О.Уртнасан: Сурагчид маань халуун устай аяга барьж гараа дулаацуулж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Уртнасан: Сурагчид маань халуун устай аяга барьж гараа дулаацуулж байна

Математикийн багш О.Уртнасан

Нийслэлийн ерөнхий боловсролын 29 дүгээр тусгай сургуулийн багш нар өчигдөр Боловсрол, шинжлэх ухааны яаманд хандан мэдээлэл хийлээ. Тэдний зүгээс тус сургуулийн сурагчид болон сурган хүмүүжүүлэгчдийн эрх маш ноцтойгоор зөрчигдөж байгаа ярьсан юм. Үүнтэй холбоотойгоор 29 дүгээр сургуулийн Математикийн багш О.Уртнасантай ярилцлаа.

-Танай сургууль одоогоор хэдэн сурагчтай үйл ажиллагаагаа явуулж байна вэ?
-272 сурагчтай үйл ажиллагаагаа явуулж байна.

-Та нарт ямар асуудал тулгарсан болоод ийнхүү мэдээлэл хийж байна вэ?
-Тоочвол маш олон асуудал байна. Тухайлбал, сургуулийн коридорын дээвэр, ангийн таазнаас дусаал дусах асуудалтай бид жил бүр нүүр тулдаг. Зун засвар хийгээд намар ирэхэд л таазнаас дусаал гоожчихсон байдаг. Ялангуяа, гурван давхрын зүүн, баруун хоёр жигүүрийн таазнаас байнга дусаал гоождог. Зарим газраа тэр чигтээ шарлаад шохой нь уначихсан байгаа. Энэ жил багш нар маань наймдугаар сарын 25-наас анги танхимдаа засвар хийсэн. Гэсэн ч ийм байдалтай байна.

Харин өвөлдөө маш хүйтэн. Ялангуяа, арваннэгдүгээр сарын 1-нээс дараа оны хоёрдугаар сарын 15 хүртэл бүр маш хүйтэн байдаг. Хүүхдүүд маань урдаас “Багш аа даараад байна” гэж дохионы хэлээр хэлж байгаа нь үнэхээр өрөвдмөөр. Сурагчид маань халуун устай аяга барьж гараа дулаацуулдаг. Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа тусгай сургуулийн хүүхдүүд ийм орчинд сурч байна гэдэг хэний ч сэтгэл эмзэглэхээр асуудал. Манай сургуульд өвөл маш хүйтэн байдаг 14 анги байдаг.

-Сургуульдаа нэг мөсөн их засвар хийгээд, эдгээр асуудлаа шийдэж болохгүй юу?
-Манай сургуулийн захирлын албан тушаалд маш олон хүн томилогддог. Тогтвортой байна гэж байхгүй. Сүүлийн таван жилийн хугацаанд л гэхэд 10 гаруй томилгоо хийгдсэн байна. Үүнээс болоод улсын төсөвт засварын зардлаа суулгаж чадахгүй байнга хоцордог. Шинээр ирж буй захирлууд нөхцөл байдлыг бүрэн мэдэхгүй, дадлагажих хооронд нь төсөв батлагдчихдаг.

Хэл заслын кабинетын таазнаас дусаал дуссан байдалтай байгаа нь.

-Захирлууд ойр ойрхон солигдож байгаагийн шалтгаан юутай холбоотой гэж харж байна вэ?
-Одоо байгаа менежер маань дөнгөж энэ жилийн есдүгээр сард орж ирсэн. Гэтэл аравдугаар сараас нь дахиад захирлын үүргийг хавсран гүйцэтгүүлсэн. Боловсролын яам ямар ч үндэслэлгүйгээр буруу шийдвэр гаргадаг. Нэг захирлыг нь халлаа гэхэд нөгөөдөх нь шүүхдээд буцаад ороод ирдэг. Харин захирлын орон тоо сул байх үеэр түр хавсран гүйцэтгэгч нэрээр сургалтын менежерт хариуцуулдаг. Гэвч тухайн хүн нь сургалтын үйл ажиллагаагаа хариуцах уу эсвэл дээврийн засвар, анги танхимынхаа дулаалгад анхаарах уу гэдгээ мэдэхээ байчихдаг. Чадахгүй байна гэдгээ өөрсдөө ч хэлдэг. Энэ нөхцөлд сургалтын чанар ч гэсэн сайн байж чадахгүй.

"БАГШ НАР ӨӨРСДӨӨ ДУЛААЛГЫН МАТЕРИАЛ АВЧ ЦОНХОО ДУЛААЛДАГ"

-Энэ асуудлуудаас болж багш сурагчдын эрх хэрхэн зөрчигдөж байна вэ. Өнгөрсөн долоо хоногт цахилгаанчин таны биед халдсан асуудал үүссэн гэсэн шүү дээ. Яг юу болсон юм бэ?
-Би энэ сургуульд 21 дэх жилдээ математикийн багшаар ажиллаж байна. 2022 оны арваннэгдүгээр сарын 17-ны пүрэв гарагт өглөө ажилдаа ирэхэд анги маш хүйтэн байсан. Тиймээс би энэ талаар удирдлагуудад хэлсэн. Зөвхөн тэр үед ч биш, түрүү жил ч хэлж л байсан. Гэвч удирдлагууд “Анги чинь хүйтэн байвал цонхтой цаг дээрээ дулаан ангид сэлгэж суу” л гэж хэлдэг. Багш нар маань 100 айл ойрхон учраас өөрсдөө дулаалгын материал аваад цонхоо дулаалдаг.

Тухайн өдөр мужаан орж ирээд гурван цонхны хоёрынх нь түгжээг солиод гарсан байдаг. Төд удалгүй цахилгаанчин орж ирээд наачихсан байгаа цонхыг нээх гэж оролдсон. Тиймээс би наад цонх чинь биш хойд цонх гэж хэлтэл цонхон дээр байсан цэцгүүдийг хамаад, "Түрүү жил өвөл болоогүй юм уу? Чи цонхныхоо түгжээг идсэн юм биш үү?" гэж орилсон. Би биеэ хамгаалах зорилгоор утсаараа "Бичлэг хийж байгаа шүү" гэтэл шууд үсдэж, толгой руу цохисон. Багшид гар хүрсэн тохиолдол би өмнө нь харж байгаагүй. Үнэхээр гайхалтай.

Хэрэв дээврээс ус алддаггүй, сургууль дулаахан байсан бол цахилгаанчин миний биед халдахгүй байх байсан. Тухайн ажилтан надад омогшиж, өс санаж гүйж орж ирэх далим бүрдэхгүй байсан шүү дээ.

-Ковидын үед та нарт хичээлээ заахад хэр байсан бэ. Мэдээж гэр гэрээсээ ажиллаж байсан байх?
-Тийм ээ. Бид нар гэрээсээ цахимаар ажилласан. Дохионы хэлээр сургалтын үйл ажиллагаагаа явуулахад мэдээж хүндрэл бэрхшээл байсан. Манай сургуулийн сурагчдын тал нь хөдөө орон нутгийн хүүхдүүд байдаг. Цар тахлын үеэр хөдөө орон нутгийн хүүхдүүд бүр хичээлд оролцоогүй, эцэг эхчүүд нь ч холбоо бариагүй. Харин үлдсэн сурагчдын дотор дататай хүүхдүүд байна, датагүй хүүхдүүд ч байна. Зарим нь бүр утасгүй. “Багш аа утас байхгүй, дата дууссан” гэх мэт асуудлууд үүссэн.

-Тэгэхээр хоцрогдлыг арилгах шаардлага байгаад байна шүү дээ тийм ээ?
-Байлгүй яах вэ. Манай сурагчдын хувьд асар их хоцрогдолтой байгаа.

-Боловсрол, шинжлэх ухааны яамнаас та нарын нөхцөл байдалтай ирж танилцсан уу?
-Мэдэхгүй. Сүүлийн 5 жилд лав нэг ч удаа ирээгүй.

Үүнээс гадна энэ жилээс эхлэн багш нарыг гүйцэтгэлийн үнэлгээгээр цалинжуулах талаар БШУ-ны сайд ярьсан шүү дээ. Энэ дагуу зарим ЕБС-ийн багш нар эхнээсээ аваад эхэлчихсэн байгаа. Гэтэл манай сургуулийг багш нар одоог хүртэл гар дээрээ нэг ч төгрөг аваагүй байна. Хэн хэдэн төгрөгөөр, яаж үнэлэгдсэнийг ч мэдээгүй. Түүнчлэн сайд хэрэглэгдэхүүний зардал олгоно гэж маш их ярьсан. Олгоно гэж ярихаас өмнө нэг боодол бичгийн цаасыг гурван багш хуваадаг байсан. Гэтэл энэ жил ширхэг ч бичгийн цаас өгсөнгүй.

-Та нарын хүсээд байгаа зүйл юу байна вэ?
-Бид захирлын сонгон шалгаруулалтад итгэхгүй байна. Мөн дотроос нь хэн нэгнийг захирлаар томилох биш гаднаас хүн оруулж ирэх хэрэгтэй гэж бодож байгаа. Ингэхдээ багаар нь авчраад энэ сургуулийн нөхцөл байдлыг дээрдүүлээд өгөөч гэж л сайдаас хүсэж байна.

-Танай сургуульд багш нар дутагдах асуудал бий юу?
-Одоогоор дотоод хяналт, хэл засалт, газар зүй, дотуур байрны асрагч, дохионы хэлний багш гэх мэт орон тоонууд дутагдалтай байгаа. Дотуур байрны асрагчид маань богино хугацаанд ээлжилж гарахаар ядрах асуудал үүсдэг.

-Тэгэхээр дутуу орон тоогоо хэрхэн нөхөж, сурагчдад хичээл заадаг гэсэн үг вэ?
-Газар зүйн хичээлийн хувьд тэтгэвэрт гарсан багшаа урьж авчирч хичээл заалгуулж байгаа. Есдүгээр сарын 1-нээс хойш сурагчид нэг сарын хугацаанд газар зүйн хичээл үзээгүй. Тиймээс саяхнаас тэтгэвэрт гарсан багшаа авчирч хичээлээ үзэж эхэлж байна. Дохионы хэлний багш маань ч гэсэн тэтгэвэрт гарсан хүн байгаа. Харин дотоод хяналт бол ямар ч хүнгүй, ажлын байр нь хоосон байгаа.

-Баярлалаа.

“1989 ОНООС ХОЙШ НЭГ Ч УДАА УРСГАЛ ЗАСВАР ХИЙГЭЭГҮЙ”

Үүний дараагаар бид тус сургуулийн Сургалтын менежер, Захирлын үүргийг түр хавсран гүйцэтгэгч О.Анхтуяагаас зарим асуудлыг тодруулсан юм.

Сургалтын менежер, Захирлын үүргийг түр хавсран гүйцэтгэгч О.Анхтуяа

-Та захирлын үүргийг түр хавсран гүйцэтгэгчээр ажиллаад хэр удаж байгаа вэ?
-Нэг сар л болж байна.

-Цахилгаанчин танай сургуулийн багшийн биед халдсан хэрэг гарсан байна шүү дээ. Үүнд та ямар нэг хариуцлага тооцсон уу?
Тухайн багш сургуулийн захиргаанд хандахаас урьдаад цагдаад мэдэгдсэн байна лээ. Түүнчлэн Захиргааны зөвлөлийн хурал хийсний дараа багшийн биед халдсан гэх цахилгаанчин ч гэсэн гомдолтой гэж өргөдөл гаргасан. Багшийн ажлын байран дээр биед нь халдах гэдэг байж болохгүй асуудал. Миний хувьд ч гэсэн үүнийг эмзгээр хүлээн авч байна. Захирлын үүргийг түр хавсран гүйцэтгэж байгаа хэдий ч гэсэн аль болох зөв шийдвэр гаргачих юмсан гэж хичээж байна. Удирдах зөвлөлийн хурлаар энэ асуудлыг авч хэлэлцсэн.

Манай сургуулийн дотоод журмаар тухайн ажилтан ноцтой зөрчил гаргасан гэдэг нь хууль хяналтын байгууллагаар нотлогдвол захиргааны арга хэмжээ авах юм уу ажлаас чөлөөлнө гээд заачихсан байгаа. Тиймээс одоогоор хууль хяналтын байгууллагын хариуг хүлээж байна.

-Сургуулийн нөхцөл байдлын тухайд нэлээд хүндрэлтэй байна гэж багш нар ярьж байна шүү дээ. Энэ асуудал дээр цаашид хэрхэн анхаарч ажиллая гэсэн бодолтой байна вэ?
-Намайг өмнө нь ажиллаж байхад ч гэсэн сургууль хүйтэн байдаг асуудал үүсдэг байсан. Гэхдээ үнэхээр курткатайгаа суух хэмжээний хүйтэн гэж бодож байгаагүй. Гэхдээ ажлаа хүлээж авснаас хойш аж ахуйн даргаар өнөөгийн нөхцөл байдлын судалгааг гаргуулж, ямар асуудал байгааг нягтлах ажлуудыг хийсэн байгаа.

Манай сургуулийн барилга 1989 онд баригдаж, ашиглалтад орсон түүхтэй. Баригдсан цагаасаа хойш ямар ч урсгал засвар хийгдээгүй. Харин 2015 онд Японы Засгийн газрын тусламжаар бүх цонхыг сольж вакум цонхтой болгосон байдаг. Тиймээс уламжлалт модон цонхыг нь авч вакум цонх хийхэд ямар нэг хэмжээний зөрүү гарч сийгэх асуудал гарсан байж магадгүй. Мөн гадна фасадгүй учир сийгдэг. Бусад асуудлуудыг үргэлжлүүлэн судалж байна. Цаашид шат дараатайгаар арга хэмжээ аваад явна.

-Захирлын сонгон шалгаруулалт хэзээ болох вэ?
-Арванхоёрдугаар сарын 1-нд манай сургуулийн захирлын сонгон шалгаруулалт зарлагдсан байгаа юм байна лээ. Дараагийн захирал ирэхэд дээрх асуудлыг уламжлаад явах байх.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

“Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд төрийн албан хаагчид түүчээлэн ажиллахыг Ерөнхий сайд хүслээ
“Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд төрийн албан хаагчид түүчээлэн ажиллахыг Ерөнхий сайд хүслээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.