/2023.1.9/ Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Одбаяр 2016 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр гишүүнээр томилогдсон юм.
Өөрөөр хэлбэл, түүний ҮХЦ-ийн гишүүний хугацаа дуусаад хоёр сар гаруй хугацаа өнгөрч байна. Дараагийн гишүүнээр томилогдох хүртлээ тэрээр үүргээг гүйцэтгэсээр байх нь.
Цэцийн гишүүн хуульд заасанчлан зургаан жилийн хугацаатай томилогддог. Үндсэн хуулийн цэцэд нийт 9 гишүүн байдгаас 3-ыг нь УИХ, 3-ыг нь Ерөнхийлөгч, 3-ыг нь Улсын Дээд шүүхийн санал болгосноор УИХ томилдог.
Д.Одбаярын хувьд УИХ-аас сонгогдсон гишүүн юм.
Одоогоор Үндсэн хуулийн цэц дээр УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйл буюу нэр дэвшигчийн нээлттэй сонсголтой холбоотой заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэх гомдлыг хэлэлцэх асуудал гацаастай байна. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн Цэцийн гишүүд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч биш гишүүн, Улсын Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийг "Чимээгүйхэн батлах уу" гэдэг асуултад ҮХЦ хариулт өгөх учиртай болчихоод байгаа юм.
Харин Д.Одбаярын дараа Ц.Нямдоржийг энэ албан тушаалд томилох нь гэх мэдээлэл оны өмнө яригдсан. Ингэж огт болохгүй гэдгийг хуульч Ц.Мөнхсайхан:
"Ц.Нямдорж сайдын Үндсэн хууль ноцтой зөрчсөн үйлдлийг монголчууд бүгд мэднэ. Тэрбээр 2004-2007 УИХ-ын даргаар ажиллаж байхдаа Үндсэн хуулийг удаа дараа ноцтой зөрчсөнийг нь Үндсэн хуулийн Цэц хоёр удаа тогтоож, УИХ-ын даргын албан тушаалаас нь огцруулах үндэслэлтэй гэсэн дүгнэлтийг 2007 онд гаргаж байсан.
Ц.Нямдорж нь УИХ-ын дарга байхдаа УИХ-ын аль хэдийнэ баталсан хуулийн эцсийн найруулгыг агуулга, бодлого, зарчмын хувьд зассан, ийнхүү зассан хуулиудаа УИХ-д танилцуулахгүйгээр ёсчилсон нь Үндсэн хууль ноцтой зөрчсөн гэж шийдвэрлэх үндэслэл болсон юм" гэж бичжээ.