Ж.Байгалмаа: Томуугийн вакцин хийлгэсэн л бол уушгины хатгаагаар өвчлөхгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Байгалмаа: Томуугийн вакцин хийлгэсэн л бол уушгины хатгаагаар өвчлөхгүй

Томуугийн улирал эхэлж бага насны хүүхдүүдийн өвчлөл нэмэгдсэн талаар холбогдох албаныхан мэдээлж байна. Нэн ялангуяа 5 хүртэлх насны хүүхдүүд илүү хүндээр өвчилж байгаа талаар Mpress.mn сайт шөнийн сурвалжилга видео хүргэж байсан билээ.

Тэгвэл томуу, томуу төст өвчний нөхцөл байдалтай холбоотойгоор ХӨСҮТ-ийн Тандалт сэргийлэлт эрхэлсэн дэд захирал Ж.Байгалмаатай ярилцлаа.

-Орон даяар томуу, томуу төст өвчний дэгдэлт ямар байна вэ?
-Сүүлийн гурван долоо хоногт томуу, томуу төст өвчний тархалт тогтмол өссөн үзүүлэлттэй байна. Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний алаг цог дэгдэлттэй буюу улбар шар түвшинд байна. Энэ жил томуугийн В хүрээний вирус хамгийн их тодорхойлогдож байгаа.

Томуугийн улирал арванхоёрдугаар сарын эхнээс эхэлдэг. Хамгийн оргил үе нь нэгдүгээр сарын дунд болон сүүл үеэр ажиглагддаг. Тэгэхээр нэгдүгээр сарын сүүлээр одоогийнхоос ч илүү хүнд нөхцөлд хүрнэ.

-Томуугийн вакцины хамрагдалт ямар түвшинд байгаа вэ?
-Энэ удаагийн томуугийн дархлаажуулалт өнгөрсөн аравдугаар сараас эхэлсэн. Улсын хэмжээнд томуугийн вакцины хамралт 82 хувьтай байна. Тодруулбал, хүүхдийн томуугийн вакцины хамралт 99 хувь, жирэмсэн эмэгтэйчүүд 19 хувь, 65-аас дээш насны 74 хувь, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын хамралт 85 хувьтай байгаа.

-Томуугийн вакцин хийлгэсэн бол хэдэн хувь хамгаалагдах боломжтой вэ?
-Энэ жил манай улс 4 цэнт вакцинаар иргэдээ дархлаажуулсан. Энэ нь томуугийн дөрвөн өөр төрлийн вирусээс хамгаалах зориулалттай. Тодруулбал, томуугийн А, В хүрээний вирусээс хамгаалах чадвартай. Тэгэхээр яг одоо гадуур байгаа вирусний эсрэг идэвхтэй вакцин гэсэн үг юм. Тиймээс тухайн хүүхэд вакцинаа хийлгэсэн бол хүндрэхгүй.

Ерөнхийдөө томуугийн вакцины халдвараас хамгаалах нөлөө нь янз бүр байдаг. 3,4 цэнт вакцины хувьд 50-60 хувь хүртэл хамгаалдаг. Монгол Улсын хувьд өнөөдрийн байдлаар эрсдэлт бүлгийн хүн ам болох 5 хүртэлх насны хүүхдүүдийнхээ 99 хувийг дархлаажуулчихсан байгаа. Тиймээс амьсгалын замын цочмог хүнд халдвар тусах эрсдэл бага, уушгины хатгаагаар өвчлөхгүй гэсэн үг юм.

Агаарын бохирдол хүүхдийн уушгийг хэрхэн гэмтээдэг вэ?
-Агаарын бохирдол амьсгалын замын халдварт өвчин болон амьсгалын замын эмгэгүүдэд шууд нөлөөтэй. Одоо гадуур томуугийн 3 төрлийн вирус, томуу төст өвчний 6-7 төрлийн вирус байна. Та бүхэн санаж байгаа бол томуу, томуу төст өвчин есдүгээр сард буюу яг хүүхдүүдийн сургууль, цэцэрэлгийн үйл ажиллагаатай нээхтэй зэрэгцэж эхэлсэн байдаг. Тухайн үед бол томуу төст өвчин буюу Амьсгалын замын синцитиал (VRS) вирус давамгайлж байсан. Энэ вирусээр халдварласан бол уушгины хатгаа болж хүндрэх эрсдэлтэй байдаг. Одоо бол Томуугийн А(H1), В вирус давамгайлж байна.

-Орны хүрэлцээ хэр байгаа вэ?
-Улсын хэмжээнд хүүхдийн 1,845 ор бий. 2023 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн байдлаар нэмэлтээр 619 ор дэлгээд байна. Үүний 407 нь Улаанбаатар хотод, 212 нь орон нутагт байна.

-Хүүхдүүдийн хэдэн хувь нь хүндэрсэн үедээ эмнэлэгт хандаж байна вэ?
-Хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн 85 хувь нь, сэхээн амьдруулах тасагт хэвтэж буй хүүхдийн 76 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвар буюу уушгины хатгаатай байна. Ер нь хүүхдийн тасаг, сэхээн амьдруулах тасаг, яаралтай тасгаар үйлчлүүлж буй томуу, томуу төст өвчтэй хүмүүсийн дийлэнх нь 15 хүртэлх насны хүүхдүүд байгаа. Ойролцоогоор 86 хувь нь энэ насны хүүхдүүд байна. Тэр дундаа 5 хүртэлх насны хүүхдүүд ихэнх хувийг эзэлж байгаа.

-Эм тарианы нөөц ямар байгаа вэ? Гадуур ханиадны эм олдохгүй байна, үнэ нэмэгдсэн байна гэсэн шүүмжлэлүүд их байна?
-Жил бүр томуу дэгддэг учраас бид томуугийн улирлыг угтаж шаардлагатай бэлтгэлүүдийг хийдэг. Энэ хүрээнд Эрүүл мэндийн сайдын А510 тушаалын дагуу томуугийн орны зохицуулалтыг маш сайн хийж байна. Хэдийгээр сүүлийн 3 жилтэй харьцуулахад өвчлөл нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа ч хүүхдүүдээ аль болох буцаахгүйгээр хүлээн авч байгаа. Өмнөх жилүүд шиг коридор, шалан дээр хэвтүүлэх нөхцөл байдал буурсан. Өөрөөр хэлбэл энэ жилийн арай дээрдсэн гэж хэлж болно.

Үүнээс гадна эм тариа, хүний нөөц, оношлуур гээд бусад нөөцийн хувьд ч гэсэн бэлтгэлээ маш сайн хангасан байгаа. Эмчилгээний хувьд вирусний эсрэг эмийг хангалттай хэмжээгээр нөөцөлсөн. ХӨСҮТ-ийн хувьд хэвийн эмчилгээ, үйлчилгээгээ үзүүлж байна.

-Хүүхдүүдийн хувьд маш өндөр хэмтэй халуурч, таталт өгч байна гэж эцэг эхчүүд ярьж байна. Үүнийг томуу, томуу төст өвчний хүндэрсэн хэлбэр гэж ойлгох уу?
-Томуугийн үед давамгай илэрдэг шинж тэмдэг нь халуурах байдаг. Түүнчлэн амьсгаадах, нусгайрах зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Мөн тухайн хүүхдийн дархлаа, биеийн байдал, томуу өвчнөөр өвчилж байсан эсэхээс хамаарч илрэх шинж тэмдгүүд нь харилцан адилгүй байна. Түүчнлэн вирусний хэмжээ гэж бий. Хүүхдэд ямар хэмжээний вирус халдварласан байна гэдгээс хамаарч шинж тэмдэг нь өөр өөр байна.

Амьсгалын замын цочмог хүнд халдвар буюу уушгины хатгаа амьсгалын доод зам руу орсноор хүндэрдэг. Тиймээс эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай байдаг.

-Яг энэ үед эцэг эхчүүдийн зүгээс хүүхдийнхээ өвчнийг хүндрүүлэхгүй байх үүднээс ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?
-Томуу бол вирусний халдвар. Томуу төст өвчин ч гэсэн ялгаагүй вирусээр үүсгэгддэг. Вирус хүний биед орохоор дархлааны систем ажиллаж эхэлдэг. Дархлааны систем хүчтэй байх тусам вирусийг эсэргүүцэх чадвар сайн байна. Тиймээс хүүхдийн дархлааг унагааж болохгүй. Сайн унтуулах хэрэгтэй. Унтах бол дархлааг дэмждэг хамгийн сайн арга. Мөн шингэн юм сайн уулгаж, халуун, бүлээн хоол идүүлэх хэрэгтэй. Түүнчлэн агаар салхинд гаргах нь хамгийн зөв арга. Эдгээр нь хүний дархлааг дэмждэг гол зүйл.

Мэдээж тухайн хүүхдэд халуурах, нусгайрах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Тиймээс халуун бууруулах эм өгөх, бусад шаардлагатай арга хэмжээг авах хэрэгтэй. Хэрэв хөхөөр хооллодог бол маш сайн хооллох шаардлагатай. Хүүхдийн дархлааны хөгжил насанд хүрсэн хүмүүстэй харьцуулахад сул байдаг. Түүнчлэн 65-аас дээш насныхан байна. Энэ бүлгийнхэн вирусний халдвар авсан тохиолдолд хүндрэх эрсдэлтэй байдаг. Тиймээс дархлаагаа л маш сайн дэмжих хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа.

Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн мэдүүллээ
Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн мэдүүллээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.