/2022.11.21/: Колорадо мужийн Колорадо Спрингс хотын ЛГБТК шөнийн клубт 22 настай зэвсэгт этгээд бямба гарагийн шөнө дунд гал нээж, таван хүний амийг хөнөөж, 25 хүнийг шархдуулсан байна.
Азаар тухайн гэмт этгээдийг уг бааранд үйлчлүүлж байсан үйлчлүүлэгчид нь зогсоосон гэж цагдаа нар мэдэгдэв.
Колорадо Спрингс хотын цагдаагийн дарга Адриан Васкезийн хэлснээр, К клубт гал нээсэн этгээдийг Андерсон Ли Олдрих гэдэг. Тэрээр буудахдаа урт буу ашигласан бөгөөд хэргийн газраас хоёр галт зэвсэг олдсон гэж хэлэв.
Клуб дотор байсан хоёр үйлчлүүлэгч зэвсэгт этгээдийг эсэргүүцэж тэмцэлдсэн бөгөөд ингэснээр илүү олон хүн хохирхоос сэргийлсэн гэж Васкес хэлэв.
Цагдаа нар халдлага нь үзэн ядалтын гэмт хэрэг мөн эсэхийг шалгаж байгаа бөгөөд К клуб нь ЛГБТ нийгэмлэгтэй холбоотой болохыг тэмдэглэсэн байна.
"К клуб бол манай ЛГБТ иргэдийн аюулгүй газар юм. Манай хотын иргэн бүр аюулгүй байдлыг мэдэрч, хохирохоос, доромжлуулахаас айхгүйгээр чөлөөтэй зугаалах эрхтэй" гэж цагдаагийн дарга мэдэгдэв.
К клубын зүгээс олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хийсэн мэдэгдэлдээ "Манай нийгэмлэг рүү хийсэн утгагүй дайралтанд маш их сэтгэлээр унаж байна" гэж хэлээд зэвсэгт этгээдийг эсэргүүцэж, дайралтыг зогсоосон баатарлаг үйлчлүүлэгчдэд талархал илэрхийлжээ.
Эх сурвалж: CNN