А.Долгион: Ардын хянан шалгах хороог дахин бий болгох хуулийн төслөө БУЦААН ТАТАХ хэрэгтэй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Долгион: Ардын хянан шалгах хороог дахин бий болгох хуулийн төслөө БУЦААН ТАТАХ хэрэгтэй

Зургийн эх сурвалж: Unread Today

/2022.11.7/ Өнгөрөгч баасан гарагт “Монголын үнэлгээний сүлжээ”-ний мэргэжилтнүүд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланд мэдэгдэл, УИХ-ын гишүүд, олон улсын байгууллага, иргэний нийгмийнхэн болон сэтгүүлчдэд уриалга хүргэсэн юм.

Мэдэгдэлд Гүйцэтгэх засаглалын хяналтын тухай хуулийн төслийг эсэргүүцэн, буцаан татахыг шаардсан байв. Бид учир шалтгааныг тодруулахаар ИНДЭР буландаа IRIM судалгааны хүрээлэнгийн зөвлөх А.Долгионтой ярилцлаа.

Мөн тэрбээр “Монголын үнэлгээний сүлжээ”-ний гишүүн.

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭГ ТОДОРХОЙГҮЙ, ХОЛИЛДСОН ЧИГ ҮҮРЭГТЭЙ БАЙГУУЛЛАГАТ ШИЛЖҮҮЛЭХ ГЭЖ БАЙНА

-Юун түрүүнд яагаад Гүйцэтгэх засаглалын хяналтын тухай хуулийн төслийг буцаан татах шаардлагатай гэж үзсэн талаараа тайлбарлахгүй юу?
-Бид өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд сайн, нээлттэй засаглал, ардчиллыг хөгжүүлэх гэж багагүй өөрчлөлт хийж, өнөөдрийг хүрсэн. Гэтэл энэ хуулийн төсөл нь төрийн албыг үзэл баримтлалын хувьд ухраасан алхам болох маш аюултай.

Энэ хуулийн төсөлд “Хяналт, шинжилгээ, үнэлгээ” гэсэн бүрэн тогтолцооноос зөвхөн “хяналт” гэдгийг нь авч үлдэхээр тусгажээ. Өөрөөр хэлбэл, манай сүлжээний ахмад гишүүдийн сануулж байсанчлан даргын шийдвэр эсвэл иргэдийн санал гомдлын дагуу зөрчил илрүүлдэг “Ардын хянан шалгах хороо” гэдэг шиг хууль болох нь.

Өнөөгийн байдлаар хяналт-шинжилгээ, үнэлгээг хариуцдаг байгууллага нь Засгийн газрын хэрэг эрхлэх газар. Гэтэл хуулийн төсөлд ЗГХЭГ биш тусдаа агентлаг байгуулаад бодлого, хөтөлбөрийн биш өөр төрлийн хяналт-шалтгалттай нийлүүлээд маш тодорхойгүй, холилдсон чиг үүрэгтэй байгууллагад шилжүүлэх гэж байна.

Мөн хуулийг гаргаж байгаа процесс нь ямар ч хэлэлцүүлэг байхгүй. Ямар ч судалгаа байхгүй, төслийн баримт бичиг зэргийг нь харахаар энд тэндхийн хууль журмуудыг нийлүүлж, холион бантан хутгасан төсөл өргөн барьжээ. Д.Амарбаясгалан сайд хэлэхдээ уг хууль нь төрийн хяналтын чиг үүргийн давхардлыг арилгаж цэгцэлнэ гэсэн мөртлөө уг хуулийн төсөлдөө чиг үүргийн шинжилгээ хийсэн эсэх, ямар баримт нотолгоонд суурилсан нь тодорхойгүй байна.

Аливаа ардчилсан нийгмийн үндэс суурь нь иргэний оролцоо, нээлттэй байдал байдаг, ялангуяа шийдвэр гаргахад. Гэтэл эдгээр зарчмуудыг үл хайхарсан ээлжит хуулийн төсөл болж байна.

-Үнэлгээг хуулийн төслөөс авч хаясны сөрөг тал нь бидэнд хэрхэн тусаж болох вэ?
-Жишээлбэл, Монгол Улс хөгжлийн бодлогын баримт бичгүүдээ үнэлдэг. Үнэлгээ нь судалгаа талдаа буюу “Бид юу алдав, юуг эргэж харах вэ” гэх мэт бодлогын чанартай, удирдлагын салшгүй нэг хэрэгсэл байдаг. Манай улсад үнэлгээний тогтсон систем төгс бий болчихоогүй ч, бүрэлдэн хөгжиж байна. Хяналт, шалгалт гэхээр манайхан юм л бол “Жагсаана, байр эзлүүлнэ,гүйцэтгэлийн оноо өгнө ” гэхчлэн эрэмбэ хөөцөлддөг. Одоо манайд байгаа сул тал бол хяналт-шинжилгээ хийхээр үр дүн нь 80, 90 хувьтай гараад л, тэрийг нь харахаар бид эрчимтэй хөгжөөд байгаа юм шиг харагдана. Гэтэл үнэн хэрэгтээ тийм биш гэдгийг бид бүгдээрээ мэднэ. Тэглээ гээд энэ бий болсон тогтолцоогоо тэр чигээр нь хуулийн төсөлд оруулсан шиг бусниулах нь буруу. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэдгийн адил алдаатай шийдвэр гэж үзэж байна.

Харин үнэлгээний онцлог нь үр дүн нь 5 хувь ч байж болно, гол зорилго нь суралцах байдаг. “Хөгжлийн бодлого нь анхнаасаа зөв байсан уу, хэрэгтэй байсан уу, хэрэгжилтэд юу нь болохгүй байна, үр дүн гарсан уу, урт хугацаандаа нөлөөтэй юу, хэнд үр дүн илүү хүрч, хэн оригдсон бэ” гэдгийг л үнэлгээгээр гаргах ёстой юм. Үнэлгээ бол бодлогын хэрэгсэл. Бодлогын үнэлгээ хийгддэг болсноор төрийн удирдлагад суралцах, хариуцлагыг нэмэгдүүлэх, иргэдийн мэдээлэл, оролцоо, эрх мэдлийг тэлэх, оноо хөөцөлдсөн биш жинхэнэ амьдралд хэрэгтэй бодлого хэрэгжүүлэх сэдлийг бий болох юм.

Гэтэл энэ хамгийн чухал төрийн удирдлагын арга хэрэгслээ хуулийн төслөөс авч хаяад, ганцхан хяналт шалгалт гэсэн бүр ухарсан ойлголтыг онцолчихоор юу болох нь ойлгомжтой байна.

-Гэхдээ Гүйцэтгэх засаглалын хяналтын тухай хуулийн төслийг харахаар хянаж шалгаад, шүүсийг нь шахаад, хэрэгжилтийг нь мөрдүүлээд бүхнийг сайжруулах юм шиг л санагдсан. Тийм биш үү?
-Харахад хяналт шалгалтыг сайжруулаад, төрийн албан хаагчдын ёс зүйн асуудлыг хянаж шалгаад, иргэдийн гомдолд шууд арга хэмжээ авна гээд, сүрхий хариуцлагатай болгох гээд байгаа юм шиг уншигдана.

Давхардсан олон хяналт шалгалтыг бууруулах гээд байгааг нь бодохоор өнгөц харахад дэмжмээр. Гэвч цаад агуулгыг нь өнгийгөөд харахад эрсдэлтэй, аюултай тал их байгаа. Жишээ нь хоёр үндэслэлээр шалгалт явагдах болох нь. Нэгдүгээрт, хууль дүрэм зэрэг тогтсон эрхзүйн хүрээнд тэд нь ягштал биелж байна уу гэдгийг хатуу хянана. Нөгөө талаас иргэдийн санал гомдлоор хяналт шалгалт явагдаж эхлэх нь. “Иргэн А-ийн гомдлын дагуу” гээд л. Иргэн А нь хэн ч юм, бүү мэд.

Өнгөрсөн долоо хоногт жишээ нь Үндсэн хуулийн цэцэд нэг иргэн өргөдөл гаргахад л, түүн дээр маргаан үүсгэж улмаар Үндсэн хуулийн зарчмын эсрэг процесс явчихаж байгаа юм. Тэгэхээр нөгөө төрийн бодлогын урт хугацааны залгамж холбоо, үр дүн гэдэг зүйл байхгүй, гомдлын мөрөөр богино хугацааны зөрчил хөөцөлдсөн болчихож байгаа юм. Социализмын үед иргэн Г-ийн мэдээллийн мөрөөр гэдэг байсан даа.

ҮНЭЛГЭЭ АРДЧИЛСАН НИЙГЭМД ИЛҮҮ ХӨГЖДӨГ

-Бусад улс орнуудад үнэлгээ нь ямар байдаг юм бэ?
-Үнэлгээ нь ардчилсан нийгэмд илүүтэй хөгждөг. Учир нь тухайн бодлого өөрөө оновчтой, зөв байсан уу гэдэг шүүмжлэлт, нээлттэй асуултыг тавьдаг учраас. Ардчилсан бус газар мониторинг буюу хяналт-шинжилгээ нь илүү сайн явна. Энд нэг зүйл сануулахад мониторинг нь үнэлгээнийхээ нэг хэсэг болдог гэвч уг хуулийн төсөлд хэрэглэгдэж буй гол нэр томъёо болох хяналт шалгалт нь хяналт-шинжилгээ ч биш бүр хяналт гэдэг байдлаар ойлгогдохоор байгаа. Хяналт-шинжилгээ буюу мониторинг нь бодлогын хэрэгжилт цаг хугацаандаа байна уу, үр ашигтай байна уу зэрэгт хариулдаг бол хяналт шалгалт нь удирдлагын хэлсний дагуу ажил явж байна уу гэдгийг шалгадаг, зөрчил илрүүлдэг гэсэн үг.

Үнэлгээ нь яагаад ардчилсан нийгэмд илүү хөгждөг гэхээр нээлттэй, ил тод байх, бусдыг оролцуулах, алдаанаасаа суралцах зэрэг зарчмууд нь өөрөө ардчиллын зарчмуудтай давхарддаг. Тухайн улс орон ардчилсан бус болох тусам үнэлгээ бүдгэрдэг.

Хятад, Мяньмар зэрэг оронд бидэн шиг мэргэжлийн, иргэдийн сайн дурын сүлжээ байхад маш хэцүү. ТББ байгуулъя гэвэл бөөн шахалт дарамт, шат дараалалтай, хяналттай. Гэтэл бид Монголдоо сайн дураараа нэгдэж, үйл ажиллагаа явуулах боломжтой, олон улсын байгууллагын гишүүн болчихсон, шүүмжлээд, мэдэгдэл гаргаад явж байгаа нь олзуурхууштай юм. Нөгөө талаасаа бид хаанахтай өөрсдийгөө харьцуулах ёстой юм бэ гээд харах хэрэгтэй л дээ. Хөгжингүй орнуудын хувьд үнэлгээнд маш өндөр ач холбогдол өгч институцлэгдэж байгаа.

-Тэгвэл сайн жишээ нь?
-
Өмнөд Солонгос, ХБНГУ-д 1960-аад оноос илүү үр ашигтай зарцуулалт, тавьсан зорилт ба биелэлт хоорондын зөрүүг шинжилдэг системийг нэвтрүүлж эхлээд энэ нь хөгжсөөр 2003-аад оноос хойш илүү үр дүн, үр нөлөөнд анхаардаг, төрийн удирдлагын бүх түвшин, салбарыг хамарсан “гүйцэтгэлийн үнэлгээний систем” болж тогтсон. Тэгэхээр МУ-ын хувьд эдгээр орны 1960-аад оны үетэй зэрэгцэж яваа, өдгөө үр ашиг, биелэлт ярьдаг болсон. Харин уг хуулийн төслийг баталснаар Өмнөд Солонгос, Герман зэрэг шиг хөгжлийн дараагийн шатанд гарах биш бүр ухарсан хэрэг болох гээд байгаа юм.

Бүтцийн хувьд үнэлгээний чиг үүрэг нь зарим улс оронд Сангийн яамтай, зарим нь Төлөвлөлт ба үнэлгээний яам, зарим нь манайх шиг Засгийн газрын хэрэг эрхлэх газар, зарим нь Статисиктайгаа хамт байдаг гэх мэт олон янз байдаг.

Олон оронд гол нь Үнэлгээний бодлогоо түрүүлж гаргаад аяндаа Үнэлгээний хууль батлах тохиолдол байна. Жишээ нь Непаль, Бутан зэрэг орнууд аль хэдийн өөрсдийн гэсэн үнэлгээний тусгай бодлоготой.

Манай улсад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын харъяанд дөнгөж эхэлж байтал, буцаагаад агентлагийн түвшинд аваачих нь. Тэгэхээр агентлаг үнэлгээ гаргалаа гэхэд яам тоохгүй болж, үнэлгээ нь үзэл баримтлалаас гадна цар хүрээний хувьд аажмаар орхигдоно. Хуулийн төслийг нь харахад л баахан хяналт шалгалт гэж явж явж байснаа дөнгөж гуравдугаар бүлгээс үнэлгээ гэж гарч ирж байна лээ. Ингэхдээ хяналт-шинжилгээ ба үнэлгээ гэсэн үндсэн ойлголтоо ойлгоогүй, хяналт-шалгалттай хольсон, зүгээр хүн гүйлгээд харахад байгаа юм шиг харагдахаар оруулсан байна лээ.

ӨНГӨЦ БОЛОВСРУУЛСАН МАШ ТҮҮХИЙ БӨГӨӨД АЮУЛТАЙ ХУУЛЬ БОЛОХ НЬ

-Монголын үнэлгээний сүлжээ гэдэг нь ямар учиртай байгууллага вэ?
-Энэ нь байгууллага биш олон салбарын үнэлгээний мэргэжилтнүүдээс бүрдсэн сайн дурын нэгдэл. Зорилго нь хөгжлийн үнэлгээний соёл, мэргэжлийн үнэлгээний чадавхыг Монголд бий болгох, хоорондоо мэдээлэл солилцох. Бид олон улсад үнэлгээний сайн дурын байгууллагыг төлөөлдөг. Дэлхийн IOCE гээд үнэлгээний шүхэр байгууллагын гишүүн, мөн Ази номхон далайн үнэлгээний холбооны гишүүн. Хүмүүс бүртгэлгүй, ТББ байж болдог уу гээд гайхаад байдаг юм. Манай гишүүд төрийн, олон улсын гэх мэт янз бүрийн байгууллагынх. Ерөнхийлөгч, захирал зэрэг албан тушаал байхгүй. Бүгд үнэлгээг хөгжүүлэх юмсан гэсэн нэг зорилготой сайн дурынхан.

-Хэрэв энэ хуулийн төслийг буцаан татлаа гэж бодоход цаашдаа ер нь үнэлгээг хөгжүүлэх тал дээр юу хийгээсэй гэж бодож байна вэ?
-Үнэлгээ нь одоо бол Засгийн газрын 2017 оны 89-р тогтоолын түвшинд явж байгаа. Цаашид ийм тодорхойгүй байдал гаргахгүй, үзэл баримтлал дээрээ тогтохын тулд юун түрүүнд Үнэлгээний талаарх бодлогоо гаргах хэрэгтэй. Бодлогоо гаргачихвал дараа нь иймэрхүү асуудал гарахгүй байх үндэс болох юм. Үнэлгээг бид цаашид авч хэрэгжүүлнэ, хөгжүүлнэ гэж бодож байгаа шүү гэсэн нэг алхам, олон улсад өгөх эерэг мэдээлэл болох юм. Үнэлгээг агентлагийн түвшинд битгий аваачаач ээ гэсэн бас нэг шалтгаан нь бид мэдэгдэлдээ онцолсны дагуу одоо байгаа хууль эрхзүйн орчинд Засгийн газар үйл ажиллагаандаа хангалттай хяналт шалгалт хийх, зөрчил арилгах боломж нь байгаа. Одоо байгаа хуулиа сайн хэрэгжүүлээч ээ, заавал шинээр хяналт шалгалтын хууль гаргах шаардлага ер нь байгаа юу гэж байгаа юм. Энэ нь Аудитын тухай хуультай яаж холбогдох вэ зэрэг чиг үүргийн шинжилгээ хийгдээгүй, одоо байгаа хуулийн хэрэгжилтдээ дүгнэлт хийгээгүй, зүгээр өнгөц боловсруулсан маш түүхий бөгөөд аюултай хууль болно. Олон улсад ардчилсан зарчмаас ухарч байна гэсэн дохио болно.

-Манай улсад үнэлгээ ер нь хэр байдаг вэ?
-Үнэлгээний институцжлэлийн хувьд үнэлгээ нь Засгийн газарт монголын төрийн процесст хэр нэвтэрсэн бэ гэдэг үнэлгээг хийсэн. Үнэлгээний гол үр дүн нь эхлэл шатандаа явж байгаа юм байна гэдэг дүгнэлт гарсан. Гэхдээ зарим оронд бол огт байхгүй шүү дээ. Үүнийгээ 7 ангилсан. Эрэлт хэрэгцээ, мэргэжлийн чадавх, стандарт /тогтоол ЗГ-ын 89-р тогтоол гэх мэт онолын дагуу хийгдсэн ажлууд гэсэн үг/, хэрэглээ, манлайлал байна уу гээд гаргасан. Эрэлт хэрэгцээ, мэргэжлийн чадавх, стандарт байна зэрэг нь болчихож байгаа юм. Өмнөх үеүдэд ч сургалтууд явагдаж байсан.

Сул тал нь хяналт шинжилгээ ба үнэлгээ гэдэг ойлголтыг хольж хутгаад байдаг гэдэг нь харагдсан. Монгол хяналт шинжилгээ гайгүй явж байгаа юм байна мониторинг гэдэг, үнэлгээн дээр хоцрогдолтой байна гэж гарсан. Дүгнэлт нь одоо төрийн систем тогтолцоо бий болсон бол үүнийгээ бэхжүүлж, хөгжүүлэн, үнэлгээнийхээ талаар ойлголт өгвөл боломж байна гэдэг дүгнэлт гаргасан. Нэлээн муу үнэлгээтэй гарсан нь нөөц буюу санхүүжилт төсөв байхгүй. Тариаланг дэмжих сан зэрэг хөтөлбөрүүд дээр үнэлгээ зүй ёсоороо хийгддэг байсан бол мэргэжлийн хүмүүс ажиллаад, төсөв санхүү тавиагдаад. Хөтөлбөрүүд улам бүр сайжраад яваад байх байсан. Хоёрдугаарт, улстөрийн манлайлал бага гарсан. Энэ үнэлгээг бид монголд байгаа хяналт шинжилгээ үнэлгээний ажилтнуудаас судалгаа авч, орон нутаг руу явж ярилцлага хийсэн. Нэлээн ул суурьтай судалгаа болсон.

-Ярилцлага өгсөнд баярлалаа.

Твиттер цэнхэр тэмдгийг 8 доллараар санал болгож эхэлжээ
Твиттер цэнхэр тэмдгийг 8 доллараар санал болгож эхэлжээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.