/2021.08.26/ Коронавирусийн үед хэрэглэх эмийн бүтээгдэхүүнийг худалдаалах эрхтэй нэр бүхий 13 компанийн 241 салбар эмийн санд шалгалт явуулна. Тухайлбал, “Еврофарм Фармаси”, “Ази-Фарма”, “Монос Улаанбаатар”, “Монгол Эм Импекс”, “Хүрмэн” ХХК зэрэг байгууллагуудын сүлжээ эмийн санд вирусийн эсрэг эмийн гарал үүсэл, хадгалалт, чанар, аюулгүй байдал, хангамж хүрэлцээ, нөөцөд хяналт тавин, судалгаа гаргахаар ажиллаж байна.
Шалгалт Чингэлтэй дүүргийн хоёр, гурав, 19 дүгээр хороонд байрлах эмийн сангаас эхэлсэн. Тус салбаруудад эмийн хангамж, нөөц хангалттай байгаа. Мөн вирусийн эсрэг эм, бэлдмэлийг албан ёсоор импортлох эрхтэй “Дижитал Фармаси”, “Монос Мойл”, “Монгол Эм Импекс” зэрэг эмийн сангуудад шалгалтаар ажиллахад эмийн гарал үүсэл нь тодорхой, чанар, аюулгүй байдлын ямар нэг зөрчилгүй байв. Эм, эмийн байгууллагууд +2-оос +8 хэмтэй хөргөгчид эм, тарилгуудаа хадгалах шаардлагатай байдаг. Үүний дагуу коронавирусийн эсрэг хэрэглэх тарилга, лаа зэргийг заасан хэмд хадгалж байгааг шалгалтаар ажилласан байцаагч Д.Отгонпүрэв хэллээ.
Түүнчлэн вирусийн эсрэг хэрэглэж буй Умифеновир буюу Арбидол, Фавипиравир, Ремдесивир зэрэг эм, тарилгын дээд үнийг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас тогтоож өгсөн. Коронавирусийн эсрэг эм, бэлдмэл худалдаалах зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүд тогтоосон дээд үнээс хэтрүүлэхгүйгээр худалдаалж байгаа.
Эмийн сангуудад хийж буй хяналт, шалгалт наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 25-ныг дуустал буюу нэг сарын хугацаанд үргэлжилнэ.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс