Эрчим хүчний салбарын талаар Эрчим хүчний зураг төсөл зохиогчдын холбооны ерөнхийлөгч Б.Авирмэдтэй ярилцлаа.
-Энэ өвөл эрчим хүчний салбар тун хэцүүднэ, лаа шүдэнзээ бэлтгээрэй л гээд байгаа. Одоохондоо мэдэгдсэн зүйлгүй тул бид өөр шуугиан дагаад л сууж байна. Үнэхээр хэцүү болсон юм байх даа?
-Салбарын зарим хүмүүс “Эрчим хүчний систем хямралын өмнөх шатандаа байна”, “Хямрал болох гэж байна” гэж ярьж байна. Үнэндээ бол моралийн элэгдэл, хүний нөөц гээд бүх талаараа гүн хямралд хэдийнээ орчихсон. Хамгийн энгийн жишээ гэвэл, эрчим хүчний систем хүчин чадлын тодорхой хувийн нөөцтэй ажиллах ёстой. ТЭЦ-IV долоон трубинтэй. Гэтэл арванхоёрдугаар сар гараад ид ачааллын үед ямар ч нөөцгүй ажилладаг. Төрийн өмчийн аж ахуйн нэгжүүд, дулааны цахилгаан станц болон бусад эрчим хүчний эх үүсвэрийн үйлдвэрлэгчидтэй хийсэн
Дэд сайдын уулзалтын үеэр арванхоёрдугаар сар байтугай одоо бараг тулж байна гэж ярьж байна лээ. Ямар нэг гэмтэл саатал гарвал хязгаарлана гэдгээ мэдэгдчихсэн. Тэгэхээр энэ хямрал мөн биз дээ? Арваннэгдүгээр сарын 14-ний байдлаар Оросоос 214 МВт авч байгаа гэсэн статистикийг харж болно. Гэтэл гадна агаарын температур УБ-т шөнөдөө -10 градус хүрээгүй байгаа.
Шугамын дамжуулах чадварыг техникийн боломжит түвшинг дээшлүүлэхээр ОХУ-ын талтай яриа тохироо хийгдэж байгаа гэж ойлгож байгаа. Гэхдээ техникийн хүчин чадлыг байх ёстой стандарт хэмжээнээс нэмэгдүүлнэ гэдэг нь тэр хэмжээгээр эрсдэл дагуулна. Яг л 90 оны дараах үе рүүгээ буцаж байгаа юм. Одоохондоо бол бид дулаан, цахилгаантай байгаа учир санаа зовох зүйлгүй л байна л даа. Хэзээ нэгэн цагт тартагтаа тулж, зогсох нь бол тодорхой. Мөн энд үндэсний аюулгүй байдал, эрсдэлийн үнэлгээний асуудал яригдана.
- Хямралд орсон гэдгийг тоон статистик үзүүлэлтээр ч юм уу, ямар нэг шалгуураар хэмжсэн байдаг уу? Эсвэл эрсдэлийн үнэлгээ ч юм уу?
-Дэлхийн эрчим хүчний конгресс гээд байгууллагаас Energy Trilemma гэдэг индекс гаргаж улс орнуудын нөхцөл байдлыг эрчим хүчний гурван үндсэн шалгуур үзүүлэлтээр хэмждэг. Эрчим хүчний аюулгүй байдал, хүртээмжтэй байдал болон байгаль орчны тогтвортой хөгжлийн үзүүлэлтээр хэмждэг. Энэ үзүүлэлтээр гаргасан 2021 оны индексээр Монгол Улс 101 улсаас 73-д жагсаж байна.
Өөрөөр хэлбэл Африкийн улсуудтай мөр зэрэгцэн D, C гэсэн үнэлгээтэй байгааг харж болно. Ялангуяа эрчим хүчний аюулгүй байдал тал дээр онцгой анхаарахаас өөр аргагүй.
-Эрчим хүчний үнийг тэр дундаа ААН байгууллагуудын эрчим хүчний тарифыг 14, 28 хувиар нэмэх шийдвэр Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргах шиг боллоо. Энэ нь таны яриад байгаа хямралыг шийдэх үү?
-Энэ бол түр зуурын гал унтраах арга хэмжээ. Зөвхөн үнэ тарифыг бага, дунд хэмжээгээр нэмлээ гээд хямралаас тийм хурдан гарчихгүй.
Бусад оронд үйлдвэрлэгчдээ дэмжээд цахилгааны тарифыг ахуйн хэрэглээнээс хямд байлгадаг практик олон бий. Манайх эсрэгээрээ яваад байгаад гайхаж л байна.
Миний хувьд улс төр, хууль эрх зүй болон техникийн зохицуулалт гэсэн гурван үндсэн шинэчлэлтийг хийж байж хямралаас гарах боломжтой гэж харж байна.
Товчхондоо “Улс төрийн” гэдэг нь Эрчим хүчний зохицуулах байгууллагын хараат бус бие даасан байдлыг хангах, “Хууль эрх зүйн” гэдэг нь 2001 онд батлагдсан Эрчим хүчний тухай хуулийг шинэчлэн найруулах, “Техникийн зохицуулалт” гэдэг нь “Нэгдсэн сүлжээний дүрэм”, “Цахилгаан байгууламжийн дүрэм” зэрэг амин чухал техникийн зохицуулалтын бичиг баримтыг мөрдөх, шинэчлэх зэргийг ярьж болно.
-Та их макро түвшний асуудлуудыг хөндөж байх шиг байна. Уншигчдад арай ойлгомжтой байх үүднээс бодитой жишээн дээр ярилцвал ямар вэ? Саявтархан “Уламжлалт эх үүсвэр ашиггүй ажиллаж байхад, сэргээгдэх эрчим хүч ашигтай ажиллаад байна” гэх агуулгатай мэдээ явж УИХ дээр хүртэл яригдаж байсан. Ашигтай, ашиггүй ажилладаг шалтгаан нь юу гэж та хувьдаа бодож байна?
-Энэ дээр ярьсан “улс төр”, “хууль эрх зүйн” шийдвэрүүд байгаа онодоггүй буюу аливаа шийдвэр нь салбарын нөхцөл байдлыг улам муутгадагт байгаа гэж бодож байна.
Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийнхээ алдагдлыг харагдуулахгүйн тулд хамаг зээл тусламж, татаасыг балансад нь зөв бүртгэхгүй, тарифыг хүчээр олон жил барьж тогтмол болон хувьсах зардлыг зохистой хэмжээнд санхүүжүүлж чадахгүй байна. Ингэж дэмжээд ч өрийн сүлжээнд ороод байгаагаа ингэж тайлбарлаж байгаа нь бидний эмгэнэл юм даа.
Сэргээгдэх эрчим хүч ашиг олж байна гээд байгаа. Яг нарийндаа ярих юм бол ашиг гэдэг бол оруулсан хөрөнгө оруулалтаа бүрэн нөхсний дараа ярих зүйл яригдана. Тэгэхээр сүүлийн 10 гаруй жил баригдсан сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдээс хөрөнгө оруулалтаа нөхсөн нь ганц нэгээр л тоологдох болов уу. Эндээс юу харагдаж байна вэ гэвэл бид социалист сэтгэлгээнээсээ салах яагаа ч үгүй юм байна аа гэсэн л бодол төрөөд байгаа. Ямар ч салбар нь өөрийнхөө санхүүгийн болон техникийн асуудлыг “хууль эрх зүйн” хүрээнд өөрсдөө зохицуулаад явдаг болох тийм тогтолцоотой болох хэрэгтэй.
-Салбарын санхүү, эдийн засаг тэгэхээр бидний бодсоноос хүнд байгаа юм байна гэж ойлголоо. Бусад салбартай харьцуулбал ямар байдаг юм бол?
-Эрчим хүчний салбарыг Харилцаа холбооны салбартай зарим тоог нь харьцуулж үзье. Эрчим хүчний нийт хэрэглэгчийн тоо 752 мянга. Цаана нь гэр бүл, аж ахуйн нэгж, үйлдвэрлүүд бий. ТЭЦ-IV Улаанбаатар хотын эрчим хүч, дулааны 70 хувийг дангаараа хангадаг. Үүрэн холбоо 4,6 сая хэрэглэгчтэй. Ингээд бодвол энэ хоёр хамгийн олон хэрэглэгчтэй, тасралтгүй үйлдвэрлэл үйлчилгээ явуулдаг зах зээл юм.
Эрчим хүчний салбарын жилийн орлого 1,3 их наяд. Харилцаа холбооны салбарын орлого 1,6 их наяд. Харилцаа холбооны салбараас эрчим хүчний салбар орлого бага байгаа биз? Дэлхийн хаа ч ийм юм байхгүй. Яагаад гэвэл эрчим хүчний салбар нь суурь салбар.
Салбараар нь биш компаниар нь харьцуулъя. Мэдээлэл холбооны салбарын зах зээлийн эзлэх хувийг харвал 38 хувь нь Мобиком, 34 хувь нь Юнител. Тухайн салбарын тайлангаас орлогыг нь багцаалвал тус бүртээ 500 орчим тэрбум төгрөг, буюу жилийн 1 их наяд гаруй. Харин ТЭЦ-IV-ийн 2021 оны орлогын тайланг Шилэн данснаас харвал 311 тэрбум байна. Энэ компаниудад адилхан л 1400 орчим хүн ажилладаг.
Гэтэл Мобиком, Юнител хоёр жилд нэг их наяд төгрөгийн орлого олж байхад, ТЭЦ-IV-ийн орлого 311 тэрбум төгрөг. Зах зээл ямар байгаа нь харагдаж байна уу?
-Тэгэхээр та эрчим хүчний салбар “хууль эрх зүйн” асуудлаа эхлээд цэгцлэх ёстой гэж үзэж байна уу?
-Эрчим хүчний хууль зэргийгээ либераль болгож, түгээх, хангахыг нь хувьчилна гээд 20 жил л ярьсан, одоо яг хэвээрээ. Эх үүсвэрүүдийн зохистой хэмжээнд төлөвлөх бодлого хийх, дамжуулах сүлжээг нь оновчтой барьж байгуулах, өргөтгөх, хэрэглэгчтэй харьцдаг түгээх сүлжээнүүдийг хувьчлах хэрэгтэй. Эрчим хүчний хууль 2001 онд батлагдаж, суурийг нь уг нь тавьсан. Тэгээд 21 жил гацчихсан. Ямар ч дорвитой шийдэл байхгүй, үе үеийн улстөрчид нэмэлт өөрчлөлт хийдэг, улс төрийн шийдвэрүүд гаргадаг тэр нь дандаа нөгөө орчноо улам муутгасан заалтууд оруулаад л байдаг. Тэр системийг ажиллуулах үндсэн механизм нь хууль болон техникийн зохицуулалт. Гэтэл түүнийгээ хүртэл “улстөр”-ийн аргаар бариад, тогтолцоогоо сайжруулахгүйгээр тултал нь явчихлаа.
-Шийдэл нь юу байж болох вэ?
-Хууль эрх зүйн талаасаа зохицуулалтын орчин буюу ажиллах механизм бол бүрдсэн байгаа. Үүний жишээ нь Эрчим хүчний зохицуулах хороо түүний ажлын алба хэрэгжүүлээд явах бүрэн боломжтой болсон. Хамгийн гол нь энэ институцийн хараат бус бие даасан байдлыг хангах нь чухал байх гэж хувь хүний хувьд харж байна. Салбарт оролцож байгаа бусад оролцогчид хэн хэн ямар үүрэгтэйгээр оролцох вэ гэдгээ экосистемээр нь харж чадаж байна уу гэдэг асуулт тавигдаж байна даа.
-Экосистемээр нь харна гэдгээ энгийнээр дэлгэрүүлж тайлбарлавал?
-Бодлого төлөвлөлт хэн гаргах, хэн хэрэгжүүлэхэд хяналт тавих, зохицуулалтыг хэн хийх, хэн түлш нийлүүлэх, хэн үйлдвэрлэгч байх, хэн дамжуулах, түгээх сүлжээг хариуцах, хэн техникийн зохицуулалтын бичиг баримтаа боловсруулах, хэн барилга угсралтаа хийх зэргийг тодорхой болгож үүнийгээ эрх зүйн хувьд баталгаатай болгох хэрэгтэй болов уу. Үүнийг энэ салбарт оролцогч бүрээр нь яривал маш их хугацаа орох байх аа. Товчдоо хувийн хэвшил хийж чадахаар зүйлийг төр эсвэл орон нутгийн өмчтэй байгууллагууд хийхгүй л байхад болчих юм.
Төр хууль эрх зүйн болон техникийн зохицуулалтаа л хийх ёстой. Хувийн хэвшил боломжийн хэмжээнд чадваржсан, одоо цаашдаа экосистемээ цогцоор нь эргэж харахгүй бол болохгүй байна аа л гэсэн санаа юм.
-Экосистем болохгүй байгаа жишээг хэлээч гэвэл?
-Энэ экосистем болохгүй байгааг жишээ нь эрчим хүчний үйлдвэрлэлийг үе шатаар нь аваад үзвэл, нүүрс олборлоно, тээвэрлэнэ, цахилгаан үйлдвэрлэнэ. Түүнийг нь дамжуулах, түгээх компаниуд аваад хэрэглэгчдэд хүргэнэ. Төв станц нь цус шахагч зүрх гэж үзвэл дамжуулах нь артерийн судас, цахилгаан түгээх сүлжээ бол цусыг дамжуулах захын судаснууд юм. Гэтэл цахилгаан түгээх сүлжээг улсын болон хувийн хөрөнгөөр өргөтгөөд маш их хөрөнгө оруулалт гаргаад л байдаг. Сонгуулийн өмнөх жил болохоор л гэрчилгээтэй, гэрчилгээгүй маш олон айлд газрын болон эрчим хүчинд холбох зөвшөөрөл олгочихдог. Орон сууцны маш олон барилгыг дулаан цахилгаанд холбоод л байна. Үүний цаана бас хувийн болон төрийн өмчийн хөрөнгө оруулалт нь холилдчихсон. Гэтэл тэр цус шахаж байгаа зүрх нь зогсохдоо, артерын судас нь зарим газраа хэтэрхий ачаалалтай зарим газраа ямар ч ачаалалгүй. Эцсийн дүндээ үндсэн эх үүсвэртээ хөрөнгө оруулалт бага оруулдаг байж захын судлуудаа нэмээд байхаар яах болж байна. Экосистем хэрхэн ажиллаж байгааг энгийнээр тайлбарлавал ийм байна.
-Техникийн зохицуулалт гэж та дээр бас нэг асуудал хөндөж тавилаа. Үүний цаана та яг юу хэлэх гээд байна вэ?
-“Техникийн зохицуулалт” гэдэг нь “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хуульд зааснаар “бүтээгдэхүүний тодорхойлолт, боловсруулалт, үйлдвэрлэлийн арга, стандарт, техникийн үзүүлэлт болон шаардлагыг эш татаж, эсхүл тэдгээрийн агуулгыг тусгаж эрх бүхий байгууллагаас баталсан заавал дагаж мөрдөх баримт бичгийг” гэж тодорхойлсон байдаг.
Ерөнхийд нь энэ чиглэлийн эрх зүйн зохицуулалт 2009 оноос эрс сайжирч явсаар энэ хууль 2017 онд шинэчлэн батлагдаад хэрэгжээд явж байна. Бараг олон улсын жишиг рүү явж байгаа гэж хэлж болно. Гэхдээ хэрэгжилт нь яг салбар дээр буугаад ирэхээрээ хоцрогдолтой яваа. Жишээлбэл “Нэгдсэн сүлжээний дүрэм”, “Цахилгаан байгууламжийн дүрэм” зэрэг чухал бичиг баримтууд орчин цагийн шаардлагыг хангахгүй болсон байгаа ба хэн санхүүжүүлэх, хэн боловсруулах, хэн батлах нь ч тодорхойгүй байна.
-Одоо тэгээд техникийн зохицуулалт-гүй явж байгаа гэсэн үг үү? Та уншигчдад арай ойлгомжтой тайлбарлах уу?
-Эрчим хүчний зураг төсөл зохиогчдын холбоо ТББ-ны удирдах зөвлөлд ажиллаж байгаагийн хувьд энэ талаар зураг төсөл зохиогчдын байр суурийг илэрхийлье.
Техникийн зохицуулалт байгаа тэр нь зарим нь 20-30 жилийн өмнөх ОХУ-ын нормативын тогтолцоон дээр суурилсан бичиг баримтууд байдаг. Хэрэгжиж байгаа. Харин эдгээр нь одоогийн хэрэгцээ шаардлагыг хангахгүй болсон л гэж хэлээд байгаа юм.
Бие даасан тусгаар улс болгон салбарын техникийн зохицуулалтыг өөрийн улсын онцлогт тохируулан баталж, түүнийг чанд мөрдөж ажилладаг. Энэ нь хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалахад чиглэгддэг бөгөөд заавал дагаж мөрдөх бичиг баримт юм. Харин “стандарт” нь сонгож хэрэглэж болохоор цоо шинэ зохицуулалт бий болж байгаа. Өөрөөр хэлбэл маш олон стандартуудыг хэрэглэхдээ тухайн экосистемд оролцож байгаа талуудад тавигдах минимум шаардлагыг нэгдсэн баримт бичигт оруулж “техникийн зохицуулалт” болгон хялбаршуулж баталдаг. Гэхдээ үүнийг шинжлэх ухаан, техникийн томоохон институтүүд боловсруулдаг бөгөөд энэ чиглэлээр манай улсын шинжлэх ухааны болон туршилт судалгаа, судалгаа хөгжүүлэлтийн чадавх хүрэлцэхгүй. Гэхдээ бид гадаадад сурч ажиллаж байгаа мэргэжилтнүүдээ түшиглэн аль нэг улсын техникийн зохицуулалтыг цогцоор нь авч, зохих хэмжээнд нутагшуулах нь зүйтэй гэж үздэг. Үүнийг нэг төрийн байгууллага эсвэл төрийн бус байгууллага хийдэг ажил биш юм.
-Сүүлийн үед сошиал медиа-д “Хэдүүлээ ган хайлуулья" "Зэвсэг хийе. Дрон хийе", "Нүүрсээ, зэсээ зөөе", "Чип хийе цахилгаан, программ хангамж эскспортлоё", эсвэл "УБ-т метро тавья", "Богд уулаа доогуур нь нүхлээд төв аймгаа нэг дүүрэг болгоё", "Эрдэнэт , Дархан, Сэлэнгэ, Багануурыг холбосон хурдны галт тэрэг тавья” гээд яриад байх юм. Тэгэхээр үүнд танай гэх үү манай гэх үү эрчим хүчний салбар бэлэн байна уу? Арай жоохон амьдрал практикт ойртуулаад тайлбарлаад өгөх үү?
-Эрчим хүчний ТЭЗҮ, зураг төсөл хийдэг хувийн аж ахуйн нэгжүүд чадах чинээгээрээ чардайгаад Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хийгдэх төсөл хөтөлбөрүүд дээр ажиллаж л байна. Гэхдээ дээр ярьсан экосистем, зохицуулалт зөв зохистой ажиллахгүйгээр хичнээн тарифаа нэмээд, хичнээн хэмнээд хэмнээд энэ тойргоосоо гарахгүй гэсэн үг. Ган хайлуулах цогцолбор, хурдны галт тэрэг эсвэл метро байгуулах, цахилгаан машин, цахилгаан автобуснуудыг цэнэглэх байгууламж барихад дор хаяж 1.5-2 ГВт шаардлагатай.
Одоо байгаа 1 ГВт эх үүсвэр, түүнийг дамжуулах, түгээх сүлжээ дээр нэмээд нөөц хүчин чадлаа нэмээд ч 2-3 дахин том хүчин чадал шаардлагатай. Үүнийг эртнээс төлөвлөж хийх, хөрөнгө оруулалт босгох, төсөл хэрэгжүүлэх арга зам механизмаа сайжруулах, компаниудаа томруулах шаардлагатай.
Нэмээд Хэрлэн голоос говь руу ус татах, Дорнодоос Дорноговь руу газрын тос дамжуулах зэрэг төслүүд ч дор хаяж 20-30 МВт чадалтай чадалтай томоохон насос станцууд ажиллах байх. Нийлбэр нь бас л хэдэн 100 МВт-аар яригдана. Өөрөөр хэлбэл хэмнэх биш эрчим хүчний хэрэглээгээ нэмэх, зохицуулах, тогтвортой байх хэрэгтэй. Тэгвэл аяндаа хувийн хэвшил бусдыг нь хийчихнэ.
Эрчим хүчний зураг төслийн компаниудад уул уурхай, барилга, үйлдвэрлэлийн маш олон төслүүдэд ТЭЗҮ, зураг төсөл хийх хүсэлт ирдэг боловч ихэнх нь эхлээд 1-2 жил идэвхтэй яваад хана мөргөөд замхардаг гашуун гэлээ ч үнэн байдал ийм л байгаа.
Бодит байдал дээр хотын дулаан, цахилгааны эх үүсвэртээ ойрхон байгаа байршил дээр цементэн ширэнгэн ой баригдаад холбогдоод л байдаг. Энэ дашрамд Багануурын 700 МВт-ын төслийг эхэлж байхад нь зогсоосныг ёстой ойлгодоггүйгээ хэлье. ТЭЦV ч ялгаагүй, Эгийн голын УЦС арай өөр шалтгаантай байх. Ерөөсөө дэлхий дээр манай энэ ажиллаж байгаа системийг хэн ч ойлгохгүй байх аа.
-Та жоохон гутранги үзэл бодолтой хүн юм. Тан шиг ийм бодолтой хүн олон уу?
-Энэ салбарт ажиллаад 10 дахь жилдээ ажиллаж байна. Гэхдээ мэдээ орсноосоо эхлэн энэ салбарын талаар сонсож өссөн болохоор дуу хоолойгоо хүргэх л хэрэгтэй байх. Өөрийн судалгаа ажиглалтыг л хэллээ. Иргэн хүн болгон л улс орныхоо төлөө бодох, сурах, хөгжих, ярих хэрэгтэй байх. Гутранги гэдэгтэй санал нийлэхгүй байна. Бид бүгдээрээ сэтгэлгээгээ өөрчлөхгүй бол энэ хямралаас гарахгүй нь тодорхой. Улс орны ирээдүй гээд худлаа яриад яахав манай улс төрчид ярих биз.
-Энэ салбарын ирээдүй хэрхэн харагдаж байгаа бол?
-Иргэн хүний хувьд эрчим хүчний салбарт ирээдүй байгаа гэдэгт итгэлтэй байна. Хэд хэдэн үндэслэлээр тайлбарлах гэж оролдъё.
- 1990 онд Монгол Улс өөрийн эдийн засаг, үйлдвэрлэлийг бие дааж эрхлэн явуулж 30 гаруй жил болж байна. Өөрөөр хэлбэл, төрийн болон хувийн байгууллагад ажиллаж байгаа боловсон хүчин сайжирч байна, үе солигдож байна. Томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх чадавхитай аж ахуйн нэгжүүд бий болж байна. Бас л зохицуулалтын асуудал дээр нь сэтгэлгээгээ бүх түвшинд өөрчлөх хэрэгтэй.
- Шинэ эрчим хүчний эх үүсвэрүүд гарч ирж байна. Ялангуяа тун олзуурхууштай нь нүүрсний давхаргын метан хийн хайгуул эрчимтэй хийгдэж байгаа мэдээ байгаа. Дэлхийд эдийн засгийн үр ашгийн болон маневрлах чадвараараа УЦС-ын дараа ордог технологи нь хийн цахилгаан станц юм. Мөн хүрэн болон ногоон устөрөгч үйлдвэрлэн түлшний цоо шинэ зах зээлийг бий болгож экспортлох ч боломжтой. Салхи, нарны эх үүсвэрүүд, баттерей хуримтлуур, цөмийн эрчим хүч гээд асар их боломж байна. Хамгийн гол нь эдгээрийг зүй зохистой хэрхэн ашиглах нь биднээс л хамаарна.
Өөрөөр хэлбэл Монголчуудыг Монголчууд л аварна. - Мэдээллийн технологи бүх салбарт эрчимтэй нэвтэрч байна. Мэдээллийн технологи, дижитал шилжилтийг шингээх боломжтой салбарын нэг нь эрчим хүчний салбар. Мэдээллийн технологи, дижитал шилжилтийг цогцоор нь хийвэл салбарын бүтээмж асар их нэмэгдэх боломж бий.
- Шинэ техник технологи, инновацийн боломжууд нэмэгдэж байна. Өмнөх нийгмийн үед 25 тонны кран олддоггүй байсан бол одоо 100 тонны кран ашиглах нь хэвийн болсон байна. Мөн өндөр маневртай жижиг оврын 1 техникээр төмөрбетон шонг тээвэрлээд, өрөмдөөд, суурилуулаад, угсралт монтажийг нь 2-3 хүнтэй баг гүйцэтгэж байна. Технологийн дамжуулах чадвар өндөртэй дамжуулагч утасны шинэ төрлүүд бий болж өртгийн хувьд ч буурч байна. Энэ инновацийн бүтээгдэхүүнийг ашигласнаар шинээр шугам барихгүйгээр одоо ашиглагдаж байгаа шугамын утсыг солиод хүчин чадлыг 2 дахин нэмэгдүүлэх боломж бий болж байна.
- Монгол Улсын бүх сум үндсэндээ эрчим хүчний системд холбогдсон өөрөөр хэлбэл 750000 хэрэглэгчтэй зах зээл байна, мөн бүх малчин айл буюу ойролцоогоор 200000 айл бие даасан жижиг эх үүсвэрээр эрчим хүчнийхээ хэрэглээг хангаж байна. Өөрөөр хэлбэл, ахуйн түвшинд energy affordability буюу хүртээмж сайн байгаа. Хэрэглээ байгаа цагт бизнес бий болноо л гэсэн үг. Үүн дээр суурилаад уламжлалт болон сэргээгдэх тархмал эх үүсвэрийг хавсран хөгжүүлж нэгдсэн системдээ дэмжлэг үзүүлэх бүрэн боломжтой. Зохицуулалтын л асуудал гэж харж байна.
- Манайх газар нутгаараа том хэдий ч эдийн засгийн бүтцээр авч үзвэл тийм ч нүсэр том улс биш. 2-3 том эх үүсвэр болон дамжуулах сүлжээний өргөтгөл хийчихвэл босоод л ирнэ. Гэхдээ дор хаяж 10-20 жил хэрэгтэй. Тэгж байж Алсын хараа – 2050-д тусгасан шиг экспортлогч биш юм аа гэхэд дотоод эдийн засгаа дэмжих суурь дэд бүтцээ бий болгох юм.
Дээр ярьсан эрх зүйн болон техникийн бас дээр нь системийн сэтгэлгээний өөрчлөлт шинэчлэлтийг биднээс шаардаж байна.
-За ярилцлага өгсөнд баярлалаа.
-Баярлалаа. Хэтэрхий нуршчихав уу яав. Өөр жижиг асуудлууд яривал зөндөө л юм байна.