийчихдэг зүйл биш. Тодорхой хэмжээнд зохион байгуулалт, төсөв шаардагддаг. Мөн хуульчдаас зөвлөгөө авах хэрэгтэй. Жагсаал хийнэ гэдэг албадлага, тулгалт, үймээн самуун, хүчирхийллийн хэрэгсэл огт биш. Харин тайван замаар шийдвэр гаргагч нартай зөвшилцөх, өөрөөр нь буулт хийлгэх арга хэрэгсэл юм. Гэтэл манай зарим жагсагчдад энэ талын мэдлэг, ойлголт дутмаг байна. Зарим тохиолдолд үймээн самуунд уриалах, олон нийтийн тайван байдлыг алдагдуулах зэрэг үйлдлүүд гарч байна. Тиймээс эргээд үзэл бодлоо илэрхийлэх хэрэгслийн хохирогч болох эрсдэлтэй. Энэ эрх чөлөөгөө эдэлж яваад хохирсон хүмүүс маш их байдаг. Эрх чөлөөнийхөө агуулга мөн чанарыг ойлгохгүй, хууль эрх зүйн зохицуулалтаа мэдэхгүй, аль байгууллагад ямар асуудлаар хандах вэ гэдгээ ч мэдэхгүй хүмүүс байдаг. Мэдээлэлтэй байж чадвал жагсаал цуглаан илүү үр дүнд хүрнэ. Тиймээс яг одоо бол талбай дээр байгаа жагсагчдыг мэдээллээр хангах, бүх талын тулалцааг үзүүлэх асуудал тулгамдаж байна гэж харж байна.
Зарим хүмүүс жагсагчдын тавьж буй шаардлага ойлгомжгүй, тодорхойгүй байна гэж ярьж байгаа. Нэг талаас нь харвал үнэхээр тийм. Талбай дээр нэг үзэл бодолтой хүмүүс цуглаагүй шүү дээ. Бүгд өөр өөр үзэл бодолтой хүмүүс. Бүгд өөр өөр зүйл ярьж байна. Тэгэхээр зарим тохиолдолд жагсагч нар маань санал бодлоо нэгтгээд мэргэжлийн субъекттэйгээ харилцах шаардлагатай.
-Ярилцсанд баярлалаа.