/2022.11.22/ Их эзэн Чингис хааны мэндэлсний ой буюу "Монгол бахархлын өдөр" жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд тохиодог билээ. Тэгвэл энэ жил тус өдөр арваннэгдүгээр сарын 24 буюу энэ долоо хоногийн пүрэв гарагт тохиож байгаа юм.
"Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай" хуульд зааснаар энэ өдөр бүх нийтээр амрахаас гадна нэг эрхмийг "Чингис хаан" одонгоор шагнадаг уламжлалтай. Тэгвэл энэ удаагийн одонг хэн гэдэг эрхэмд олгохыг өнөөдөр зарлах юм. Үүнтэй холбоотойгоор "Чингис хаан" одонгийн талаарх мэдээллийг хүргэж байна.
"ЧИНГИС ХААН" ОДОНГООР ХЭНИЙГ ШАГНАХ ВЭ?
Энэ өдөр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг эрхмийг "Чингис хаан" одонгоор шагнадаг уламжлалтай. Тус уламжлал 2005 оноос тогтоод буй юм.
Тэгвэл "Чингис хаан" одон хүртсэн эрхэмд төрөөс ЯМАР УРАМШУУЛАЛ ОЛГОДОГ ВЭ? Үүнд:
- Одон хүртэгч Монгол Улсын иргэнд тухайн үеийн ханшаар 9 цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал, гадаадын иргэнд мөн тухайн үеийн ханшаар 9 цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал эсвэл түүнтэй дүйцэх дурсгалын зүйлийг олгодог байна.
- “Чингис хаан” одонгоор шагнагдсан Монгол Улсын иргэн “Чингис хаан” одонг гардуулах ёслолын ажиллагаа, Үндэсний их баяр наадам, Үндсэн хуулийн өдөр, Цагаан сарын баярыг тохиолдуулан зохион байгуулах төрийн ёслолын арга хэмжээнд уригдан оролцох юм.
- Түүнчлэн “Чингис хаан” одонгоор шагнагдсан Монгол Улсын иргэнд Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр Ерөнхийлөгчийн гарын бэлгийг өгнө.
Мөн “Чингис хаан” одонгоор шагнагдсан Монгол Улсын иргэн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад улсад хийх албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд багтах эрхтэй гэж “Чингис хаан” одонд нэр дэвшүүлэх, шагнах журамд заажээ.
Үе үеийн “Чингис хаан” одон хүртсэн эрхмүүд:
- 2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат
- 2006 онд Төрийн шагналт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шарав
- 2009 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэн
- 2010 онд Төр, нийгмийн зүтгэлтэн Раднаасүмбэрэлийн Гончигдорж
- 2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди
- 2012 онд УИХ-ын гишүүн асан Дамдины Дэмбэрэл
- 2013 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Думаагийн Содном
- 2014 онд нэрт эрдэмтэн, физикч Хавтгайн Намсрай
- 2015 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо
- 2016 онд Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Ганбаатарын Ариунбаатар
- 2017 онд Монгол Улсын гавьяат тамирчин, Монгол улсын хөдөлмөрийн баатар олимпын аварга Найдангийн Түвшинбаяр
- 2019 онд Монгол үндэстний хөгжмийг рок дуугаралттай хослуулсан Монгол рок буюу Хүннү рок урсгалаар тоглодог Хү хамтлаг
- 2021 онд Монгол улсаас сансарт ниссэн цорын ганц, дэлхийн 101 дэх, Азийн хоёр дахь сансрын нисгэгч бөгөөд нислэгийн инженер, хошууч генерал Жүгдэрдэмидийн Гүррагчаа
- 2021 онд Монгол Улсын Зэвсэгт хүчин