Tesla компаний ачааны цахилгаан автомашинууд бүтэн цэнэгээрээ 800 км туулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Tesla компаний ачааны цахилгаан автомашинууд бүтэн цэнэгээрээ 800 км туулна

Elon Musk and the Tesla Semi trucks

Tesla компани анх 2017 онд танилцуулж байсан Tesla Semi загвараа 2019 оноос үйлдвэрлэж эхэлнэ гэж амлаж байсан ч COVID19-тэй холбоотой саатлаас болоод үйлдвэрлэх хугацаа 3 жилээр хойшилсны эцэст ийнхүү ачааны цахилгаан автомашинуудаа анхны худалдан авагчид нь хүлээлгэн өгч байна.

АНУ-ын Невада мужийн Спаркс хот дахь Gigafactory үйлдвэр дээр зохион байгуулсан нээлтийн арга хэмжээнд анхны 100 автомашин захиалсан Pepsi Co компанийн төлөөлөгчид хүрэлцэн иржээ.

Tesla компанийн танилцуулж байгаагаар Semi ачааны автомашин нь хойд тэнхлэгүүд дээрээ байрласан 4 тусдаа цахилгаан хөдөлгүүрийн ачаар 0-100 км/ц хурдыг 20 секундэд авах боломжтой ба нэг бүтэн цэнэгээрээ 800 км хүртэлх зайг туулах чадвартай ажээ. Үнийн хувьд 150 000 ам.доллараас эхлэх бөгөөд одоогоор Walmart, FedEx зэрэг компаниуд цөөн тоогоор захиалаад байгаа юм байна.

Tesla Semi truck

Тайзан дээр байрлуулсан 4 ширхэг Tesla Semi машиныхаа дунд компанийн захирал Элон Маск зогсож байгаад дэлхий даяарх ачаа тээврийн машинуудаас ялгарч буй нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах шаардлагатай байгаа талаар товчхон дурдсаны эцэст машинуудынхаа онцлогийг үзэгчдэд тайлбарлаж, “Манай бүтээл яг л ирээдүйгээс ирсэн юм шиг харагдаж байгаа тул харсан хэнд ч болов үүнийг жолоодох хүсэл төрөх нь дамжиггүй. Үнэхээр солиотой харагдаж байгаа биз дээ?” гэжээ.

Мөн тэрээр Tesla Semi нь яагаад хамгийн бүтээмжтэй, жолоочийн сэтгэлд хамгийн нийцэлтэй, хамгийн амар хялбар жолоодлоготой, технологийн хөгжлийн хувьд нэг алхам түрүүлсэн автомашин болсон талаарх зарим нэг тайлбар хийв. Уг ачааны машинд цоо шинэ 1000 вольтын цахилгаан хөдөлгүүр суурилуулж байгаа бөгөөд энэ нь Tesla компанийн ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох нэг том ололт гэсэн байна. Tesla Semi нь шарвалтаас сэргийлэх, “хайчлах”-аас хамгаалах системтэй, батарейн цэнэг нөхөх тоормозны систем суурилуулсан, мөн хурдны зам дээр саадгүй явахад зориулсан автомат хаазны тохиргоотой зэрэг онцлог давуу талуудыг ч мөн дурдахаа мартсангүй.

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Tesla компанийн Class 8 ангиллын цахилгаан хөдөлгүүрт ачааны автомашин 36,7 тонн ачаатайгаар 800 км газрыг туулсан гэдэг мэдээг Элон Маск олон нийтийн сүлжээнд зарласан. Энэ аялал нь Калифорни мужийн Фремонт хот дахь үйлдвэрээс тус мужийн Сан Диего хот хүртэл явсан бөгөөд бүрэн цэнэглэсэн ачааны автомашин нь замын туршид дахин огт цэнэглэлгүйгээр энэ замыг туулсан гэжээ.

Tesla компани Semi загварын машинаа ачааны машины салбарын ирээдүй гэж тодорхойлж байгаа ч тэднийг анх танилцуулснаасаа хойш үйлдвэрлэлд нэвтрүүлэх гэж хугацаа алдах хооронд Daimler, Volvo, Peterbilt, BYD зэрэг томоохон компаниуд бүгд өөр өөрсдийн цахилгаан ачааны автомашин хөгжүүлээд эхэлсэн байна. Tesla компанийн Semi автомашин нь нийт 30,8 сая ам.долларын өртөгтэй төсөл бөгөөд Калифорни мужийн агаарын нөөцийн сангаас хөрөнгө оруулалт татсаны үр дүнд хэрэгжсэн төсөл юм. Санхүүгийн луйврын асуудалд орж, удирдлагууд нь солигдож, бөөн асуудал үүсгэсэн Nikola Motors компани хүртэл Tesla-гаас түрүүлээд, устөрөгч хөдөлгүүртэй ачааны автомашин бүтээсэн билээ.

Энэ мэтээр цахилгаан ачааны автомашинууд олноороо бүтээгдэж байгаа нь дэвшилттэй хэдий ч ачих боломжтой жингийн хязгаарлалт, тохирох цэнэглэгч станц хомсдолтой байгаа зэрэг сорилтуудтай тулгарсаар байна. Америкийн хурдны замын зогсоолууд л гэхэд цахилгаан ачааны машин цэнэглэх холболтгүйгээс гадна, эдгээр машинуудын аварга батарейг цэнэглэх эрчим хүчний нөөц, хүчин чадал хангалтгүй байгаа юм.

Хоёр жилийн өмнө Билл Гейтс “Цахилгаан автомашины батарей хичнээн ч сайжирсан ч ачааны автомашин цахилгаан хөдөлгүүртэйгээр хол замд ачаа тээвэрлэхэд бэлэн биш байна. Цахилгаан хөдөлгүүр богино зайд, хосолмол байдлаар ашиглахад илүү тохиромжтой тул алсын тээвэрт өөр шийдэл бодож олон хэрэгтэй” гэж байв. (Гейтсийн энэ үгний хариу болгож, тухайн үед Элон Маск жиргээгээр дамжуулан түүнийг дооглосон meme илгээж байжээ.)

Tesla Semi aims to manufacture 100,000 electric trucks per year, say Elon  Musk | Electrek

Ачааны машины танилцуулгын үеэр Маск 1 мегаватт чадал дамжуулах хүчин чадалтай шингэн хөргөлтөт цэнэглэгчийг Tesla компани хөгжүүлснийг мөн зарлаж, уг цэнэглэгчийг Semi ачааны машинаас гадна Cybertruck пикап машинд ч мөн ашиглах боломжтой гэжээ (Cybertruck пикап загварын үйлдвэрээс гарах хугацаа хойшилсоор 2023 оны сүүлч гэж яригдаж байгаа). Үргэлжлүүлэн тэрээр Tesla компанийн Supercharger цэнэглэгчүүдийг төвийн эрчим хүчнээс тусдаа холболттой болгож, цахилгаан тасарсан ч хэвийн ажилладаг болгох шаардлагатай байгаа талаар дурдсан юм.

Бусад автомашин үйлдвэрлэгчидтэй харьцуулахад Tesla шинэ загвар нэмж гаргахгүй хуучин загваруудаа л шинэчилж гаргадаг гэсэн олон нийтийн шүүмжлэлд хариу өгөхдөө Маск “Манай компанийн үндсэн зорилго нь тогтвортой эрчим хүчний давуу талыг ашиглах. Тийм болохоор бид олон нэр төрлийн машин үйлдвэрлэж гаргах шаардлагагүй” гэжээ.

Эх сурвалж: https://www.theverge.com/2022/12/1/23488040/tesla-semi-delivery-event-electric-truck-elon-musk

Монголын чөлөөт бөхийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ
Монголын чөлөөт бөхийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.