“Уйлах” өрөөтэй болгоё
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Уйлах” өрөөтэй болгоё

Хүйт даасан эмнэлгийн өрөөнөөс сувилагчаар түшүүлэн байж гарсан. Оронд хэвтүүлж өгөхдөө “Эвгүйрхээд байвал хэлээрэй” гэж намуухан шивнэв. Хоёр дахь хүүхдээ тээж байсан баяр баясал, “Охин байгаасай” гэсэн догдлом хүлээлтээс одоо юу ч байхгүй.

Сэтгэлээ онгойтол уйлмаар санагдсан ч яг орных нь хажууд хоёр сартай үрээ тээж буй бүсгүй хэвтэж байлаа. Хэвлий дэх хүүхдээ эсэн мэнд өсөж бойжоосой гэж хүсэх бүсгүйн хажууд уйлж чадсангүй. Сэтгэлд нь шаналал нэмэхийг хүссэнгүй. Уг нь тэр дөнгөж сая “өсөлтгүй жирэмслэлт”-ийн улмаас үрээ алдсан.

“Өсөлтгүй жирэмслэлт, сүүлийн үед нэмэгдэж гэнэ”. Та ингэж сонссон л болов уу. Хэрвээ өсөлтгүй жирэмслэлт гэж байхгүй бол төрөлт 30 хувиар нэмэгдэнэ гэсэн эмчийн яриа ч бий. Тэгэхээр гурван жирэмслэлт тутмын нэг нь өсөлтгүй болж байгаа гэсэн үг.

Жирэмсэлсэн гурван эмэгтэй тутмын нэг нь сэтгэлээ онгойтол уйлж ч чадахгүйгээр эмнэлгээс гарч нийгмийн амьдралын түм буман асуудалтайгаа нүүр тулсаар, цаашлаад сэтгэл зүйн ямар нэг дарамт, гэмтэл, гутралд өртөж болзошгүй байна гэсэн үг.

Дээрх жишээ бол Дорнод аймагт тохиолдсон үйл явдал. Эмэгтэй хүмүүс л хойно найз нөхөд, танил хүмүүстэйгээ “зовлон”-гоо хуваалцана. Гэтэл Улаанбаатарт ч яг л ийм байдаг тухай хэд хэдэн хүнээс сонсжээ. Бүр үүнээс ч хэцүү олон жишээг эмэгтэйчүүд, ээжүүд ярьцгаадаг. “Хүүхдээ алдчихсан жаахан охин хана руу харж хэвтчихээд л уйлаад байсан. Бид нар хажууд нь нярайгаа хөхүүлж ч чадахгүй, эрхлүүлж ч чадахгүй” гэсэн сэтгэгдлүүд цахим сүлжээгээр ар араасаа хөвөрч байсныг мартаагүй л байна.

“Сэтгэцийн эрүүл мэндийн талаарх жил бүрийн тайлан мэдээг харахад монгол хүн бүх талаараа төрийн бодлогоос холоо хаягдан хоцорч, зөвхөн байгалийн зөн өгөгдлөөрөө өөрөө өөрийгөө газарчлан явааг харж болно. Дэлхийн улс орнууд хамгийн үнэт капитал болох хүмүүн гээчийн оюун сэтгэл, бие физиологийн цараа, нөөц боломж, учирч буй бэрхшээл асуудлыг тандан судалснаар, нийгэм, эдийн засгийн хувьд цаашид хэрхэх
бодлогоо боловсруулдаг.

Монголд энэ ажлыг хэн хийж байна?, Шулуухан хэлэхэд өнөөгийн нийгмийн болхи асуудлуудын цаадах нарийн учир шалтгаан нь хүнээ зөнд нь хаяж, тэдний оюун ухаан, сэтгэл мэдрэмжийн нандин торгон утсаар нийгэм гээчийг нэхэн сүлждэгийг таг мартсанд оршиж байна” гэж Сэтгэл судлалын үндэсний төвийн судлаач
Д.Лхамсүрэн “Гэрэг” сэтгүүлд бичжээ.

“Монголын үрс маш олон болох болтугай, хүүхэд бол бидний ирээдүй, бид ард иргэдийнхээ төлөө өдөр шөнөгүй зүтгэж байна” гэж ярьдаг ч бодит байдал дээр ийм л байх. Монгол Улсын ирээдүйн гэрэл гэгээ, сайн сайхан нь хүүхэд, ирээдүйд төрөх хүүхэд мөн л юм бол Монгол Улс төрөх насны эмэгтэйчүүдийнхээ бие, сэтгэлийн эрүүл мэндийг хайхрахгүй орхиж болохгүй.

Өсөлтгүй жирэмслэлтийн шалтгаан нөхцөлөөс хамгийн түгээмэл нь эхийн эрүүл мэндийн байдалтай шууд холбоотой байдаг гэнэ. Эхнэр нөхөр бэлэг эрхтний үрэвсэлт өвчтэй эсэх, эх дотоод халдвартай эсэх, амьдарч байгаа орчин, амьсгалж байгаа агаар, идэж буй хоол хүнснээс шалтгаалах гэх зэрэг олон хүчин зүйл бий. Үүнээс харахад, бие болоод сэтгэл зүйн хувьд эрүүл байх, эрүүл байхын тулд эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй, ойр хүлээж авахаас бүх асуудал эхэлж байна. Ирээдүйд ямар ч үр өгөөж өгөхгүй хэдэн тоосго өрж, барилга байшин болгож байхаар эрүүл мэндийн салбартаа хамгийн их анхаарал хандуулж, Монгол улсын иргэн эрүүл байх, ажилтай орлоготой байх тухай бүх шатны төрийн бодлого хэрэгжмээр байна.

Эхлээд хэдүүлээ хамгийн энгийн хэр нь амархан шийдчихэж болох асуудлыг шийдье. “Уйлах” өрөөтэй болъё. “Зүгээр шүү. Дахин хэвийн жирэмслэх боломж байгаа шүү. Эрүүл мэндээ сайн бодоорой” гээд хосуудад зөвлөөд өгдөг, сэтгэлзүйн орон зайг нь мэдэрдэг болъё. Ганц жижигхэн өрөө гаргаад тусад нь байлгаж, тэр их хагацал, шаналлаа тайтгартал уйлж сэтгэл зүйн хүнд цохилтоо даван туулахад нь дэмжье. Сэтгэл байвал
хялбархан шийдчихэж болох зохион байгуулалтын ажил. “Уйлах өрөөтэй” болгоё.

Э.ОТГОНТУЯА

Tesla компаний ачааны цахилгаан автомашинууд бүтэн цэнэгээрээ 800 км туулна
Tesla компаний ачааны цахилгаан автомашинууд бүтэн цэнэгээрээ 800 км туулна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.