ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгээс гурван жилийн хугацаанд судалгаа хийж “БНМАУ-ын нийгэм, эдийн засгийн ололт: Туршлага, сургамж” суурь судалгааны номыг олны хүртээл болгожээ. Үүнтэй холбоотойгоор Түүхийн ухааны доктор, профессор Б.Пунсалдуламтай ярилцлаа.
-Номынхоо талаар танилцуулахгүй юу?
-Монголд социализм 70 жил үргэлжилсэн үү эсвэл цаг хугацааны хувьд бидний яриад буйгаас өөр хугацаанд өрнөсөн үү гэдгийг тодорхойлох хэрэгцээ шаардлага нийгэмд бий болж байна. Хүмүүс, ялангуяа улстөрчид попрохоороо нэгнийгээ “Та нар 70 жил социалист нийгэмд амьдарсан, өмчөөс чинь салгасан, Монгол Улсын Оросын колончилолд оруулсан, дагуул улс болоод юу ч үгүй үлдсэн” мэтээр ярьдаг. Нийгэмд хэтэрхий хар бараан түүхийг цацах болсон.
Тиймээс ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн энэхүү эргэлзээг тайлах үүднээс багагүй хугацаанд судалгаа, шинжилгээ хийлээ. Монголчууд ямар замаар замнаж ирснийг үнэн зөвөөр гаргаж ирэх л бидний гол зарчим байсан. бидний өвөг дээдэс юуны төлөө чин сэтгэлээ зориулж ирсэн бэ гэдэг түүхийг судалгааны түвшинд гаргаж ирж байна.
-Яагаад заавал 1954-1980-аад оны сүүлч үеийг хамааруулсан юм бол?
-Судалгаа маань 1954 оны түүхээс эхлэлтэй. Яагаад заавал тухайн цаг хугацааг сонгох болсон нь шалтгаантай. Учир нь 1954 онд болсон МАХН-ын 12 дугаар их хурал дээр анх удаа “БНХАУ-д социализмыг дэлгэрэнгүй байгуулъя” гэсэн үг, өгүүлбэр гарч ирсэн. Үүнээс өмнө монголын төрийн баримт бичигт “Социализмыг байгуулъя, социализмыг байгуулах хэрэгтэй” гэсэн зүйл яригдаж байгаагүй. “Нийгэм журам байгуулж байна, капиталист улс хөгжлийн замаар замнаж байна” гэсэн үг өгүүлбэрүүд л байдаг байсан.
Бид 1990 онд ардчилсан хувьсгал ялсан гэж ойлгож, бичдэг. Социализмын он жилүүд гэж яриад буй 70 жилийн хугацааг яг бодитоор яривал 1954-1990 оны хоорон дахь үеийг л хэлнэ. Социализм байгуулсан нэрийн дор Монголд аж үйлдвэр, хөдөө аж ахуйг дэлгэрүүлж, орчин үеийн боловсрол, шинжлэх ухааныг нэвтрүүлсэн.
Монгол Улс 1911 оноос хойш автономит болсон ч улс төрийн нөхцөл байдал ээдрээтэй байв. Гэсэн ч 1911-1954 он хүртэлх хугацаанд монголчууд тусгаар тогтнолоо зарлаж, баталгаажуулсан. Өөрсдийгөө дэлхий нийтэд таниулж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн. 50-60 улстай дипломат харилцаа тогтоосон байдаг. Харин бид эсрэгээрээ зөвхөн тухайн үеийн Төвөдийн гэрээг ярьдаг. Мөн 1912 оны Орос-Монголын найрамдлын гэрээг л ярьдаг. Гэхдээ 1954 он гэхэд 30-40 улс манайхыг хүлээн зөвшөөрсөн байсан. Өөрөөр хэлбэл Монгол Улс тусгаар бүрэн эрхтэй, өөрийн ард түмнээ удирдах, дэлхий нийттэй хамтран ажиллах чадвартай гэдгээ баталсан.
1911-1954 оны хугацаанд тусгаар тогтнолоо баталгаажуулсны зэрэгцээ бид иргэдээ мэдлэг боловсролтой болгоход анхаарч ажилласан. Хэдийгээр 1911 онд хүүхэд багачуудаа сургуульд сургаж чадаагүй ч 1954 онд гэхэд сургуулийн насны бүх хүүхдүүд 7 жилийн боловсролтой болчихсон байсан юм. Тиймээс социализм гэдэг нэрийн доор бүтээн байгуулалт өрнүүлж, эдийн засгаа хөгжүүлэх ёстой гэсэн зорилтыг өмнөө тавьсан. Тусгаар тогтнолоо эдийн засгийн тусгаар тогтнолоор баталгаажуулахыг зорьсон.
-1990-ээд оноос өмнө Монголчууд ихэнх зүйлээ өөрсдөө үйлдвэрлэгдэг байсан шүү дээ. Хэрэгцээгээ дотоодоосоо хангах бүрэн чадамжтай байсан. Гэтэл одоо бүх зүйлээ гаднаас авдаг, нэг ёсны хараат байдалд байна гэж шүүмжлэх хүмүүс байдаг?
-Энэ бол түүхийн сургамж юм. Бидний зүгээс өнгөрсөн хугацаанд болж өнгөрсөн үйл явдлыг үнэн зөв судлаад гаргачихдаа. Тиймээс иргэддээ бидний гаргасан судалгааны материал, номыг уншиж, өөрсдийн дүгнэлтийг хийгээсэй гэж хүсэж байна. Ялангуяа төрийн бодлого боловсруулж буй хүмүүс өнгөрсөн хугацаан дахь үнэн бодит түүхээ судалж мэдэх хэрэгтэй. 1990 оны хувьсгалаар өмчийн харилцаанд өөрчлөлт оруулж, иргэд өөрсдөө хувийн өмчтэй байх боломжийг нээж өгсөн байдаг. Гэсэн ч монголчуудын амьдрал дээрдсэн зүйл харагдахгүй байна. Эсрэгээрээ манайх шиг дэлхийн бусад улс орнууд яагаад хөгжөөд байгааг харьцуулж үзэх хэрэгтэй. Энэ бол бодлого боловсруулагчдын ажил.
-Үндсэн судалгааны ажлынхаа номоос гадна дагалдуулж хэд хэдэн бүтээл гаргасан байсан шүү дээ. Тухайлбал соёлын довтолгоо гэсэн товхимол байсан. Үүнийг яагаад гаргах болсон бэ?
-Хамгийн сүүлд “Соёлын довтолгоо” гэх нэртэй кино гарсан байсан. Тус кино олон нийтэд түүх, болж өнгөрсөн үйл явдлыг буруу утгаар нь ойлгуулаад байна. Тиймээс Соёлын довтолгоо гэдгийг жинхэнэ утгаар ойлгуулах үүднээс энэхүү товхимлыг гаргасан.
Соёлын довтолгоо гэхээр л ард түмнийг зөвхөн усанд оруулж, саван хэрэглүүлж, цагаан хэрэглэлтэй болгосон юм биш. Аливаа зүйл утга учиртай байх ёстой. Тухайн үед монголд аж үйлдвэржилт явагдаж, бусад улс орны адил соёлжиж эхэлсэн. Нүүдлийн мал аж ахуйгаасаа салж, хотжиж эхэлсэн. Тиймээс хотын соёлыг нэвтрүүлэх хэрэгцээ шаардлага бий болсон юм.
-Тэгвэл өнөөдөр бид хотын соёлыг бүрэн нэвтрүүлж чадсан уу?
-Өнөөдөр ч гэсэн соёлын довтолгоог хийх хэрэгтэй гэж харж байна. Автобусанд ороод зарим залуучуудыг харахад бас л өрөвдмөөр. “Хөгшин хүмүүст суудал тавьж өгөх албатай юм уу, би ч гэсэн сураад ядарчихлаа” гээд явж байдаг. Хотод орж ирээд хоёр өрөө байр хөлсөлчхөөд шууд л цонхоороо хогоо хаядаг. Яг хотод өссөн хүүхдүүд ийм үйлдэл гаргахгүй байх. Харин хөдөө орон нутгийн хүүхдүүдэд хотын соёлын мэдрэмж байхгүй байна гэж харж байна. Би тэднийг ухаан муутай гэж хэлээгүй шүү. Огт өөр зүйлийн тухай ярьж байна гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Тэд хотын соёлд суралцаагүй байгааг л хэлж байгаа юм. Соёлын довтолгоо 1959 оноос эхэлж 1980-аад оны төгсгөл хүртэл үргэлжилсэн. Өнөөдөр ч гэсэн соёлын довтолгоог өрнүүлэх хэрэгтэй.