/2021.08.26/ Бидний өдөр тутамдаа хийдэг энгийн зүйлс улам амар болж цахим болсоор байна.
Дэлгүүр ороход бэлэн мөнгө барьдаг хүн тун цөөн тааралдаж, автобусанд ч гэсэн бэлэн мөнгөөр үйлчлүүлэхгүй автомат машинд картаа уншуулаад зорчих болж. Номыг цахимаар уншиж, хүнсний бараагаа ч мөн цахимаар захиалдаг аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын үед амьдарч байна.
Амьдралыг улам л хөнгөвчилсөн дараагийн аппликэйшн эрүүл мэндийн салбарт нээлтээ хийсэн нь бидний танилцуулах "Emch" аппликэйшн юм.
Бид 15 минутын эмчийн үзлэгт орохын тулд орон нутгаас ирэх гэж 2-3 сарын ажил болдог. Улаанбаатар хотод ч мөн адил эмнэлэгт очих гэж ажлаа зохицуулсаар байтал мөн л 7-14 хоногийн хугацааг алддаг.
Эмнэлэг дээрээ очих гэж өнөөх л хотын түгжрэлд стрессээ баран очдог билээ.
Дээрх асуудлыг шийдэх хилийн чанадад зургаагаас дээш жил эрүүл мэндийн салбарт ажиллаж, мэргэжил дээшлүүлсэн туршлагатай 71 эмч, 12 улсаас таны асуудалд зөвлөгөө мэдээлэл өгч, шаардлагатай тохиолдолд та шинжилгээний хариугаа ч үзүүлээд цаашдаа ямар эмнэлэгт хандах, ямар эм уух талаар зөвлөгөө авах боломжтой болжээ.
Амар байгаа биз? Хугацаа алдаж, цар тахал дэгдсэн үед олон хүнтэй газраар явахгүй байх нь.
"Emch" аппликэйшн нь зургадугаар сарын 15-нд зах зээлд нэвтэрсэн бөгөөд одоо гарсан байгаа хувилбараа улам сайжруулахаар ажиллаж байгаа ажээ. Тус аппликэйшний үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал хүний их эмч, С.Анударьтай ярилцлаа.
- Энэ төрлийн аппликэйшн хөгжүүлэх санааг анх яаж бодож олсон бэ?
- Гадаадад гацсан байгаа Монголчууддаа зориулаад эрүүл мэндийн зөвлөгөө өгөх группийг нээж, үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл өгөөд нэг жил гаран болсон. Энэ хугацаанд ажиглагдсан сул тал нь эмчид хандаж байгаа хэрэглэгчийн мэдээллийг гуравдагч этгээд уншаад, нэг ёсондоо тэр хүний мэдээлэл алдагдсан. Үүнийг байхгүй болгож хэрэглэгчийн нууцлалыг хангахын тулд аппликэйшн хийх шийдвэр гаргасан.
- Ашиглахад миний мэдээлэл цааш задрахгүй гэсэн үг үү?
- Тийм ээ, таны мэдээлэл цааш задрахгүй. Хоёр давхар нууцлалтай байдаг. Таны мэдээлэл зөвхөн танд мөн зөвлөгөө өгч байгаа эмчид харагдана. Аппликэйшн хөгжүүлж байгаа админд хүртэл таны мэдээлэл харагдахгүй.
- Одоогийн байдлаар зөвхөн Монгол дахь иргэд ашигладаг уу? Нийт хэдэн хэрэглэгчтэй болсон бэ?
- Монгол дахь иргэд ашиглахаас гадна өөр таван улсаас ханддаг. Гадаадад байгаа Монголчууд маань тэр бүр эмнэлэгт хандаад өөрт байгаа зовиураа ойлгуулж чадахгүй байх тал ажиглагддаг. Энэ асуудалд нь шийдэл болж чадаж байгаа талаар сэтгэгдлээ илэрхийлдэг.
Одоогийн байдлаар нийт 2300 гаруй хүн идэвхтэй ашиглаж, 7000 хүн татаж авсан байна.
- Аппликэйшн үүсгэн байгуулагчид дунд эрүүл мэндийн салбарын хүн байгаа юу?
- Миний хувьд хүний их эмч мэргэжилтэй. Мөн гадаадад сурч, ажилладаг 20 гаруй эмч нар бий. Санаа нийлсэн бид "Эмч" группийг байгуулж, аппликэйшн хөгжүүлэх шийдэлд хүрсэн юм.
- Хүмүүс ихэвчлэн ямар асуудлаар хандаж байна вэ?
- Зовиураа л хэлдэг. Харин бид хаана хандаж юу хийх талаар нь чиглүүлж өгдөг. Бид гадаадад байгаа иргэд, гэрээсээ гарч чадахгүй байгаа эцэг эхчүүд, архаг хууч өвчтэй иргэд рүү илүү чиглэж байгаа.
Эмчтэйгээ текстээр холбогдох, цаашлаад шууд ярих боломжтой байдаг. Бид мөн сэтгэл зүй, биеийн тамирын чиглэлээр зөвлөгөө өгдөг.
"Орон нутгийн нэгэн суманд хөл хорио тогтоосон байхад нэгэн эх амаржсан бөгөөд аарцагны гэмтэлтэй болсон түүнд зөвлөгөө өгч байсан."
- Хийж байгаа ажлынхаа талаар дэлгэрэнгүй ярилцсанд баярлалаа. Цаашдын ажилд нь амжилт хүсье